Африк тивийн арлын орнуудыг хэр сайн мэдэх вэ?
Анд нөхдийн мэдээ
2025-02-10
Африк тивийн 54 орноос зургаа нь арлын улс юм. Үүнээс Энэтхэгийн далайд дөрөв, баруун Атлантын далайд хоёр орон байдаг ажээ. Тэдгээрийн дотроос Мадагаскар бол дэлхийн дөрөв дэх том арал юм. Төрөл бүрийн ургамал, ан амьтнаар баялаг энэ арал нэгэн цагт "Элбэг баян нутаг" гэгдэж байсан бол эдүгээ Африкийн хамгийн ядуу орны нэг болжээ. Эндхийн оршин суугчид уур амьсгалын өөрчлөлт, ган гачгийн улмаас жил бүр хүнсний хомсдолд орж байна. Мөн Мадагаскар, Мозамбик хоёрын хоорондох хоолойд Комор хэмээх жижиг арлын улс бий. Комор улс нь дөрвөн арал дамжин орших бөгөөд Гранд Комор, Мохели, Анжуан арал Коморыг бүрдүүлдэг бол үлдсэн нэг арал нь Францын хилийн чанад дахь нутаг дэвсгэр гэж тооцогддог ажээ. Коморын арлуудын нийт хүн ам 870 мянга орчим.
Харин Африк тивийн хамгийн жижиг улс бол Сейшелийн арлууд юм. Газар нутаг нь нийтдээ 460 км2 хэмжээтэй. Сейшелийн БНУ мөн хэд хэдэн арлаас бүрддэг бөгөөд төв нь болох Махе арал 100 мянга орчим хүн амтай. Үзэсгэлэнт наран шарлагын газруудаараа алдартай Сейшелийн арлууд нь аялагчдын хамгийн их зорьж очдог газрын нэг юм. Үүнээс илүү алдартай газар бол Мадагаскараас зүүн тийш 750 км зайд орших Маврикий арлын улс юм. Зохиолч Марк Твен "Бурхан эхлээд Маврикийг бүтээж, дараа нь диваажинг бий болгожээ" гэсэн үгээр энэ нутаг ихэд алдаршсан бөгөөд байгалийн үзэсгэлэнт газруудаараа гайхагддаг. Маврикий улс 1.3 сая хүн амтайн 68 хувь нь энэтхэг гаралтай байдаг нь Их Британийн колоничлолын үед энэтхэгчүүд олноор шилжин суурьшсантай холбоотой юм.
Их Британийн “Queen” хамтлагийн гоцлол дуучин Фрэдди Меркюүригийн төрөлх нутаг болох Занзибар арал нь Энэтхэгийн далайд оршдог боловч тусгаар тогтносон арлын улс биш, Танзанийн автономит нутаг юм. Харин Африк тивийн харьяаны Атлантын далайд Сан-Томе Принсипи буюу албан ёсоор Бүгд Найрамдах Ардчилсан Сан-Томе Принсипи улс болон Кабо-Верде гэсэн хоёр арлын улс оршдог. Энэ хоёр улс 1975 онд Португалын колоничлолоос салж тусгаар тогтнолоо зарлажээ. Нөгөөтээгүүр, Наполеон Бонапарт цөлөгдөж суусаар өөд болсон Гэгээн Елена арал нь мөн Өмнөд Атлантын далайд оршдог боловч тусгаар тогтносон улс биш, Их Британийн харьяанд байдаг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.