Их Британи: Нисгэгчийн бие муудсанаас болж онгоц ослын буулт хийжээ
Анд нөхдийн мэдээ
2025-02-12
Их Британийн “EasyJet” компанийн EZY-2252 онгоц өнгөрсөн 8-ны өдөр Египетийн Хургада хотоос Английн Манчестер хотыг чиглэн нисч явах үед онгоцны даргын бие муудан ухаан алдаж унасан байна. Энэ үед туслах нисгэгч онгоцны удирдлагыг гартаа авч Грекийн Афин хотод ослын буулт хийсэн аж. Онгоц буусан даруйд нисгэгчийг эмнэлэгт яаралтай хүргэсэн бөгөөд одоогоор биеийн байдал нь хэвийн байна. Тухайн үед онгоцонд сууж явсан нэгэн зорчигч Их Британийн “Manchester Evening News” сонинд өгсөн ярилцлагадаа "Онгоц хөөрөөд хоёр цаг орчим өнгөрсөн хойно үйлчлэгч ихэд сандарсан байдалтайгаар нисгэгчийн бүхээгийн зүг гүйж одохыг хараад ямар нэгэн зүйл болсныг гадарласан” гэжээ. Харин нислэх багийнхан нисгэгчийн бие муудсаныг дуулгаж, зорчигчид дунд эмч байгаа эсэхийг асуужээ. Дараа нь онгоц ослын буулт хийх болсныг мэдэгдээд, зорчигчдыг тайван байхыг хүссэн байна. Өөр нэгэн зорчигчийн ярьснаар Афинд онгоц нэлээд ширүүн буужээ. “EasyJet” компани онцгой нөхцөл байдал үүссэний улмаас онгоцыг аюулгүй буулгасан болохоо мэдэгдээд “Зорчигчдод төвөг учруулсанд хүлцэл өчье. Нислэгийн багийн зөвлөсний дагуу тайван байж, ойлгож хүлээж авсанд баярлалаа” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.