images

Оросын хамгийн баян эмэгтэй нөхрөөсөө салжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-02-12


   "Wildberries" компанийг үүсгэн байгуулагч, Оросын хамгийн баян эмэгтэй Татьяна Ким нөхрөөсөө салснаа “Telegram” хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Түүний нөхөр Владислав Бакальчук ч мөн цахим хуудсан дээрээ Оросын нэгэн дуучны “Би тэнгэрт нисэж буй шувуу шиг эрх чөлөөтэй” гэсэн утгатай дууг нийтэлж, эхнэрээсээ салсан тухайгаа мэдэгдсэн байна. Солонгос гаралтай Татьяна Ким бол 2004 онд үүсгэн байгуулсан “Wildberries” компаниа Оросын хамгийн том цахим худалдааны талбар болтол өргөжүүлсэн авьяаслаг бизнесмэн юм. Т.Ким компанийнхаа 99 хувийг, харин нөхөр нь дөнгөж нэг хувийг эзэмшдэг байсан бөгөөд тэд "Wildberries"-ийг Оросын гадаад сурталчилгааны хамгийн том компанитай нэгтгэх асуудлаас болж зөрчилдсөн гэдэг. Улмаар өнгөрсөн долоодугаар сард Т.Ким салах өргөдлөө өгсөн бөгөөд В.Бакальчук түүнээс компанийн хувьцааны талыг нэхэмжилсэн юм. Эхнэр, нөхөр хоёрын зөрчил эцэст нь дайсагнал болж, өнгөрсөн оны есдүгээр сард тэдний хөлсөлсөн хамгаалалтын албаны ажилтнуудын хооронд буудалцаан болж нэг хүн амиа алдсан билээ. 22 жил ханилсан Т.Ким, В.Бакальчук ​​нар долоон хүүхэдтэй бөгөөд гэр бүлээ цуцлуулахад хүүхдүүд ээж дээрээ үлдэж, харин В.Бакальчук насанд хүрээгүй таван хүүхдэдээ сар бүр 41 мянган рублийн тэтгэмж төлөх болсон байна. “Wildberries” компани 2023 онд 27 тэрбум долларын борлуулалт хийсэн бөгөөд “Forbes Russia” сэтгүүлийн мэдээлснээр Т.Ким өнгөрсөн онд 7.2 тэрбум долларын хөрөнгөтэйгөөр Оросын хамгийн баян эмэгтэйчүүдийг тэргүүлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.