images

Б.Хандаа: Оксфордын их сургуульд монгол тэмээгээ яриад ирлээ

Н.Ариунсайхан

Сайн хүн явснаа

2025-04-30


Монголын говийн тэмээчин гэр бүл Л.Төмөрсүх, Б.Хандаа нар өнгөрсөн гуравдугаар сард Английн Оксфордын их сургуульд "Нүүдлээр нутаглах ухаан" сэдвээр илтгэл тавьжээ. Дэлхийн хуурай бүсийн газар нутгийг онцолдог энэ хуралд Монголоос анх удаа оролцсон нь энэ юм. Манай сайт тэдний аян замын сонин сайхнаас “Сайн хүн явснаа” буландаа хуваалцахаар Б.Хандаатай цахимаар ярилцсанаа хүргэж байна. Дундговь аймгийн тэмээчин бүсгүй өмнө нь Олон улсын тэмээний жилийн хүрээнд Энэтхэг улсад зохиогдсон арга хэмжээнд "Байгальд ээлтэй малыг сонгож, байгальд ээлтэй малчин байх нь" сэдвээр илтгэл тавьж байжээ.

   Би Дундговь аймгийн Хулд сумын уугуул. Зэргэлдээх Өлзийт сумын харьяат болж ирээд өнөөдөр ам бүл гурвуулаа амьдарч байна. Манайх бод малаа бусад малаас илүү чухалчилдаг. 2017 оноос тэмээгээр дагнахын зэрэгцээ адуугаа ч өсгөж байна. Нөхөр бид хоёр үе дамжсан малчин айлын хүүхдүүд. Хадам аав маань “Олдохын хүрэн бор” шилмэл омгийг бий болголцсон Улсын аварга тэмээчин хүн юм. Харин миний аав Улсын аварга хоньчин. Аав, ээж хоёр маань бага малаа түлхүү өсгөсөн улс. Адуунд бол их багагүй хайртай. Би тэмээнээс илүү моринд хайртай хүүхэд байлаа. Дүүгийнхээ сургасан бага насны адууг унадаг байв. Нөхөртэйгөө танилцсанаас хойш тэмээг илүү анхаардаг болсон юм. Одоо миний хамгийн хайртай мал тэмээ болжээ. 

   Би эхээс дөрвүүлээ. Говийн малчин айлын хүүхдүүдийн адил малын захад дэрвэж өссөн. Бага байхдаа аавыг малын бэлчээрээс морьтой ирэхэд нь тосож гүйгээд сундалдаг байв. Дараа нь өөрөө номхон морины нуруунд мордож, ааваараа хөтлүүлж явсаар хурдан морь хүртэл унадаг болсон. Ах дүү нар маань дэрсхэн, мал маллах ухаанд бид хамтдаа л суралцжээ. Мал өсөхийн хэрээр хүн малаа таних ухаанд илүү суралцдаг юм билээ. Манайх дөрөв, таван хүрэн азарга адуутай, унаганууд нь бүгд ижил зүсмийнх. Нэг эрэгтэй дүү маань яг ижил зүсмийн тэр олон унагыг хооронд нь онцгой сайн ялгаж таньдагсан. Монголчууд оюуны спортоор дэлхийд толгой цохидог гэдэг дээ? Тэр амжилтын нууц нь бидний малд нүдтэй байдагтай холбоотой гэж сонссон. Японы нэг эрдэмтэн бүр тухайлан судлаад ингэж дүгнэсэн юм гэнэ лээ. Би тэрийг үнэн юм байна гэж боддог. Дүүгийнхээ тэр чадварыг биширдэг. Манай нөхөр ч тэмээг хүний царай шиг онцгой ялгадаг эрдэмтэй хүн байгаа юм.

Татгалзахын аргагүй санал

   2022 оны зургаадугаар сард нэг найз маань яриад, хүнтэй очно гэдгээ хэллээ. Би тэр үед гэртээ ганцаараа байсан юм. Манай нөхөр Японы “ВИВАНТ” киноны зураг авалтад тэмээгээ оруулна гээд явчихсан. Хэн ирэхийг найз маань хэлээгүй. “Хүмүүстэй очно оо” л гэсэн. Тэгж байтал нөхөр маань ч ирсэн, зочдоо ч сайхан хүлээж авсан. Тэгтэл дэлхийн шилдэг их сургуулийн судлаач багш нараас бүрдсэн багийг дагуулаад ирдэг байгаа. Тэмээний талаар сүрхий мэддэг улс юм. Бидний мэдэхгүй сонин юмыг ч их ярьж байна. Ингээд манайд хонож амьдралтай минь танилцаад “Та бүхэн ямар гоё амьдардаг хүмүүс вэ” гэж хэлээд явсан. Дараа нь 2023 оны намар “Оксфордод болох цөлийн хуралд оролцох боломжтой юу” гэдэг санал тавьсан. Хуурай газрыг онцолдог олон улсын хурал болно, тэр хуралд оролцох аж. Тийм сайхан саналаас татгалзахын аргагүй. Оксфорд бол миний хувь Эверест л гэсэн үг. Дэлхийд тэргүүлдэг алдартай сургуульд ажилладаг хүмүүсээс тийм зүйл сонсохоор итгэмээргүй ч юм шиг, бас гайхах, баярлах зэрэгцэж байв. Зочид нутаг буцаад чимээгүй болчихоор нь больсон юм байлгүй дээ л гэж бодож суулаа.

