images

Монголын гуталчид бутан залуусыг сургав

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-04-21


   Бутаны хаант улсын залуу гуталчдыг Монголын “Хос Аз” компанийн захирал А.Зоригт, Б.Ахмарал, Б.Батбаатар нар сургасан талаар Энэтхэгт суугаа Монголын Элчин сайдын яамнаас мэдээллээ. Монголын анхны хувийн гутлын үйлдвэр болох “Хос Аз” компани 2005 онд байгуулагдсан бөгөөд өдөрт 300 хос гутал үйлдвэрлэдэг ажээ. Мөн Батлан хамгаалах яам, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газрын алба хаагчдын гутлын 80 хувийг дангаараа үйлдвэрлэдэг байна. Тус үйлдвэрийн удирдлагууд ийнхүү Бутанд ажиллаж байгаа нь хоёр улсын хамтын ажиллагаа олон талбарт дэлгэрч буйн жишээ юм. Сонирхуулахад, бутан гутлыг цоглам гэдэг бөгөөд өвдөг шүргэсэн урт торгон түрийтэй, савхин зулагтай, түүн дээрээ өнгөлөг хатгамал, чимэглэлтэй байдаг. Тус гутлыг 1616 онд Төвөдийн Навааннамжил лам нэвтрүүлсэн гэж үздэг байна. Харин 1953 оноос эхлэн Үндэсний ассамблейн бүх гишүүн цоглам өмсдөг болсон бөгөөд тухайн үед Бутанд гутлын үйлдвэр байгаагүй тул Энэтхэгийн Баруун Бенгалын Калимпонг тосгоноос авч байжээ. Бутанчууд өдөр тутам цоглам өмсдөггүй ч тодорхой баяр ёслолын үеэр өмсөх ёстой гэнэ. Түүнчлэн хүн бүр хүссэн өнгийн гутлаа өмсдөггүй буюу нийгмийн зэрэг зиндаанаасаа хамааран өөр өөрийг өмсдөг аж. Шар өнгийн гутлыг хаан, улбар шарыг төрийн сайдууд, улааныг төрийн дээд албаны хүмүүс, хөхийг парламентын гишүүд, ногооныг энгийн иргэд өмсөнө. Иймийн тул жуулчид, энгийн иргэд зөвхөн ногоон цогламыг дэлгүүрээс худалдан авч өмсөх боломжтой аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.