Даничууд Америкийн Калифорниа мужийг “худалдаж авна”
Анд нөхдийн мэдээ
2025-02-13
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Гренландыг авах бодолтой байгаагаа илэрхийлсний хариуд тус арлыг албан ёсоор эзэмшдэг Дани улсад "Калифорниа мужийг худалдаж авъя" нэртэй цахим эсэргүүцэл өрнөжээ. Нэг триллион доллар цуглуулж, АНУ-ын хамгийн олон хүнтэй, эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болох Калифорниа мужийг худалдан авах тухай хошигнол маягийн энэ хөдөлгөөн Данийн олон нийтийн анхаарлыг татаж байна. Д.Трампын санаархлыг шоолж элэглэсэн энэхүү хөдөлгөөнд 200 мянга гаруй хүн нэгдэж гарын үсэг зурсан байна. Хөдөлгөөнийг зохион байгуулагчид тусгай сайт ажиллуулж, дэмжигчдээр маягт бөглүүлж байгаа бөгөөд "Газрын зураг хараад та Дани улсад юу хэрэгтэй талаар бодож байсан уу? Илүү их нарны гэрэл, далдуу мод, дугуйт тэшүүртэй болох тухай бодол төрж байсан уу? Тэгвэл энэ мөрөөдлөө биелүүлэх ганц боломж бидэнд байна. Юу гэвэл Дональд Трампаас Калифорниа мужийг худалдаж авъя” гэсэн хошин асуултыг маягтад бичсэн байна. Мөн "Хэрэв Калифорниа мужийг авбал Диснейлэндийн нэрийг дэлхийд алдартай Данийн үлгэрийн зохиолчийн нэрээр “"Hans Christian Andersen Land” болгон өөрчилнө" гэх зэргээр хошигножээ. 500 мянган хүнээр бөглүүлэх зорилготой уг маягтыг 200 гаруй мянган хүн бөглөсөн байна. Д.Трамп 2019 онд анхны бүрэн эрхийн хугацаандаа Гренландыг худалдаж авахыг санал болгож байсан бөгөөд дахин сонгогдсон даруйдаа "Үндэсний аюулгүй байдал, дэлхийн эрх чөлөөний төлөө бид Гренландыг эзэмшиж, хяналтдаа байлгах хэрэгтэй" гэсэн юм. Хойд мөсөн далайд оршдог, дэлхийн хамгийн том арал болох Гренланд нь газрын тос, хий, газрын ховор элемент зэрэг байгалийн нөөцөөр баялаг бөгөөд дэлхийн дулаарлын улмаас мөсөн голууд хайлахад хүрвэл Хойд туйлын далайн тээврийн гол байршил болно гэж мэргэжилтнүүд үздэг. Харин Данийн ерөнхий сайд Метте Фредериксен өнгөрсөн сард Гренландыг худалдахгүй гэдгээ шулуухан хэлсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.