Ийм зүйл байдаг гэж үү?

   Ингээд 2024 он ч гарч, бүр хойтон жил нь гарах дөхөж байтал цахим шуудан ирлээ. 12 дугаар сард шүү дээ. “Хурлын тов гарсан. Гол илтгэгчээр оролцож, Монголын говь нутгийн онцлог, тэмээ малладаг арга ухаанаасаа хуваалцана уу” гэсэн албан ёсны хүсэлт. Өнөө хүмүүс маань саналаасаа буцах нь байтугай ажлаа төлөвлөөд л яваад байсан юм байжээ. “Ийм зүйл байдаг гэж үү?” гэж гайхаад хамгийн түрүүнд нөхөртөө дуулгалаа. “Цуг ирээч гэсэн байна” гэхэд манай хүн жигтэйхэн баярлав. “Энэ чинь миний чадах ёстой ажил, би ийм зүйлийг хүсдэг шүү дээ” гэж би өөрөө ч баярлаж байсан. 

 Хуралдаа гурван сарын өмнөөс бэлдэж эхэлсэн. Сэтгэл санаагаа, биеэ гээд бүх зүйлээ бэлдэх нь мэдээж, харин юу ярих вэ гэдэг л хамгийн адармаатай бэлтгэл байлаа. “Яг ямар сэдвээр ярих вэ, бид юу чаддаг билээ, тэрнийгээ бусадтай хуваалцах цаг мөн үү?” гэх мэт олон асуулт хариу нэхэж байв. Ямар сайндаа нөхрөөсөө “Чиний хамгийн их чаддаг зүйл юу билээ, тэрийгээ ярьж чадах уу?” гээд л асууж байсан. Би даруухан төрлийн хүн. Манай нөхөр бол нэлээд нүүрэмгий. Ханхалзсан, хөдөөний хээгүй залуучууд байдаг даа. Яг л тийм хүн байхгүй юу. 

  Ингэж гурван сар бэлтгээд очиход л хурлын өмнөх өдөр хүртэл догдлол маань арилж өгөхгүй байсан гээд бод доо. Илтгэлээ хурал болохын бараг урд өдөр дуусгасан. Найз руугаа явуулж зөвлөгөө аваад, нэмж хасахыг нь нэмж хасав. Миний хувьд англи хэлийг хэрэглээний түвшинд сурсан, одоо ч сайжруулахыг зорьж байна. Илтгэлд өөрийнхөө санаанд байдаг зүйлийг л гаргаж тавихыг хичээсэн. Ямар зураг сонгох, үгээр яаж илэрхийлэх вэ гэж бодохоор хүн өөрийнхөө туулж өнгөрүүлсэн амьдралыг л эргэн хардаг юм байна. Хилийн дээс даваад хүн эх орноо бүхлээр нь  багтааж боддог шүү дээ. Тиймдээ ч “Нүүдлээр нутаглах ухаан” илтгэлдээ Монголын говь болоод хос бөхт тэмээгээ цөөн үгээр бүрэн илэрхийлэхийг зорьсон.

Оксфордын найзуудтайгаа.

Оксфордод очив

   Энэ хурлыг Оксфордын их сургуулийн Газар зүй, байгаль орчны сургуулиас хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг юм байна л даа. Энэ жилийнх маш өргөн цар хүрээтэй болсон гэж зохион байгуулагч нар хэлсэн. Хоёр, гурван танхимд зэрэг явагдчихдаг юм байна лээ. Сонирхсон хүн нь тэр сонирхсон сэдвийнх нь илтгэл хаана болж байна, тийшээ нь очоод орчихдог. Би ч мөн хэд хэдэн судлаачийн илтгэлийг сонгож сонссон. Тэдний ихэнх нь Монголын ямар нэгэн зүйлийг авч судалснаа ярьж байв. Миний сонссон илтгэлийн бараг 90 хувь нь Монголтой ямар нэг байдлаар холбоотой байсан. Японы Юүки гэдэг судлаач эмэгтэй манай говь, тал хээрийн нутагт амьдардаг малчдын ходоод гэдсэн дэх ашигтай бактерийг судалсан байгаа юм. Судалтал, ашигтай бактери нь өндөр гарчээ. Тэр нууц нь хөхүүрийн айрганд байна гэж ярьсан. Айргийг хөхүүрт байлгавал 90 хувьдаа ашигтай бактерийн агууламжтай, хуванцар саванд хийчих юм бол тэр бактериуд нь устчихдаг гэнэ. Тэнд байсан эрдэмтдийг эх орондоо урих юмсан, олж нээсэн зүйлсийг нь малчдад мэдүүлэх юмсан гэж бодож явлаа. Ер нь олж харсан санаа сэдэл гэвэл маш их ээ.

