images

О.Төгс-Амарлангуй: Өөртэйгөө арай ширүүн аргаар үзье гэж бодсон

Ж.Ариунгэрэл

Эрүүл явбал

2025-04-04


- Нийгмийн сүлжээнд буй Төгс-Амарлангуй Цагаан лянхуа гэдэг нэрийг үзээд сонирхол төрж, ийм үзэсгэлэнтэй бүсгүй өвлийн дүн хүйтэнд голын усанд шумбаж байгааг хараад их гайхлаа. Ингээд харзанд олон жил орсныг тань мэдээд энэ тухай яриулъя гэж бодсон юм.

- Баярлалаа. Шинжлэх ухаанд хүний биеийн дархлааны системийг зөв удирдах тухай маш олон судалгаа байдаг. Үүнээс эхэлж тайлбарлавал уншигчдад илүү ойлгомжтой байх болов уу. Миний хувьд хүүхдээ төрүүлээд, төрснийхөө дараа үений үрэвсэл буюу артриттай болсон юм. Монгол эмэгтэйчүүдийн 80-90% нь артриттай гэж ярьдаг. Тэгээд үүнийгээ мах их идсэнээс болдог гэж үздэг. Гэтэл явж явж энэ өвчин бол дархлааны автомат систем доголдсоноос болж үүсдэг юм байна л даа. Тэгэхлээр мах идэхээ багасгах биш дархлааны системээ зөв зохицуулах ёстой юм байна. Хүний нурууг дагасан гадаргын бор өөх гэж байдаг. Бид ганцхан цагаан өөх л мэднэ шүү дээ. Тэгвэл энэ бор өөх бол хүүхэд байхаас бий болдог. Ач холбогдол нь юу вэ гэвэл хүний биеийн температурыг хариуцаж байдаг. Хүн халууцахад  бор өөх биеийг хөргөх, даарахад халаах үүрэгтэй. Гэтэл энэ өөх ихэнхдээ ажиллагаагүй болоод агшчихсан байдаг. Улмаар нас ахиад ирэхээр бүр байхгүй болдог гэж байгаа юм. Нэг ёсондоо булчин шиг, ашиглаад байх тусам томроод, ашиглахгүй байх тусам агшина. Орчин үед бидний бор өөх бараг ажиллагаагүй болоод бүр агшчихсан байх нь түгээмэл. Яагаад гэвэл бид даарангуутаа шууд хувцас давхарлаж өмсөөд, халууцангуут кондишн асаадаг шүү дээ. Тэгэхээр бор өөх ажиллах ямар ч шаардлагагүй болчихож байгаа юм. Ингээд ажиллагаагүй болчихоор хүний дархлааны систем дагаж доголдоод, артритаас эхлээд харшил, тууралт, цаашлаад сэтгэл санаа тавгүйцэх зэрэг үй олон эмгэг бий болдог юм байна.  

- Энэ талаар судалсан зүйл хэр их байдаг вэ?

- Маш тодорхой судалгаанууд бий. Сая ковидын үеэр Английн эрдэмтэн Сюзанна Собэрг гэдэг эмэгтэй хүйтэн ус хүний дархлаа, тэр дундаа бор өөхийг хэрхэн идэвхжүүлж ажиллагаанд оруулж байгаа талаар дэлгэрэнгүй судалгаа хийжээ. Тэр судалгаанаас харахад хүн өглөө ажилдаа явахаасаа өмнө хүйтэн шүршүүрт орох юм бол биедээ байгаа элдэв өвчин эмгэгийн эсрэг эм уусантай дүйцнэ гэсэн байгаа юм. Өөр бас нэг сонирхолтой судалгаа байна. Долоо хоногт 11 минут хүйтэн усанд орвол нуруу дагасан бор өөх идэвхжин ажиллаж эхэлдэг юм байна. Сэргэдэг гэсэн үг. 11 минутаа долоо хоногт хуваавал өдөрт дунджаар нэг минут 30 секунд хүйтэн усанд байхад эрүүл мэндэд тулгараад байгаа бүх асуудлыг зохицуулж болно гэсэн үг. Энэ нь хүйтэн ус хүний сэтгэл санаа буюу сэтгэцийн эрүүл мэндэд ямар гайхамшигтай нөлөө үзүүлдгийг харуулсан жишээ юм. Хүйтэн ус гэдэг бол хүн бүхний хувьд айдас байдаг шүү дээ. Энэ айдсыг хүн яаж давах вэ гэвэл хүйтэн усанд орж байхдаа орилж чарлаж, айж цочиж давахгүй. Хүйтэн ус бидний биеийн дархлаа, автомат дархлааны системийг хэрхэн тэнцвэржүүлж, тогтворжуулж, зөв голдиролд нь оруулж, ямар гайхамшигтай эерэг нөлөө үзүүлж байгааг ухаарснаар даван туулна. Бидний бие сэтгэл, тархи оюун хүйтэн усыг хүлээн авч эвлэрнэ. Хүлээж аваад эвлэрсэн цагт хүйтэн усанд орох ерөөсөө айдас биш харин ч баяр жаргал, таашаал болж хувирна даа.  

