Сансрын биет дэлхий дээр унах магадлал гурав дахин нэмэгдэв
Анд нөхдийн мэдээ
2025-02-20
2024 YR4 хэмээх дугаартай сансрын биет буюу астероидын дэлхийтэй мөргөлдөх магадлал хоёр дахин нэмэгдсэнийг АНУ-ын NASA агентлаг өчигдөр зарлалаа. Нээгдээд удаагүй энэ биетийг NASA “аюултай” ангилалд оруулсан бөгөөд 2032 оны 12 дугаар сард дэлхийтэй мөргөлдөх магадлалтай гэж тооцоолсон юм. Анх 1 хувь хэмээн үзэж байсан энэ магадлал хоёр долоо хоногийн өмнө 2.3 болсон бол сүүлийн үеийн тооцооллын үндсэн дээр 3.1-д хүрчээ. Space.com сайтын бичсэнээр, сансрын биет дэлхийтэй мөргөлдөх магадлалыг хэмждэг Турины шаталбараар энэ нь харьцангуй бага хувь боловч эрдэмтэд уг биетийн хөдөлгөөнийг анхааралтай ажиглаж байгаа юм.
2024 оны 12 дугаар сарын 27-нд Чилийн нутагт байдаг ATLAS (Asteroid Terrestrial-impact Last Alert System) ажиглалтын системийн илрүүлсэн 2024 YR4 астероидыг хэмжээний хувьд 40-90 метр өргөнтэй хэмээн үзэж байгаа ажээ. Энэ нь 1908 онд дэлхийд унасан Тунгусын солиртой ойролцоо хэмжээ бөгөөд учруулж болох хохирол нь ноцтой гэсэн үг юм. Хүн төрөлхтний түүхэнд иймэрхүү үзэгдлийн хамгийн том жишээ болж тэмдэглэгдсэн Тунгусын солир азаар хүн бараг суудаггүй Оросын зэлүүд нутагт унасан билээ. Солир унаснаар 50 сая тротиллтой тэнцэх дэлбэрэлт үүсч, эргэн тойрных нь 2150 кв/м талбайд 80 сая ширхэг мод унаж шатан, гурван хүний амь үрэгдсэн түүхтэй.
Гэрэл зургийн эх сурвалж: euronews.com
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.