images

Дэлхийн ургамлын аймагт Монголоос хунчирын гурван шинэ зүйлийг бүртгүүлжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-04-14


   МУИС-ийн биологийн ангийн магистр Д.Мөнхтулга Монголд ургадаг хунчирын гурван шинэ зүйлийг дэлхийн ургамлын аймагт бүртгүүллээ. Тэрбээр эхний шинэ зүйлээ МУИС-ийн багш, ургамал судлаач Б.Оюунцэцэгтэй хамтран 2023 оны наймдугаар сард Хэнтий аймгийн Баянхутаг сумаас түүж, өнгөрсөн онд доктор Ш.Баасанмөнхтэй хамтран тодорхойлж байжээ. Улмаар багш Б.Оюунцэцэгийн нэрээр буюу Оюунагийн Хунчир (Astragalus oyunicus) хэмээн бүртгүүлсэн юм. Уг зүйлийг анх судлаач Ёндон 1967 онд Улаанбаатар хотын Гачуурт тосгоноос цуглуулж байв. Дараагийн шинэ зүйлийг мөн багш Б.Оюунцэцэг, Ш.Баасанмөнх, Х.Халиунаа нарын хамт Булган аймгийн Тэшиг сумаас 2018 онд түүж, өнгөрсөн онд доктор Ш.Баасанмөнхтэй тодорхойлоод зүйлийн нэрийг Astragalus teshigicus буюу Тэшигийн хунчир хэмээжээ. Харин гурав дахь зүйлийг 2021 оны зургаадугаар сард Увс аймгийн Малчин сумаас түүн цуглуулсан бол өнгөрсөн онд тодорхойлолт хийж, зүйлийн нэрийг Astragalus uvsicus буюу Увсын хунчир хэмээн нэрлэжээ. Шинээр бүртгүүлсэн уг зүйлүүд нь Монгол орны унаган ургамал бөгөөд тал хээрийн бүсийн чулуурхаг уулын энгэр, нам толгодоор тархан ургадаг байна. Хунчир (Astragalus L.) нь 3100 орчим зүйлтэй дэлхийн хамгийн том төрөл юм. Манай улсад одоогоор 130 зүйл бүртгэгдсэнээс 15 нь унаган ургамалд тооцогддог ажээ.   

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.