Тэмээ ярьсан 40 минут

   Оксфордод монгол тэмээгээ ярих сайхан байлаа. Гол илтгэгч тул бид хоёрт 40 минут өгсөн. Өнгөрсөн жил би Энэтхэгт очиж “Байгальд ээлтэй малыг сонгож, байгальд ээлтэй малчин байх нь” гэсэн илтгэл тавьсан юм. Дэлхийн дулаарал болоод уур амьсгалын өөрчлөлт монгол тэмээчдэд яаж нөлөөлж байгаа талаар дуу хоолойгоо хүргэсэн гэх үү дээ. Энэ удаа тэр сэдвээ давтахыг хүсээгүй. Илтгэлийн маань нэр “Нүүдлээр нутаглах ухаан”. Энэ гурван үгийн ард маш том агуулга явж байгаа юм. Малчин хүний цогц мэдлэг, арга ухаан, амьдралын хэв маягийг нэг дор багтаасан сэдэв гэж үзээд удаан бодсоны эцэст ингэж нэрлэсэн. Малтай яаж ойлголцдог, ашиг шимийг нь яаж хүртдэг, яаж нутаг сэлгэж газар усаа шинждэг, байгаль дэлхийтэйгээ яаж харьцдаг гэх мэтийг бүгдийг агуулж байгаа юм. Хамгийн гол нь малчин хүн гэдэг маш олон талын мэдлэгтэй байдаг юм шүү гэдгийг л тэнд харуулахыг зорьсон. Монгол малчид цаг агаараа жил, сар, өдрөөр нь шинжиж чаддаг. Зөвхөн нараар гэхэд л маш олон зүйлийг уншиж болдог шүү дээ. Зэрлэг амьтан, жигүүртэн шувуу, малынхаа янз байдлыг хараад байгалийнхаа аашийг мэддэг жишээ монголчуудад маш баялаг бий, түүнээс гэхэд л хэд хэдийг дурьдсан. Дээрээс нь малчид амьдардаг бүс нутгийнхаа ургамлын онцлогийг аль хэдийнэ судлаад таньчихсан байдаг гэх мэт. Манай говьд баглуур гэдэг ургамал бий. Баглуур хавар сайн ургасан байвал тэмээ усгүй олон хоногоор тэсч чаддаг. Бороо орохгүй долоон сар хүрсэн ч тэснэ, ингэснээр тэмээчид нүүхгүй байж болдог. Хүнийг, амьтныг, байгалийг алагчлахгүй хайрладаг сайхан чанар малчдад байдаг талаар ярилаа. Монгол малчин мал маллахдаа зөвхөн ашиг орлого боддог юм биш. Энэ сайхан уламжлалын талаар бас ярилаа. Өөрсдөө байнга хийдэг тул ботго авхуулах зан үйлээрээ жишээ авч ярихад их амар байв. Тэрийг дэлхий мэдэж байгаа юу гэвэл, тийм. Гэхдээ малчин хүн болгоны хийж чаддаг юм биш. Малладгаараа тэмээ их ярьсан боловч Монголд малчин хүн болгон тэмээ малладаггүй учраас аль болохоор монгол малчдаа нийтэд нь төлөөлж ярихыг зорьсон доо.

   Хуралд суусан судлаачид "Та нар бол жинхэнэ малчид. Жинхэнэ бодит амьдралыг та бүхний амнаас сонслоо" гэж их талархсан. Ер нь бид тэмээгээрээ дамжуулаад улс орондоо хэрэгтэй байя, хэрэгтэй юм хийе гэж дандаа бодож явдаг. Тэрийг мэдсэн юм шиг хурлын дараагаас чухал хүмүүс холбоо их барьж байна. 