- Хүйтэн усанд орох тухай бодоход л даарч эхэлдэг. Яаж сурах ёстой вэ?

- Усаа хамгийн хүйтэн дээр нь тавиад биеэ нэг, хоёр, гурван секунд шүрших хэрэгтэй. Тэгэхдээ болж өгвөл нурууныхаа бор өөхийг цочроож өгөх ёстой. Улмаар гурван секундээ аажим аажмаар нэмж таван секунд болгоод, долоо хоногийн дараа 10 секунд болгоно. Ингэж нэмсээр байгаад 30 секунд хүргэж болно. Ингэж чадсанаар унтаа байдалд орсон нурууны бор өөх идэвхжинэ. С.Собэрг Финланд, Швед, Норвеги зэрэг Скандинавын орнуудын хүйтэн усанд ордог уламжлалыг жишээ болгосон. Цар тахлын үеэр хүүхэд хөгшидгүй ковид тусаад, дараа нь уршиг нь арилахгүй маш удсан. Эм уугаад ч нэмэр болохгүй байна. Ийм үед хүйтэн усанд орж дархлааны систем буюу бор өөхийг идэвхжүүлэхийн ач холбогдлыг тэр эрдэмтэн дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Ингэхдээ Вим Хоф гэж нидерланд хүнийг жишээ болгосон. Энэ хүний хийсэн туршилт Германы анагаах ухааны бүх номыг өөрчилсөн байна. Учир нь тэрбээр шортноос өөр хувцасгүй, хөл нүцгэн явж мөнх цаст Монблан ууланд гарсан. Дархлааны автомат системээ хүн өөрийнхөө тархи, оюун бодлоор удирдаж болдог юм байна гэдгийг харуулсан хүн юм. Анх юунаас эхлэв гэвэл тэрбээр эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдарч байтал эхнэр нь шизофрени өвчтэй болоод цонхноосоо үсэрч өөд болжээ. Үүнд маш их гашуудаж, шаналлаа тэвчиж чадахгүй, амиа егүүтгэх тухай бодож эхэлсэн байгаа юм. Тэгээд өвлийн хүйтэнд нуурын захаар алхаж яваад зайрмагтай ус руу үсрээд оржээ. Тэгтэл тэр хүнд хачин сайхан мэдрэмж төрсөн байгаа юм. Уснаасаа гаралгүй нэлээд удаан байж. Ингээд нуурын уснаас гарч ирэхэд энэ хүний амьдрал орвонгоороо өөрчлөгдсөн байв. Яагаад гэвэл нөгөө дааж давахгүй байсан сэтгэл гутрал, сэтгэлд буглаад байсан их шаналал алга болсон. Сэтгэл нь маш хөнгөн, цаанаасаа баяр баясгалан төрөөд, аз жаргалаар бялхаад, гэгэлзэж догдлоод байсан гэдэг. Ингээд өдөр болгон нуурын хүйтэн усанд ордог болжээ. Улмаар хүйтэн усанд орох технологийг боловсруулж дэлхий даяар алдаршуулсан. Нэг ёсондоо хүйтэн усанд орох арга техникийг гаргасан гэсэн үг. Цаашлаад сэтгэл гутралд орсон, амиа хорлохоор шийдсэн хүмүүст үнэгүй зөвлөгөө өгч, сургалт явуулж эмчилдэг болсон. Үхэхээс өөр хүсэлгүй байсан хүмүүс энэ хөтөлбөрт хамрагдсаныхаа дараа, өөрөөр хэлбэл хүйтэн усны гайхамшгийг мэдэрсний дараа амьдралын эрч хүч нь оргилж, баяр баясгалантай болсон. Энэ нь цааш өргөжөөд дэлхий нийтээр тарж “Вим Хофын арга” буюу хүйтэн усанд орох техникийг хэрэглэдэг хүмүүсийн групп бий болсон байна.

