images

Украинд олзлогдсон солонгос цэргийг хүлээж авахад бэлэн байгаагаа Сөүл мэдэгдлээ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2025-02-20


   Украинд байлдаж байгаад олзлогдсон солонгос цэргүүдийг Өмнөдөд очих хүсэлтэй бол хүлээн авахад бэлэн байгаагаа Сөүл өчигдөр мэдэгдлээ. “Үндсэн хуульд зааснаар Хойд Солонгосын цэргүүд бол манай улсын иргэд болох бөгөөд хувь хүний сонголтыг хүндэтгэн үзэх нь олон улсын хууль журамд бүрэн нийцнэ” гэж Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яамны өчигдөр гаргасан мэдэгдэлд цохон тэмдэглэжээ. Украины тал саяхан Оросын Курск мужид Хойд Солонгосын хоёр цэргийг олзолсноо зарлахын зэрэгцээ украин цэргүүдийг Оросын олзноос суллуулахад Пёньян хүчин чармайлт гаргавал тэрхүү хоёр цэргийг солилцоогоор буцаан өгөхөд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Мөн Курск мужид Хойд Солонгосын 4000 цэрэг алагдаж, шархадсан хэмээн Украины ерөнхийлөгч В.Зеленский мэдэгдсэн боловч энэ тоо баримтаар хараахан нотлогдоогүй байгаа билээ. 

   Украинд олзлогдсон солонгос цэрэг Сөүлээс улс төрийн орогнол хүсэх бодолтой байгаагаа хэлсэн ярилцлага Өмнөд Солонгосын “Chosun Ilbo” сонинд гарсны дараа тус улсын Гадаад хэргийн яам мэдэгдэл гаргасан нь энэ юм. Нэрээ хэлээгүй Украины албаны хүн “Chosun Ilbo” сонинд ярихдаа “Сөүл хэрвээ хүсвэл тэрхүү цэргийг Өмнөд Солонгост шилжүүлж өгөх нь бидний хувьд боломжгүй зүйл биш” гэсэн байна. Тэгвэл Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам Украины талд зохих хүсэлтийг хэдийнэ тавьснаа өчигдөр дурдаад, Киев шаардлагатай алхмуудыг хийж байгааг тэмдэглэжээ. “Тэд (солонгос цэргүүд) өөрсдийг нь эрүү шүүлт хүлээж буй тийм газар руу явмааргүй байгаа бол явуулахгүй байх нь зүйд нийцнэ” хэмээн яамны мэдэгдэлд дурдсан байна.         

Нүүр зураг: Өнгөрөгч хоёрдугаар сарын 11-нд Telegram хуудсандаа Украины ерөнхийлөгч В.Зеленскийн нийтэлсэн олзны хойд солонгос цэргийн зураг.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.