Монгол ба Кени

   Хуралд суусан хүмүүс “Монголын говьд очсон юм шиг боллоо”, “Тэмээ маллаж үзсэнээс өөрцгүй мэдрэмж авлаа” гэх мэтээр ярьж байлаа. Бүгд алга ташаад л. Тэр хуралд бид хоёроос гадна Кени улсын тэмээчин уригдсан байв. Кени улс олон тэмээтэй, тэмээний сүү бол гол бүтээгдэхүүн нь. Малчин хүмүүс жаргал, зовлон нэг болохоор ойлголцоход амар байдаг. Илтгэл дуусахад хүмүүс алга ташаад дараа нь бид хоёр дээр ирж уулзсан. Монгол, Кени орон ерөнхийдөө төстэй боловч Кенийн ус, бэлчээрийн нөхцөл байдал илүү хүнд, сорилт ихтэй юм байна. Тэмээ нь 15 хоног, ямаа нь долоо хоног ус уухгүй өнжчихдөг гэнэ. Манай Монгол үнэхээр жаргалтай орон юм даа гэж бодогдсон. Нэг судлаачийн ярих нь, Кенийн малчин эмэгтэйчүүдийг Монголд авчирч хөдөөгийн амьдралтай танилцуулсан байгаа юм. Танилцаад тэд монгол эмэгтэйчүүдийн жаргалтайг гайхсаар байгаад нутаг буцсан гэсэн. Тэр кени залуу ч энийг ярьж байна билээ. Кеничүүд үүл гарахаар их баярладаг, бороо ороосой л гэж. Манайд бороо оруулах гэж овоо тахидаг даа? Тэгвэл Кенид бас тосгоноороо цуглаж өвөрмөц зан үйл хийдэг гэнэ. Энэ мэтчилэн хаа газрын малчид байгаль дэлхийтэйгээ харилцах өөр өөрийн зан үйлтэй, түүний зарим нь адилхан байдаг байна. Кени улсад очиж үзэх мөрөөдөлтэй болоод ирсээн, би.

Хурлын дараа кени тэмээчний хамт.

Хурлын дараа

  Хоёр хоног хуралдаа суучхаад Оксфорд, Лондон хотоор сайхан аяллаа. Бид хоёрыг Англидаа томд тооцогддог коллежийн оюутны хотхонд байрлуулсан. Хуралд ирэхдээ бэлэг дурсгалын хөөрхөн юм авчирч хүмүүст өгөөрэй гэж Кэмбрижд байдаг найз маань зөвлөсөн тул монгол хэв маягтай бага сага юм авч очсон. Бас хийсэн ааруулнаасаа аваачсаныг маань зохион байгуулагчид тусгай зочдодоо өгсөн гэж байна лээ. Өмнө нь Энэтхэг явахдаа ааруулнаас гадна ингэний архиа аваачиж амсуулсан. Сүүнээс архи гаргаж авдаг улс ховор. Манай орны малчид энэ тал дээрээ илүү туршлагатай санагддаг.

   Миний хувьд Лондонгийн гүүрийг очиж үзэхийг хүсдэг байсан болохоор яаж ч ядарч байсан тийшээ яваад үзэх газруудаа гүйцээсэн. Оксфорд бол сурч, мэдэх хүсэл эрмэлзлэлээр дүүрэн монгол залуучуудын төвлөрдөг газар юм гэдгийг нүдээр үзлээ. Сураад төгссөн, одоо сурч байгаа монголчууд бүгд их амь нэгтэй байдаг юм байна. Хурлын дараа бид хоёрын хаашаа явах төлөвлөгөөтэйг асуугаад, өөрсдөө ч санаачлаад зөндөө сайхан газраар дагуулж явсан. Оксфорд хотод олон коллеж байдаг юм байна. Коллеж болгон нь оюутныхаа амьдрах, суралцах тав тухыг дээд зэргээр хангасан хотхонтой. Зарим коллеж эзэмшлийнхээ газарт зээр өсгөдөг, оюутнууд нь байгальтайгаа шууд амьд харилцаа үүсгэдэг аж. Би Оксфордын их сургуулийн оюутан байсан бол гэсэн нүдээр бүгдийг харж явлаа. Үнэхээр оюутан байсан бол их эрдэмд шамдахын зэрэгцээ монголчууд дундаа бужигнаад газардахааргүй юм байна.

Лондонгийн монгол айлд

  Хурлын дараагаар Англид суугаад 10 гаруй жил болж байгаа Батсайхан ах биднийг  гэртээ урилаа. Хөдөлмөрийнхөө үр шимээр өөрийн гэсэн эдлэн газартай болж, байшингаа бариад тохь тухтай амьдарч байгаа монгол айл байна. Хурал орой тарсан, нэлээд ядарсан байсан учраас тэднийх рүү нөхөр маань эхлээд явсан. Тэгтэл төд удалгүй, намайг заавал аваачна гээд Батсайхан ах машинаараа хүрээд ирдэг байгаа. Тэр айл Оксфордод байдаг монголчуудын аав ээж нь болсон улсууд юм. Монголчууддаа маш их хайртай, байнга санаа тавиастай. Баяр болгоноор гэртээ цуглуулж хооллож ундалдаг юм байна. Манай нөхрийн төрсөн өдөр Англид болж таарсан. Тэр орой нь монголчууд Батсайхан ахынд цуглаж маш сайхан тэмдэглэсэн дээ. Батсайхан ахын охин нь “Мандухай сэцэн хатан” киноны аяыг төгөлдөр хуур дээр дарж өгөөд л. Амьд хөгжим сонсоод ширээ тойрч сайхан хоол идсэний дарс шимээд, оройг кино шиг л өнгөрүүлсэн дээ. Дахин уулзахын ерөөл тавиад буцсан болохоор ахын гэр бүлийг одоо эргэн дурсахад таатай байна.

