АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, Владимир Путин, Владимир Зеленский нартай утсаар ярьжээ
Анд нөхдийн мэдээ
2025-02-13
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Украины ерөнхийлөгч Владимир Зеленский нартай утсаар ярьжээ. Тэрбээр В.Путинтэй нягт хамтран ажиллах, харилцан айлчлах талаар тохиролцсон бөгөөд "Хоёр талын ажлын хэсэг байгуулж нэн даруй хэлэлцээ эхлүүлэхээр тохиролцсон" гэж мэдэгдэв. Д.Трамп, В.Путин нар утсаар 1 цаг 30 минут орчим ярилцсан болохыг ОХУ-ын төрийн мэдлийн ТАСС агентлаг онцолжээ. Д.Трампын сонгуулийн кампанит ажлынхаа үеэр хэрэглэж байсан уриа лоозонгуудын нэг болох "Эрүүл саруул ухаан" гэсэн үгийг В.Путин эш татаад "Бид ч бас үүнд итгэдэг" гэснийг ТАСС уламжилсан байна. Улмаар В.Путин “Бид хоёр орныхоо агуу түүхийг бахархан дурсаж, Дэлхийн II дайнд хамтдаа амжилттай тулалдаж ялалт байгуулсныг эргэн дурслаа. Хамтарснаараа ямар их амжилтад хүрч байсныг бидний хэн хэн нь мэднэ” гэжээ. Д.Трамп Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Вальц, Ерөнхийлөгчийн тусгай элч Стивен Уиткофф нарт хэлэлцээрийн багийг удирдахыг даалгасан байна. ОХУ-д хар тамхины хэргээр хоригдож байсан АНУ-ын иргэн Марк Фогель өчигдөр суллагдаж эх орондоо ирсэн бол мөнгө угаасан хэргээр АНУ-д хоригдож байсан Оросын иргэн Александр Винник мөн суллагдсан тухай “The Wall Street Journal” сонин мэдээлжээ. Д.Трамп В.Путины дараа В.Зеленскийтэй ярьсан бөгөөд "Хүн бүхэн энх тайвныг хүсч байна" гээд, дайныг даруй дуусгах дипломат ажиллагааг яаравчлуулахаа мэдэгдсэн байна. Одоо Европт айлчилж байгаа АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Вэнс В.Зеленскийтэй уулзаж, эвлэрэх хэлэлцээрийн талаар ярилцахаар болсон бол Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролайн Левитт “В.Зеленский ч мөн В.Путины нэгэн адил энх тайвныг хүсч байна” хэмээн хэлснийг “The Wall Street Journal” сонин эш татжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.