- Та энэ аргыг хэрхэн хэрэглэх болов?

- Төрснийхөө дараа артриттай болж, бие өвддөг болсноо дээр дурдсан. Артрит тун амаргүй өвчин. Хүндэрвэл хөдөлмөрийн чадвараа ч алдах эрсдэлтэй. Минийх бол бүр хүнд үе рүүгээ орчихсон байсан. Бүх биеийн яс янгинаж өвдөнө. Европ эмчилгээ, уламжлалт эмнэлэг гээд яваагүй газар байхгүй. Энэ үед надад ажиглагдсан зүйл гэвэл яг төрсний дараа хүн бүхэн “Гам барь” гээд байдаг. Өөрөөр хэлбэл өвдөж эхлээгүй байхад л бидний тархинд “Өвдөнө шүү, гам барихгүй бол” гэсэн мессэж өгөөд байдаг, тэгэх тусам нь дулаалаад байдаг. Дулаалаад байхад л ковид тусаад, артрит маань бүр даамжирсан. Эмнэлэгт хэвтэж баахан эм тан уусан, тариа тариулсан. Гэвч ясны өвдөлт намдах нь бүү хэл улам даамжраад байсан. Сүүлдээ уламжлалт эмнэлэгт хэвтээд гарахад бүх бие нялхарчихсан, улам зузаалаад, давхар хөнжил нөмрөөд байхад улам дордоод байлаа. За ингээд би чинь унтахдаа бараг ноолууран цамцтай унтдаг, өглөө сэрээд хөнжил дотроо хэвтэж байдаг боллоо. Сүүлдээ алхаж чадахаа ч больсон. Ингээд бие минь дээрдсэн юмгүй сүүлдээ бүр хоёр хөл дээрээ алхаж чадахаа больсон.

   Би өөрөө Буддын гүн ухаан судлаач, соёл судлаач хүн. Хүн үхэх үедээ маш их даарвал халууныг хүсээд халуун тамд унадаг. Маш их халууцаж үхвэл хүйтнийг хүсээд хүйтэн тамд унадаг тухай уншиж байсан. Тэгээд би тэр номын тухай бодсон юм. “Би чинь одоо хэдтэй билээ. Энэ өвчин эдгэхгүй юм байна. Ингээд дууслаа гэхэд байнга даардаг учраас халуун тамд унах нь дээ” гэж. Бас “Би чинь цэл залуу хүн мөртлөө яагаад даараад байдаг юм бэ? Үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй. Үүний эсрэг тэмцэх ёстой, өөрчлөх ёстой” гэж бодсон. Ингээд эрдмийн ажлаа хийх явцдаа нөгөө Вим Хофын тухай сонирхож уншлаа. Тэгээд тэр хүн өөрт нүүрлэсэн тэр их зовлон бэрхшээлийг яаж даван туулсан талаар эргэцүүлэх болсон. Жаран нас гараад дал хүрч яваа хүн яаж идэр залуучуудаас илүү чийрэг, эрч хүчтэй, тэвчээртэй байгаа юм бэ гэдгийг бодох болсон. Буддын ухаанд байдаг л даа, аливаа зүйлийг амирлуулах, бас номхотгох арга гэж. Тэгэхээр би арай жаахан догшин, ширүүн аргаар өөртэйгөө үзье гэж бодсон. Учир нь байж болох бүх төрлийн зөөлөн сайхан аргаар биеэ аргадаж үзлээ шүү дээ. Ингээд хүйтэн усанд орохоор шийдээд гэртээ хүйтэн шүршүүрт орсон. Тавдугаар сар гарчихсан байлаа. Босоод хүйтэн шүршүүрт оръё, энэнээс өөр арга надад байхгүй, ингээд насан туршдаа хөнжлөө нөмөрч хэвтсээр байх юм уу гэж өөрийгөө хүчилсэн. Хүйтэн шүршүүрээс гарч ирээд, хүйтэн усанд орох сүүлийн үеийн арга техник, эмчилгээний ач холбогдлын талаар хайж уншиж байгаад дээр дурдсан англи эрдэмтний судалгаануудыг олж авсан юм. Ингээд зургаадугаар сар гарангуут хөдөө явж рашаанд оръё гэж бодсон. Монголын хамгийн хүйтэн рашаантай газар бол Мухар хужиртын рашаан болохыг олж мэдэв. Зая гэгээний хүй дарсан газар энэ рашаан үүссэн гэдэг. Хүмүүс энэ рашааныг ихэвчлэн сэтгэц мэдрэлийн гаралтай өвчинд сайн, бүр галзуугийн эсрэг рашаан гэдэг юм байна. Үүнд нэг учир байгаа биз? Тэгээд судлаад үзтэл хүйтэн ус хүний сэтгэц мэдрэл, сэтгэлийн эмгэгүүдийг эмчилдэг гэдэг нь ойлгогдсон юм. Тэгэхээр Мухар хужиртын рашааныг яагаад шуудхан “галзуугийн рашаан” гэдгийн учир тодроод ирж байгаа юм. Тэгээд зун нь энэ рашаанд очоод, за тэгээд үргэлжлүүлээд цаашаа Хөвсгөл яваад тайгын усанд ороод явчихсан. Би угаасаа усанд сэлэх дуртай, бага байхаасаа усан спортоор хичээллээд Улаанбаатар хотын аваргаас мөнгөн медаль хүртэл хүртэж байсан хүүхэд шүү дээ. Ингээд хүйтэн усанд тасралтгүй ордог болсон. Улмаар өөрийн мэдэрч байгаа сайхнаа бусадтай хуваалцъя гээд бичлэг хийн түгээж эхэлсэн дээ.