Лондоны гүүр үзэх хүсэл биелэв.

Тэмээ тэнгэрийн амьтан

   Манай тэмээ бол “Олдохын хүрэн бор” омгийнх. Энэ тэмээний гол онцлог бэлчээр ашиглах чадвар сайтай. Заримдаа эзнээсээ түрүүлээд хамгийн сайн бэлчээрийг олоод оччихсон байдаг. Их нутагч. Өөр нутаг үзүүлэх юм бол тэр газрыг ер мартахгүй. Тэмээчид тэмээндээ бэлчээр үзүүлэхээс заримдаа их болгоомжилдог. Нутаг үзүүлээд л байх юм бол тийш гүйгээд тогтохгүй, хөөцөлдөлгөө ихтэй. Монгол тэмээний ноос улирлаасаа шалтгаалаад ургалт нь ондоо. Нэг бөхт тэмээ богинохон ноостой бол монгол тэмээний ноос урт, маш бат бөх. Бид тэмээний ногт, бурантаг, гэрийн оосор, бүч хийж хэрэглэдэг юм. Нар, салхинд 10 гаруй жил болсон ч хэвээрээ л байж байдаг. Хүрэн бор омгийн тэмээг мах, ноосны чиглэлээр түлхүү өсгөвөл ашигтай гэж мэргэжлийн хүмүүс үздэг юм билээ. Тэмээний ноос гал дэмждэг, цахилгаанждаггүй, эрүүл мэндэд сайн гэдэг. Монгол тэмээний ноосон хөнжил хүний амь аварсан гэдэг мэдээг нэг бус удаа сонсож байлаа.  

   Тэмээ малласан олон жилд хамгийн их анхаарал татаж ирсэн зүйл бол энэ амьтны зан. Тэмээний зан араншинг судлах маш сонирхолтой байдаг. Тэмээтэй харилцах хамгийн дөхөм арга бол маш зөөлөн хандах явдал. Зөөлөн нь хатуугаа иддэг ч гэдэг, тэгж хандаж байж тэр том амьтантай ойлголцож чадна. Оксфордын  хурал дээр Донн гэдэг нэг багш “Тэмээ ёстой сүнслэг амьтан шүү, тийм ээ?” гэсээр над дээр хүрч ирж байсан. Энэ талаар ярих юм бол маш том сэдэв болно. Тэмээ унаад говьд явах юм бол маш том бясалгал болдог. Хүний амьдралд тохиолддог үхэл хагацал, аз жаргал, сайн муу бүгд тэмээнд тохиолдоно. Ботгондоо маш их хайртай болохоор нэг хэсэгтээ хүн ойртуулахгүй. Тэмээтэй газар ботго авхуулах ажил жил бүр ямар нэгэн байдлаар гардаг. Манайд үгүй юм аа гэхэд ойр хавийн айлуудад ийм явдал гарна. Говь нутаг байгалийн давагдашгүй хүчин зүйл ихтэй. Шороон шуурга нэгээс хоёр хоног шуурахад л, мөн бусад янз бүрийн шалтгаанаар байнга биш ч жилд тодорхой хэмжээгээр ботго авхуулж л таардаг.

“Яагаад тэмээ малладаг вэ?”

