images

"Бельгид үйлдвэрлэв" гэсэн шошготой л бол Бельгийн шоколад гэсэн үг биш

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-02-10


   Бельги улсын шоколадны “Guylian” компанийн албаны хүн энэ брэндийн шоколадыг хуурамчаас нь ялгаж таних аргыг тайлбарлажээ. Түүний хэлснээр, Бельгийн Засгийн газраас олгодог шоколадны код (Chocolate Code)-ыг албан ёсоор авсан бүтээгдэхүүнд л "Бельгид үйлдвэрлэв" гэсэн тэмдэглэгээ хийдэг ажээ. Шоколадны код гэдэг нь тус улсын шоколадны брэндийг гадаадын компаниуд авч ашиглах, “Guylian” шоколадны нэр хүндэд сөргөөр нөлөөлөх чанарын асуудал үүсгэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2008 онд Бельгийн Аж үйлдвэрийн холбооноос гаргасан журам юм. Энэхүү журмын дагуу шоколадыг холих, найруулах, цэвэршүүлэх үйл явц тус улсад хийгдсэн тохиолдолд л бүтээгдэхүүний нүүрэн талд "Belgian chocolate" эсвэл "Made in Belgium" тэмдэглэгээ хийхийг зөвшөөрдөг. Эдгээр шаардлагыг хангаагүй зарим үйлдвэрлэгч хоёрдмол утгатай шошго нааж хэрэглэгчдийг мэхлэх явдал цөөнгүй гардаг ажээ. Тухайлбал зарим үйлдвэрлэгч шошгон дээрээ "Belgium 19XX" гэсэн тэмдэглэгээ хийж хэрэглэгчдийг төөрөлдүүлсэн байна.

   “Guylian” компани брэнд бүтээгдэхүүнийхээ чанар, үнэ цэнийг хадгалахын тулд өнгөрсөн 68 жилийн турш, зардал багатай Зүүн Европын хөрш зэргэлдээ орнууд руу үйлдвэрээ нүүлгэлгүй оршин тогтносоор ирсэн юм. “Guylian” брэндийг 1958 онд Синт-Никлаас хотын иргэн, шоколадны мэргэжилтэн Ги Фүбэр (1938-1986) үүсгэн байгуулжээ. Тэрбээр эхнэр Лилиан болон өөрийнхээ нэрийг нэгтгэн “Guylian” хэмээх нэр бий болгосон бөгөөд нэгэн удаа далайн эрэг дээр амарч байхдаа хясаа хараад санаа төрснөөр "Seashell" шоколадаа бүтээн дэлхийд алдаршуулжээ. Тэрбээр гантиг чулуу маягийн хээтэй шоколадны дотор талыг самартай хольсон шоколадны зуурмаг болох пралинаар дүүргэсэн нь ийн алдаршсан юм. Үйлдвэрийн байр нь Синт-Никлаас хотод байрладаг, долоон хөлбөмбөгийн талбайтай тэнцэх газар буюу 7140 м2 талбайг эзэмшдэг бөгөөд эндээс “Бельгид үйлдвэрлэв” гэсэн бүтээгдэхүүнийг гаргаж эдүгээ дэлхийн 160 гаруй оронд экспортолж байна. “Guylian” компани өнөөдөр үйлдвэрээ бүрэн автоматжуулж, самар хуурахаас эхлээд бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, савлах, тээвэрлэх хүртэлх бүх үйл явцыг робот зэрэг автомат төхөөрөмжөөр гүйцэтгэдэг болжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.