- Ингээд танд ямар өөрчлөлт гарав?

- Ер нь одоо бол өвөл ч гэсэн бараг л нүцгэн явчих гээд, огт даарахаа байсан. Өмнө нь ямар их дулаан ноосон хувцас цуглуулдаг байсан гээч. Одоо нөгөө хувцаснуудаа өмсөхөөр халууцаад өмсөж чадахаа больчихсон. Бүх юм надад халуун санагддаг болсон. Нөгөө өвчин эмгэг байхгүй. Энэ бүхнээ нийгмийн сүлжээгээр хуваалцах болсны учир гэвэл энэ гайхамшгийг мэддэггүй хүмүүст зориулж хүн яаж өөрийнхөө дархлааны системийг удирдаж болдог вэ гэдгийг таниулах зорилго агуулсан юм. Хүмүүс ихэнхдээ ажил төрөл нь бүтчихвэл нэг баярлана, эсвэл ахиухан мөнгө олчихвол баярлаж байна. Гэтэл жинхэнэ баяр баясгалан гэдэг өөр зүйлд байдгийг л олж ухаарах хэрэгтэй байгаа юм. Өвлийн хүйтэнд чармай нүцгэн зогсож байхдаа ч гэсэн баяр баясгаланг мэдрэх нь байна шүү дээ.

- Одоо та хүйтэн ус, харзанд байнга ордог уу?

- Өвлийн цагт 3-4 удаа харзанд орж, бусад үед өдөр болгон хүйтэн ванн, хүйтэн шүршүүрт ордог. Манай Монголд олон сайхан хүйтэн рашаан байна, зуны улиралд бол түүнд ордог. Монголын уламжлал байгаа шүү дээ. Ес эхэлснээс хойш, Цагаан сар болохоос өмнө буюу битүүн хүртэл хугацаанд харзанд орж болно. Зун бол аянга цахилгаан цахиж, аадар бороо орсны дараа буюу усны хор гарсан хойно орно.

- Та Бурханы номд их ойрхон хүн юм байна. Яаж ингэж шимтэв?

- Би бараг төрсөн цагаасаа л Бурханы номтой ойр байсан. Найман сартайгаасаа найман нас хүртлээ эмээ өвөө дээрээ өссөн. Эмээ маань сүсэг бишрэл ихтэй, ямар ч үед үүрийн дөрвөн цагт босчихсон бясалгалаа хийгээд, 108 мөргөлөө хийгээд, тахилаа тахиад суудаг хүн байсан. Эмээгийн энэ үлгэр дуурайлал их нөлөөлсөн байх. Манай эмээгийнх Монголын үндэсний телевизийн зүүн талд байдаг байсан. Намайг хөтлөөд Гандан орно. Гандангийн Очирдарийн дуганы хашаа бол миний хүүхэд насандаа тоглож өссөн газар. Одоо бодоход энэ хашаа үнэхээр гайхамшигтай адис жанлавтай, ариун нандин газар байж. Магадгүй энэ газрын эзэд, бурхан тэнгэр намайг адисалсан юм уу, аль эсвэл эмээгийн маань их сайхан буян заяа юм уу, эсвэл урьд насны үйлийн үр юм уу, ямартай ч би төрсөн цагаасаа энэ сайхан ном сургаалтай гүн бат барилдсан хүн. Эмээ минь Буддын гүн ухааны үлгэрүүд ярьж өгнө, тарни цээжлүүлнэ. Ингэхээр миний оюун санаа дандаа энэ талын номоор тэжээгдэж иржээ. Хожим сургуульд ороод, мэргэжил эзэмшээд, ажил төрөл хийгээд явахад ч Бурханы ном миний сонирхлыг татсан хэвээрээ л байв. Арван жилийн сургуульд байхдаа өглөө таван цагт босоод яг эмээтэйгээ адилхан 108 удаа сунаж мөргөөд бурхандаа зул, хүжээ өргөөд, уншлагаа уншаад хичээлдээ явдаг байсан. “Хар багаасаа ямар их сүсэгтэй юм, тэрний оронд англи хэл сур” гэх хүн ч тохиолдож л байлаа. Их сургуульд орж хятад хэлний багш, орчуулагч мэргэжлээр төгсөөд, дараа нь бизнесийн удирдлагын чиглэлээр магистр болсон.