   Тэмээ алсын бэлчээрт явдаг, газрын үндэс сүйтгэдэггүй, зөөлөн тавхайтай амьтан. Говь цөл, хуурай газарт дасан зохицсон онцлогоороо олон хоногоор усгүй явчихдаг. Үнэхээр тэсвэртэй амьтан. Зөвхөн Монголд байдаг хос бөхт тэмээгээр тэр амьтныг ойлгож болохгүй. Дэлхий дээр дөрвөөс таван янзын тэмээ байна. Байгалийн шалгарал өндөртэй бүс нутагт амьдардаг онцлогтой. Тэр бүс нутгийн иргэдийн амьжиргааг залгуулдаг гол амьтан гэдгийг дэлхий дахинд тунхаглаж, НҮБ 2024 оныг Тэмээний жил болгож зарласан. Ингээд харахаар тэмээ ёстой тэнгэрийн амьтан шиг санагддаг юм. “Яагаад тэмээ малладаг вэ?” гэж хүмүүс их асуудаг юм. Би “Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой” гэж хариулдаг. Энэ нь өөрөө бидний өдөр тутмын амьдралд хүчтэй ажиглагдах болсон зүйл. Дэлхийн дулаарал, хүлэмжийн хий, биологийн олон янз байдал гэсэн нэр томьёонуудыг малчин хүн бүр мэддэг байх зайлшгүй шаардлагатай гэж боддог. Би гэртээ бяцхан номын сантай. Орж ирсэн хүмүүс “Ямар гоё юм бэ?” гэж хөөргөнө. Анх би хувь хүний хөгжлийн ном уншдаг байв. Яваандаа уншдаг ном маань чанаржсан. Хүн нэг л байрандаа байна гэж байхгүй. Манай нөхрийн талд Бээжинхүү гэж эрдэмтэн хүн байдаг. Тэр эгч маань бидэнд хамгийн анхны тэмээн өмчийг тасалж өгсөн юм. Надад тэмээний талаар цуглуулсан арваад ном өгч байлаа. Би тэндээс тэмээний аж ахуй эрхлэх, ингэний сүүгээр бүтээгдэхүүн боловсруулах, тэмээтэй холбоотой төсөл хөтөлбөр гэх зэрэг маш олон зүйлийг мэдэж авч байсан. Яваандаа гадаад найз нөхөд ч олонтой болж, тэр хэрээр бэлгэнд ном их ирдэг болсон доо.

   Малчин хүн хийж байгаа зүйлээ улам гүнзгий судлах, улам ихийг танин мэдэх дуртай. Тэр нь амьдрал ахуйд маш их хэрэг болдог. Хөдөө хаана бороо орно, тэнд малчид бөөгнөрч газар талхалдаг даа. Өвс ногоо сайн ургасан газар хэн ч малаа бэлчээхийг бодох ч, доройтсон бэлчээр хэр хугацаанд эргэж сэргэх талаар боддоггүй. Энэ байдлыг хараад би дотроо их эмзэглэдэг байсан. Байгальд ээлтэй хүн байх юмсан гэж бодож явдаг болохоор тэмээ маллах маань зөв сонголт байжээ гэж санадаг. Би нөхрийнхөө тэмээ маллах арга ухааныг биширдэг. Бид хоёр нутаг орондоо залуу гэр бүл гэгддэг ч, нөхөр маань ямар ч хүн суралцахаар арвин баялаг мэдлэгтэй юм байна гэдгийг анзаарсан. Дэлхий дахинд нүүдлийн өв соёлыг саяхан л ЮНЕСКО-д бүртгэсэн байна. Харин ботго авхуулах зан үйл аль хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн шүү дээ. Бидний хамгийн сайн хийж чаддаг ажил бол ямар ч төвөггүйгээр ботго авхуулах. Хүний эзэмшсэн мэргэжил гарт нь байдаг шиг манай гэр бүлийн тэмээ маллах арга ухаан бол бидний гарт ороод ирчихсэн гэж хэлнэ.

Азаа, Хайр хоёр

    Би жил бүрийн зургаадугаар сарын нэгэнд болдог Дэлхийн сүүний өдрөөр Азаа нэртэй ботгоныхоо тухай ярьсан чинь хүмүүс маш их сонирхож байсан юм. Тэр талаараа ярья. Манай нөхөр нэг удаа олон ингэн дунд эхгүй ганц ботго явааг анзаараад гэртээ аваад ирсэн юм. Яаж тэгж таньж чадсан юм бол гэж би одоо хүртэл гайхдаг. Жирийн хүн бол сүрэг ингэ ботгоо дагуулаад явж байна л гэж харна. Тэмээчин хүний нүд тийм ондоо. Тэр тусмаа манай нөхөр эхийгээ амлаагүй ботгыг айхтар ялгаж мэддэг. Бүр ямар айлын тэмээнийх вэ гэдгийг шууд хараад хэлнэ. Нэг удаа айлын ботгыг таниад утсаар хэлсэн чинь “Манай ботго биш ээ” гэж. Тэгэхээр нь гэртээ авчраад долоо хоног угжсан, жаахан ч амьтан байсан даа. Нэг өдөр саахалт айлаас “Манай нэг ботго эндчихлээ, танайх Азаагаа эхтэй болгох уу?” гэж утсаар ярилаа. Шууд л зөвшөөрөөд, нөхөртэйгөө ботгоо мотоцикл дээр сундалж аваад явлаа. Манай нөхөр дуу дуулахаас илүү нэг аргыг голчлон хэрэглэдэг юм. Тийм түгээмэл биш ч гэлээ манай нутагт ер нь л байдаг гэж бодож байна. Үхсэн ботгоо ингэ нь сахиад холдохгүй байгаа тэр үед нь ингийг нь хол аваачаад, авхуулах ботгоо эндсэн ботго байсан газар нь аваачиж уядаг. Тэгээд үхсэн ботгоных нь арьсыг нөмөргөөд авхуулах ботгоо эхтэй нь ойртуулна. Зарим нь гэнэдээд гэх үү, маш түргэн авчихдаг бол олон ботголсон ингэ болохоор хаширлана. Хөлнөөс нь толгой хүртэл үнэрлээд авахгүй тохиолдол ч байна. Үүнээс өөр ганц арга гэвэл дуулах. Даанч хугацаа их орно. Заримдаа 2-7 хоног болдог. Осол эндэгдэл гэдэг зүйл байгалийн жам юм хойно ботго ээжтэй болж, тэр ингэ ч жаргалтай болох нь бидэнд юу юунаас илүү чухал юм. Эхээсээ төөрч эзэн нь олдохгүй байж байгаад сонин тохиолдлоор ээжтэй болсон болохоор нь бэлгэшээгээд Азаа гэж нэр өгсөн юм. Үг амьтай гэдэг дээ.

