images

Канад: Онгоцны ослоос бүх зорчигч эсэн мэнд гарчээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-02-19


   Өнгөрсөн 17-ны өдөр Канадын Торонто хотын нисэх буудалд газардах үедээ хөмөрсөн Delta Airlines компанийн онгоцонд зорчиж явсан 80 хүн бүгд эсэн мэнд гарчээ. Дүрс бичлэгээс харахад онгоц буудлын хөөрөх зурваст газардах үедээ зам халтиргаатай байснаас гулсаж явсаар удалгүй хөмөрч бүтэн эргэсэн бөгөөд онгоцны сүүл хэсэг нь шатаж эхэлсэн байна. Аврах багийнхан шуурхай ажиллаж галыг унтраан 80 зорчигчийг нүүлгэн шилжүүлжээ. Үүнээс 21 зорчигч хөнгөн гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд хоёр зорчигчоос бусад нь анхан шатны тусламж авч эмнэлэгээс гарчээ. "The Washington Post" (WP) сонины мэдээлснээр, аюулгүй байдлыг сайтар хангасан онгоцны дотоод бүтэц болон аврах багийнхан шуурхай ажилласны ачаар ослоос хохирол багатай гарсныг шинжээчид онцолжээ. Зорчигчид бүгд хамгаалах бүсээ зүүж явсны ачаар эсэн мэнд гарсныг мөн дурдсан байна. Энэ талаар зорчигч Пит Карлсон Канадын CBC News телевизэд өгсөн ярилцлагадаа, бүтэн хөмөрч уруугаа харсан онгоцон дотор аврах багийнхан ирэх хүртэл хамгаалалтын бүснээсээ дүүжлэгдэж байсан тухайгаа ярьсан байна. Бусад зорчигчид ч ийм утгатай зүйл хэлжээ. Нөгөө талаар зорчигчдыг нүүлгэн шилжүүлэхэд үйлчлэгч нар дүрмийн дагуу, маш шуурхай ажилласныг тэмдэглэв. Тухайлбал, зорчигчдыг тайван байлгах үүднээс онгоцны үйлчлэгч нар маш энгийн байдлаар "Одоо суудлын бүсээ тайлаарай" гэх мэт зааварчилгаа өгч байсан аж. Нэгэн үйлчлэгч "Хүмүүс айж сандарсан үедээ юу хийхээ мэдэхээ больчихдог. Тийм үед энгийн зааварчилгаа хамгийн хэрэгтэй байдаг” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.