images

Улаанбаатараас Ташкент руу шууд ниснэ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-02-11


   Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаан өнгөрөгч баасан гарагт Ташкент хотод боллоо. Хуралдаанд Монголын талыг Шадар сайд С.Амарсайхан, Узбекистаны талыг Ерөнхий сайдын орлогч Ж.Хожаев ахалж оролцжээ. Тэд хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, тээвэр, логистик, боловсрол, соёл, хүмүүнлэг зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай ярилцсан байна. Өнгөрсөн онд ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус улсад айлчлахад тохирсон ажил эхнээсээ биелж 100 мянган хонь нийлүүлэх ажил эхэлсний зэрэгцээ нэг жилийн дотор хоёр улсын худалдааны эргэлт 50 хувиар өсчээ. Талууд Узбекистанд Монголоос нийлүүлдэг арьс, шир, ноос, ноолууран бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, “Узбекистанд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг энэ онд Улаанбаатарт зохион байгуулахаар тохирсон байна. Түүнчлэн Улаанбаатар-Ташкент чиглэлийн хуваарьт нислэгийг энэ оны хоёрдугаар хагаст үйлдэж эхлэхээр болов. Харин “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Узбекистаны “Ногоон орон зай” төсөлтэй уялдуулан хэрэгжүүлж тус улсын жимс, жимсгэнийн модны суулгацыг Монголын говьд тарих, “Монгол, Узбекистаны найрамдлын цэцэрлэгт хүрээлэн” байгуулах асуудлыг судлахаар болжээ. Хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дараа болсон бизнес уулзалтад Монголын 50, Узбекистаны 80 гаруй бизнес эрхлэгч оролцсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.