   Манайд бас Хайр гэдэг нэртэй хөөрхөн ботго байдаг юм. Одоо тором л доо. Өнгөрсөн зун манай нутагт газрын гарц сүүлийн арваад жил үзэгдээгүй сайхан байлаа. Нэг өдөр ингээ саахад нэг ингэ ирдэггүй ээ. Хайсаар яваад очтол тэнгэрт явчихсан байсан. Ботгыг нь сэтгэлээр удаан унагаж болохгүй учраас тэр дор нь өөрсдөө угжиж эхэллээ. Хөөрхий, эхний нэг өдөр л буйлсан байх. Тэрнээс цааш бидний санааг зовоогоогүй. Тэмээ буйлаад л байх юм бол малчин хүнд их хэцүү.  Би тухайн үед  аавдаа “Манай нэг ингэ үхчихлээ. Ботгыг нь тэжээе” гэж ярьсан юм. Тэгтэл аав “Ботго, ингэ хоёрын эх нь эндэх нь арай дээр байдаг юм” гэж хэлсэн. Ботго нь эндсэн ингэ нэг байтугай олон хоногоор буйлдаг. Тэмээ чинь сэтгэлийн амьтан гэж хэлсэн дээ. Хайр гэж нэрлэсэн нь ч учиртай. Хэн ч харсан тэр ботгыг өнчин гэж хэлэхээргүй. Маш сэргэлэн, тоглож гүйсэн, бусдынхаа дунд толгой дээгүүр амьтан байдаг. Намар нь зэлэн дээрээ ингэ сааж байхад, манайд ирээд байсан Наоми гэдэг гадаад охин асууж байсан юм. Тэр ботгыг маань Наоми бусдаасаа өөр гэдгийг нь ажигласан гэнэ. Өнчин ч гэсэн сэргэлэн цовоо зангаараа бусдын хайрыг татаад явж байгаа талаар нь хэлтэл маш их сонирхоод, зургийг нь авснаа дараа нь явуулж байсан. Түүгээр үл барам тэр охин хийж байгаа төслийнхөө нэрийг ботгоны маань нэрээр “Хайраа” гэж нэрлэсэн гэсэн шүү.

Хайр нэртэй тором эзнээсээ хувиа хүртэж буй нь.

Цэмцгэр байхын учир

   Миний амьдралдаа баримталдаг нэг зарчим бүх зүйлд бэлэн, эмх цэгцтэй байх. Ийм байдаг маань миний амьдралыг дандаа шагнадаг гэж боддог. Оксфорд явахад миний хувцас бэлэн байсан. Өнгөрсөн зун нь нөхөртэйгөө хос дээл хийлгэсэн юм. Намар 11 дүгээр сард нөхөртөө ард малгай, өөртөө хатан малгай хийлгэсэн. Дээлэн дээрээ хослуулж өмсөхөд амар байлаа. Хүүхэд байхдаа би Америк явна гэж их мөрөөддөг байв. Нэг өдөр нөхөр гаднаас “Хоёр цагаан машин хүрээд ирлээ. Америкийн элчингээс явна. Танайд орж болох уу?” гэж асуулгаж байна” гээд ороод ирсэн. Гадаадын хүн гэртээ хүлээж авахад гэр муухай байгаа даа гэж санаа зовох юмгүй болохоор өөртөө баярлаж байлаа. Гэрээ байнга цэвэрлэж, эмх цэгцтэй байлгадаг болохоор зочин хэзээ ч ирсэн амар байдаг. Зарим хүн намайг “Хийх ажилгүй юм шиг гэрээ дандаа цэвэрлэж байх юм” гэдэг юм. Тэгвэл харин ч сахилга бат амьдралыг маань амар хялбар болгож байгаа юм шиг санагддаг. Дараа дараачийн боломж орж ирэхэд ч нээлттэй. Дээрээс нь ямар ч зүйлийг өөдрөгөөр хүлээж авдаг болохоор надад боломжууд ирсээр байна.

