Монголоос Оманд мах экспортлох талаар ярилцжээ
Чихэнд чимэгтэй
2025-02-20
Оман улсад айлчилж буй Монгол улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тус улсын Худалдаа, аж үйлдвэр, хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн сайд Кайс Мухаммад Аль-Юсефтай өчигдөр уулзжээ. Уулзалтын үеэр Монгол улсаас Оман руу мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолууран бүтээгдэхүүн экспортлох бололцооны талаар санал солилцсон байна. Улмаар хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд Монгол, Оманы Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны байнгын механизмыг ойрын үед байгуулахаар болжээ. Сайд Б.Батцэцэг мөн хоёр орны бизнес эрхлэгчдийн хооронд хамтын ажиллагааг эхлүүлэх хүрээнд хөрөнгө оруулалтын хамтарсан сан байгуулах саналыг тавьсан байна. Хоёр орон уул уурхай, хөрөнгө оруулалт, эрчим хүч, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг сайд Кайс Мухаммад Аль-Юсеф тэмдэглэжээ. Түүнийг энэ онд Улаанбаатарт болох Монголын эдийн засгийн форумд оролцохыг сайд Б.Батцэцэг мөн урьсан байна.
Арабын Швейцар гэгддэг, газрын тосны баялаг нөөцтэй Оман улс 5.2 сая хүн амтай бөгөөд нэг хүнд ногдох үндэсний нийт бүтээгдэхүүн нь 2023 оны байдлаар 21,265 ам.доллар байна. Тус улс газрын тос, байгалийн хий, химийн бүтээгдэхүүн, хуванцар экспортлон, гадаадаас гол төлөв шатахуун, төмрийн хүдэр, автомашин худалдан авдаг. Оманчууд хонь, ямааны махыг нэлээд их хэрэглэдэг бөгөөд 2023 онд хилийн чанадаас 64 сая ам.долларын хонь, ямааны нойтон болон хөлдөөсөн мах авчээ.
Гэрэл зургийн эх сурвалж: mfa.gov.mn
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.