Буриадын шатарчин хүү Эрдэм ОХУ-ын аварга болов
Чихэнд чимэгтэй
2025-02-20
ОХУ-ын Сочи хотод болсон шатрын түргэн тоглолтын Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Буриадын шатарчин Эрдэм Хубукшанов түрүүлжээ. Тэмцээнд ОХУ-ын 89 БНУ, муж, хязгаар, автономит тойргийн 75 нь тамирчнаа оролцуулсан бөгөөд нийт 667 шилдэг шатарчин таван насны ангилалд өрсөлдсөн байна. Э.Хубукшанов 19 насны эрэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн бол энэ ангиллын мөнгө, хүрэл медалийг Москвагийн шатарчид хүртжээ. Э.Хубукшанов өнгөрсөн оны 11 дүгээр сард Бразилын Флорианополис болсон 18-аас доош насныхны шатрын ДАШТ-ий түргэн тоглолтын (блиц) төрөлд мөн түрүүлсэн юм.
Буриадын шатар, даамын тамирчид ОХУ-ын томоохон тэмцээнүүдэд тогтмол дээгүүр байр эзэлдэг. Өнгөрсөн оны эхээр Москва хотод болсон Хүүхдийн улсын цомын тэмцээний 13 хүртэлх насны охидын ангилалд Буриадын Софья Унгаева түрүүлж байв. Тэгвэл өнгөрсөн оны 11 дүгээр сард Эрхүү мужийн Ангарск хотод болсон орос даамны Бүх Оросын аварга шалгаруулах тэмцээнд Буриад улсын Хурамхаан районы Хурамхаан суурины дунд сургуулийн хоёрдугаар ангийн сурагч Вениамин Бурхинов тоглосон бүх өрөгтөө хожиж насны ангилалдаа түрүүлсэн юм.
Гэрэл зургийн эх сурвалж: burunen.ru
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.