Гурван эхнэртэй япон эр хамгийн олон хүүхэдтэй аав болохыг мөрөөддөг
Анд нөхдийн мэдээ
2025-02-13
Гурван эхнэртэй нэгэн эр сүүлийн үед Японы цахим орчинд ихэд алдаршиж байгаа тухай “South China Morning Post” сонин мэдээлэв. Хоккайдо мужийн иргэн, 36 настай Рюта Ватанабэ анх санхүүгийн хувьд эхнэрүүдээсээ бүрэн хамааралтай байжээ. Тэрбээр цэвэрлэгч, үйлчлэгч зэрэг 20 гаруй төрлийн ажил хийж үзсэн ч нэг ажилд хамгийн удаан нь нэг сар л ажилласан байна. Тогтвортой ажил төрөлгүй явсаар өдийг хүрсэн Р.Ватанабэ өнгөрсөн оны хоёрдугаар сард цахим сүлжээнд нөлөөлөгч болох алхам хийж үзжээ. Ингээд цахим хаяг нээн хувийн амьдралаа олонд дэлгэж, гурван эхнэртэй гэдгээ ч ний нуугүй үзүүлснээр хэдхэн сарын дотор цахим орчинд танил болж, сард нэг сая гаруй иенийн орлого олдог болсон байна. Түүгээр ч үл барам хувийн компани байгуулсан бөгөөд удахгүй хувцас болон гоо сайхны бүтээгдэхүүний дэлгүүр нээхээр болжээ. Тус улсад олон эхнэр авахыг хуулиар хориглодог ч тэрбээр гэрлэлтээ батлуулахгүйгээр гурван эхнэр, дөрвөн хүүхэдтэйгээ амьдарч байгаа бөгөөд одоо гурав дахь эхнэр нь жирэмсэн, ихэр хүүхэд тээж байгаа аж. Эхнэрүүдээс гадна Р.Ватанабэд хэд хэдэн найз бүсгүй байдаг гэнэ. Өмнө нь нэг дор 16 эмэгтэйтэй уулздаг байсан Р.Ватанабэ Японы хамгийн олон хүүхэдтэй аав болохыг мөрөөддөг байна. Тэрбээр 27 татвар эмээс 53 хүүхэд төрүүлсэн Японы шёогүн Токүгава Иэнаригийн амжилтыг эвдэхийг хүсдэг гэдгээ хэвлэлийнхэнд хэлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.