- Буддын гүн ухаанаас тэс өөр мэргэжил эзэмшсэн юм байна шүү дээ? Сургуулиа төгсөөд ямар ажил эрхлэв?

- Магистраа амжилттай төгссөний дараа би ээжээсээ гуйсан л даа. “Би таны хүслээр хятад хэл сурлаа. Мөн таны хүслээр бизнесийн удирдлагаар сургууль төгслөө. Бас л таны хүслээр таны компанид ажиллаж байна. Харин одоо надад өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр дуртай зүйлээ сурах эрх чөлөө өгөөч” гэсэн. Өөрийнхөө сэтгэл зүрхэнд байсан яг тэр зүйлийн учир утга, мөн чанарыг нээж олмоор санагдсан хэрэг. Тэгээд л Буддын гүн ухааныг судалж доктор хамгаалмаар байгаагаа ээждээ хэлж, боломж олгохыг хүссэн. Ээж минь тийм ч дуртай хүлээж авсангүй. Гурван жил компанидаа ажиллачих, дараа нь чамайг хүссэн газар луу чинь явуулж сургая гэсэн. Би ээжээсээ тас зөрсөөр Буддын гүн ухаанаар доктор хамгаалах хамгийн боломжтой сургууль хайж судалж байгаад СУИС-ийн Соёл судлалын ангид орсон. Ингээд одоо соёл судлаач, тэр дундаа Буддын гүн ухааны бясалгахуйн соёл судлаачаар судалгааны ажил хийгээд явж байна. Зэрэгцээд “Жавзандамба хутагт” төвийн Буддын гүн ухааны сургуульд бас сурч төгслөө. Ингэж сурч байхдаа би хүүхэд наснаасаа хайсан зүйлийнхээ хариултыг олж авч чадсан. Зүгээр нэг судалгаа хийгээд доктор хамгаалах ч биш, нэгэн насныхаа амьдралыг гэгээрэлд зориулъя гэж бодсон юм. “Жавзандамба хутагт” төвд сурч байхдаа хайсан зүйлийнхээ хариултыг үнэхээр зуун хувь, мянган хувь олж авч чадсан. Миний судалгааны ажлын удирдагч багш бол квант физик судлаач Жадамбаа доктор. Миний судалгааг соёлтой холбогдохоосоо илүүтэйгээр квант физиктэй холбоотой гэдгийг багш маань хэлсэн. Ялангуяа бясалгахуйн бүтээх чадварын судалгаа гэдэг бол квант физикийн онолд яг тохирч байгааг хэлж өгсөн юм. Тиймээс судалгаагаа улам өргөжүүлээд квант физикээр хамгаалахаар боллоо. Квант физик надаас их хол сэдэв мэт эхлээд санагдаж байснаа унших тусам, судлах тусам надад илүү гайхамшгийг нээж өгсөн.

- Буддын гүн ухааны тухай, эсвэл сая таны ярьсан үзэл санааны тухай хүмүүстэй ярилцлага хийж суухад ихэнхдээ тэд дэндүү даруу хүмүүс байдаг. Дэндүү бүрэг, эсвэл дэндүү энгийн. Гэтэл та үнэхээр хурц тод, эрч хүчтэй, бас үнэнхүү үзэсгэлэнтэй хүн юм? Энэ үзэл санааг ярьдаг хүмүүс ихэнхдээ өөрсдийгөө, гадна талаа хаячихсан хүмүүс шиг санагддаг. Тэгэхээр та яаж дотоод болон гадаад гоо сайхныг ингэж хослуулж чадав?

