Байгаль орчны салбарын зарим тусгай зөвшөөрлийн журмыг цуцална
Чихэнд чимэгтэй
2025-02-12
Засгийн газраас ирэх УИХ-ын хаврын чуулганаар хэд хэдэн хуулинд өөрчлөлт оруулахаар зэхэж байгаагийн дотор Зөвшөөрлийн тухай хууль багтаж буй билээ. Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногт Зөвшөөрлийн зөвлөлийг хуралдуулж, захиргааны хэм хэмжээгээр тогтоосон 122 журам, актыг энэ сарын 11-ний дотор хүчингүй болгохыг холбогдох албаныханд даалгасан юм. Тэгвэл Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас тусгай болон энгийн зөвшөөрөлтэй холбогдох 10 журмыг хүчингүй болгох албан бичгийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлснээ мэдэгдлээ. Ингэснээр байгаль орчны тусгай болон энгийн зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэхтэй холбоотой журам цаашид хэрэгжихгүй ажээ. Өөрөөр хэлбэл, эрх олгох, дүгнэлт гаргах, тавигдах шаардлага, бүрдүүлэх баримт бичиг зэрэг зөвшөөрлийн шинжтэй захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгож, улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах юм байна. Тухайлбал, "Ойн мэргэжлийн байгууллагын ажиллах", "Ойгоос мод бэлтгэх", "Ойн болон байгалийн нөөц ашигласны төлбөрийн хэмжээ", "Амьтныг амьдаар нь болон амьтны гаралтай түүхий эд, судалгааны ажлын сорьц дээжийг гадаад улсад гаргах болон оруулах", "Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих", "Мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ" зэрэг журмуудад өөрчлөлт орно. Цуцалсан журмын дэлгэрэнгүй жагсаалтыг салбар яам удахгүй танилцуулах ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.