Хятад: Найм хоногийн хугацаанд дотооддоо 501 сая хүн аялжээ
Анд нөхдийн мэдээ
2025-02-10
Найман өдөр үргэлжилсэн Хятадын Шинэ жил буюу Сар шинийн баяраар тус улсын иргэд тогтсон уламжлал ёсоор дотооддоо тун идэвхтэй аяллаа. Тус улсын Соёл, аялал жуулчлалын яамнаас өчигдөр мэдээлснийг үзвэл, энэ хугацаанд Хятад даяар 501 сая хүн аялсан нь өмнөх оны мөн үеийнхээс 5.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болжээ. Аялагчдын гаргасан нийт зардал 677 тэрбум 200 сая юань болж өнгөрсөн оныхоос долоон хувиар өссөн байна. Мөн тус улсын хилээр 14 сая 366 мянган иргэн орж, гарсан нь 2024 оныхоос 6.3 хувиар нэмэгджээ. Эдгээрийн 7.6 сая нь эх газрын хятад иргэд, 5.7 сая нь Хонконг, Макао, Тайванийн оршин суугчид, 958 мянга нь гадаадын иргэд байсан бөгөөд үзүүлэлт тус бүр өнгөрсөн оныхоос дээд тал нь 22.9 хувиар өссөн байна. Хятадын хилээр энэ хугацаанд 525 мянган тээврийн хэрэгсэл орж, гарсан нь өнгөрсөн жилийн баярын мөн үеийнхээс 14.4 хувиар нэмэгдсэн үзүүлэлт ажээ.
Гэрэл зургийн эх сурвалж: "Global Times" сонин.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.