- Их сайхан асуулт байна. Надаас хүмүүс ингэж их асуудаг юм аа. Бидний сэтгэл бол тасралтгүй үргэлжлэх үргэлжлэл юм. Тасралтгүй үргэлжлэх энэ сэтгэлийн үр дүн чинь өмнөх сэтгэлийн үр шүү дээ. Хэрэв бид өөрсдийгөө гэм буруутай гэж бодоод, эсвэл өмнө нь хийж байсан алдаагаа, тулгарч байсан бэрхшээл, одоогийн бүтэлгүйтлээ дахин дахин бодоод байх юм бол ирээдүйд бидний амсах үр дагавар яг л адилхан байна. Харин Буддын гүн ухааны нэг гайхамшиг нь хүн бурхан болж гэгээрэх боломжтой гэж үздэг. Өмнө нь та нүгэлтэн байсан бол одоо буянтан болж болно. Хүний сэтгэл хувирч өөрчлөгддөг. Тэгвэл хүний сэтгэл хувирч өөрчлөгдөж болж байхад бид яагаад одоо цагт, ухамсартайгаар үйлийн үрээ илүү сайхан тал руу нь чиглүүлж болохгүй гэж? Нөгөө талаар бид аз жаргалыг дандаа гаднаас хайдаг. Гадна талын нэг ажил бүтэх л юм бол би нэг их аз жаргалтай болох гээд байгаа юм шиг, дандаа гаднаас хайгаад байдаг. Гэтэл Буддын гүн ухаанд бол аз жаргалыг дотроос, өөрийнхөө жинхэнэ мөн чанараас хайхыг сургадаг. Би Буддын сургаалтай хүн ингээд даруухан байх ёстой гэхээсээ илүү олж авсан энэ барагдашгүй, дундаршгүй мэдлэг, билиг ухаан, үзэл санаа, сайхан амьдралын хэв маягийг бусдад түгээх юмсан гэж боддог. Нэг ёсондоо би өөрийнхөө дотоод ундаргаас бусдад юу өгч болох вэ гэдгээ боддог. Үүнийг хүргэхийг бас хичээдэг, бас хүргэсээр яваа гэж боддог. Хүн гаднаа гоё харагдвал дотроо тэнэг байна, эсвэл дотроо даруухан байхаар гаднаа ухаантай байна гэдэг бол бас л нэг төрлийн туйлшрал юм.

   Хүн та өөрөө баялаг. Хүсээд байгаа аз жаргал, бүтээх гээд байгаа тэр гайхамшиг чинь та өөрөө шүү дээ. Буддын гүн ухаан сурч байгаа юм чинь та даруухан байх ёстой юу? Гаднаа ч бас энгийн даруухан байх ёстой юу гэвэл тийм биш. Өөрөө өөрийгөө үргэлж дарж, гоочилж, дутуу үнэлж, эрдэм мэдлэгтэй байсан ч түүнийгээ гадагшаа гаргаж болохгүй гээд байвал бусад хүн ч гэсэн тантай яг л тэгж харьцана. Түүнээс гадна өөрийнхөө чадвар, потенциалыг бүгдийг нь дарна гэсэн үг. Тиймээс  та өөрийгөө хүндэлдэг, хайрладаг, өөрийнхөө алдаануудыг уучилдаг, өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелнэ гэж итгэдэг, урам зоригтой амьдардаг бол бусдыг ч гэсэн ингэж хайрлана, бусдын алдааг ч уучилна, хүндэлнэ, дэмжиж тусална. Тиймээс өөрөө өөрийгөө хайрлаж, үнэлж, анхаарал тавих чинь энэ ертөнцийн оюун санааны нэгдмэл ухамсарт хариуцлагатай хандаж байгаа нэг алхам юм. Тэгэхлээр өөрийгөө хайрлаж, мөн чанараа нээж олж, өөртөө анхаарал тавьж, чадвар потенциалаа өдрөөс өдөрт тордож хөгжүүлнэ гэдэг бол нэг ёсондоо энэ нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага юм. Эхлээд та өөрийгөө өөрчилчих. Тэгвэл таны энерги эргэн тойрон буй хүрээллийг дагуулна.

- Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа.

Гэрэл зургуудыг "Төгс-Амарлангуй Цагаан лянхуа" Фэйсбүүк хуудаснаас авав.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.