Холливүүдийн жүжигчин Ричард Гир ерөнхийлөгч Д.Трампыг “дээрэмчин” гэв
Анд нөхдийн мэдээ
2025-02-11
Холливүүдийн жүжигчин Ричард Гир АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг "дээрэмчин", "танхай этгээд" гэх зэргээр нэрлэсэн нь маргаан үүсгээд байна. Тэрбээр өнгөрсөн 8-ны өдөр Испанийн кино урлагийн шагнал гардуулах ёслолд оролцож, "Насан туршийн амжилт"-ын шагналыг гардан авах үеэрээ "Би дээрэмчин ерөнхийлөгчтэй үл бүтэх орноос ирсэн хүн байна. Бид авторитаризмаас зайгаа барьж, зоригтой байх ёстой" хэмээн хэлжээ. Улмаар "Хариуцлагагүй, авлигад идэгдсэн баячууд одоо Америкт бүгдийг атгаж байна” гэсэн бөгөөд энэ нь Д.Трампыг тойрон хүрээлсэн тэрбумтнууд, тухайлбал “Tesla” компанийн гүйцэтгэх захирал Илон Маск, “Amazon”-ыг үүсгэн байгуулагч Жэфф Бэзос, “Meta” компанийн захирал Марк Зукерберг нарыг хэлсэн болохыг хэвлэлүүд онцолж байна. Харин үүний дараа Д.Трампыг дэмжигчид Р.Гирийг шүүмжилжээ. 2019 онд зуу гаруй африк цагаач тээвэрлэсэн хөлөг онгоцыг Италийн эрх баригчид Газар дундын тэнгис рүү нэвтрэхийг зөвшөөрөөгүйгээс болж дүрвэгсэд далайд гацсаны дараа Р.Гир тэднийг өмөөрч, эрх баригчдыг хатуу шүүмжилсэн юм. Д.Трампыг дэмжигчид түүний энэ үйлдлийг сөхөн "Хууль бус цагаачлалыг дэмжигч", "Та 10 сая долларын үнэтэй байшиндаа дүрвэгчид орогнуулах уу?" гэх зэргээр хэлсэн байна. Р.Гир 2018 онд испани бүсгүй Алехандра Сильватай гэрлэж хүү, охин хоёр төрүүлсэн бөгөөд өнгөрсөн жил эхнэрийнхээ төрсөн хот Мадридад нүүж ирсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.