images

Эрчүүд гэр орны ажилд бага оролцдог улсад төрөлт бага байдаг

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-02-20


   Харвардын их сургуулийн профессор, 2023 оны эдийн засгийн салбарын Нобелийн шагналт Клаудиа Голдин дэлхий даяар төрөлт багасаж байгаагийн гол шалтгаан нь гэрийн ажил хийхэд эмэгтэй, эрэгтэй хүмүүс ялгавартай оролцдог байдал гэж үзжээ. Тэрбээр гэр орны ажилд эрэгтэйчүүдийн оролцоо бага байдаг орнуудад төрөлт бага байгааг харуулсан судалгааны дүнг гаргаж, Эдийн засгийн судалгааны үндэсний товчооны (NBER) цахим хуудсанд нийтэлсэн байна. Уг судалгаандаа дэлхийн II дайны дараах эмэгтэйчүүдийн нийгмийн дэвшлийн хурд, эрэгтэйчүүдийн гэрийн ажил болон хүүхэд асрахад бага оролцдог байдлын зөрүүг тооцож, энэ нь төрөлт буурахад гол хүчин зүйл болсон гэж дүгнэсэн байна. Дэлхий даяар төрөлт хамгийн бага гэж тооцдог Өмнөд Солонгос, Итали, Япон зэрэг орнуудад эмэгтэйчүүд гэр орны ажилд эрэгтэйчүүдээс 2.9-3.9 цаг илүү зарцуулдаг аж. Харин төрөлт өндөртэй Швед, АНУ, Франц зэрэг оронд дээрх үзүүлэлт 0.8-1.5 цаг гэж гарсан байна. Өнөөдрийн байдлаар хамгийн бага төрөлттэй Өмнөд Солонгос улсын жишээн дээр дүн шинжилгээ хийж, солонгос эмэгтэйчүүд гэрийн ажилд эрчүүдээсээ өдөрт дунджаар гурван цаг илүү зарцуулдаг болохыг тогтоожээ. Япон, Итали зэрэг оронд мөн ойролцоо дүн гарсан аж. Профессор К.Голдин төрөлт багасаж байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд төр засгаас хүүхэд асрах үйлчилгээг нэмэгдүүлэхийг санал болгосон байна. Тэрбээр Швед улсын жишээг дурдаж, тус улсад хүүхэд асрах үйлчилгээг үр дүнтэй байдлаар нэвтрүүлснээр эмэгтэйчүүд олон төрлийн мэргэжлээр ажиллаж, нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог ч төрөлт буурахгүй байгааг онцолжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.