images

Өмнөд Солонгос: Хуасон хотын гадаад ажилчид эмнэлэгт үнэ төлбөргүй үзүүлж болно

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-02-13


   Өмнөд Солонгосын Кёнги аймгийн Хуасон хотын захиргаа, тус хотын эрүүл мэндийн үйлчилгээний сайн дурын нэгдлийнхэн хамтран гадаад ажилчид болон тэнд оршин суудаг олон соёлын буюу гадаад гэр бүлүүдэд (эхнэр, нөхөр хоёр өөр өөр улсын иргэн байх) тодорхой өдрүүдэд эрүүл мэндийн тусламж үнэ төлбөргүй үзүүлэхээ зарлалаа. Тэд энэ онд хоёрдугаар сарын 23, дөрөвдүгээр сарын 20, зургаадугаар сарын 15, наймдугаар сарын 17, аравдугаар сарын 19-нд буюу нийт таван удаа үнэгүй тусална. Энэ өдрүүдэд үйлчлүүлэгчид ерөнхий болон үе мөч, эмэгтэйчүүд, шүд зэрэг төрөл бүрээр мэргэшсэн эмч нарт үзүүлэх, сэтгэцийн эрүүл мэнд, физик эмчилгээний тусламж авах, эм бичүүлэх, авах боломжтой. Харин дээрх үйлчилгээг “Dongtan City Hospital”, “Wonkwang General Hospital”, “Korean Physical Therapy Association”, “Hwaseong Pharmaceutical Association” болон Хуасон хотын баруун талаар байршилтай нийтийн эрүүл мэндийн төвүүд болох 17 байгууллага үзүүлэх ажээ. Энэ талаар тус хотын захирагч Жон Мён Гүн “Хуасон хот 1.04 сая оршин суугчаа эрүүл, аз жаргалтай амьдруулахын тулд хамгийн сайнаараа ажиллана. Бид гадаад ажилтан зэрэг нийгмийн эмзэг бүлгийнхнийг эрүүл мэндийн үйлчилгээний гадуур орхихгүй” гэжээ. Иймд тус хотод албан ёсоор ажиллаж амьдардаг монголчууд дээр дурдсан өдрүүдэд үнэ төлбөргүй эмнэлэгт үзүүлж болно.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.