   Сайхан энергитэй хүмүүс манайд их ирдэг. Нэг удаа ингэ сааж байтал машинтай хүмүүс ирж гэрт орлоо. Ингээ сааж дуусаад ортол танихгүй ах, эгч хоёр байв. Нэр усаа хэлж танилцвал, Монголын оюун ухааны академийн захирал гэнэ. Ингэний сүү ууя гэж Улаанбаатар хотоос давхиж ирсэн байгаа юм. Унаган хотын хүүхэд мөртлөө ингэний сүүний сайныг айхтар мэддэг, бүр эрж хайж ирж. Манай Дундговийн Хулд, Өлзийт сум бол тэмээтэй нутгийн хамгийн хойд үзүүр гэгддэг. Хүмүүсээс сураглатал, энэ хоёр суманд очвол тэмээтэй айл бий гэжээ. Тэгээд тэр дундаа манайд хүрээд ирсэн нь онцгой сайхан санагдаж байлаа. Хүүд маань академидаа суралцах эрх өгсөн гэхчлэн сайхан дурсамж их үлджээ. Айл цэвэр цэмцгэр байвал амьдралд нь сайн сайхан зүйл өөрөө орж ирдэг, сайн сайхныг урин дуудаж байдаг юм билээ.

   АмерикийнBest Ever Food Review Show” гэдэг нэвтрүүлгийн багийнхан манайд ирж байсан юм. Тэд “Тэмээтэй, гэхдээ цэвэрхэн айлд очно” гэсэн шаардлага тавьж л дээ. Тэгээд манайхыг заалгаж ирсэн юм билээ. Бид нар бол цэвэрхэн байх шаардлагыг нь биелүүлэх гэж зовохгүй. Хүлээж авахад шууд бэлэн байсан. Тэмээний махаар яаж хоол хийдгээ харуулж бичлэгт орлоо. Тэмээнээс гарч байгаа бүхий л ашиг шимийг авч хүртэж байгаагаа харуулсан. Тэмээний үнэлэмжийг нэмэгдүүлж байгаа хэрэг болсон доо. Гэхдээ гэнэт нэг контент хийдэг залуучууд гарч ирээд камер бариад урдуур хойгуур гүйгээд байсан болохоор их сандарч, маш их хариуцлага үүрч байгаа юм шиг оролцсон. Одоо бол надад ахиж ийм санал тавибал жаргаж хийнэ ээ. Харах өнцөг маань ч тэр үеэ бодвол өөрчлөгдсөн байна. Тэр нэвтрүүлэг маш олон хандалт авсан юм билээ. Бид бол хоолны соёл гэдэг дан ганц ресторанд байдаг юм биш, хөдөөгийн ахуй амьдралд ч байдаг, тэр онцлог чанарыг хүмүүс олж хардаг байгаасай гэж хүссэн. Бид наад зах нь тэмээний хоормогоо байгалийн зэрлэг жимстэй холиод шэйк, смүүти хийж болж байна. Манайх ингэний сүүгээрээ 10 гаруй төрлийн цагаан идээ хийдэг. Тэрнийгээ илүү баяжуулаад, яаж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн хийх вэ гэдгийг маш сонирхож байгаа.

Миний өглөө

   Өглөө босоод би өнөөдрийн хамгийн чухал ажил юу вэ гэж өөрөөсөө асуудаг. Жишээ нь өнөөдөр тэнгэр муухай байгаа учраас ботгоо авчраад уячихья. Тэгээд дараа нь өөр ажлуудаа хийе гээд эрэмбэлээд явахаар тухайн өдрийнхөө ажлыг 50-60 хувийг нэг мэдэхэд л нугалчихсан байдаг юм. Өдөрт ямар ч байсан 20-30 минутыг ном уншихад зориулна. Сүүлийн үед цахим ном түлхүү хардаг болоод байна. Тодорхой хэмжээгээр бясалгал хийх гэхчлэн миний хийдэг ажил дуусахгүй. Тархи яаж ажилладгийг мэдсэн цагаас хойш миний амьдрал их амар болж ирсэн гэх үү дээ. Гэрээ байнга эмхэлж цэгцэлнэ. Манай монголчууд яавал нүүж суухад амар, авсаархан байх вэ гэдгээ эртнээс бодолцож ирсэн хүмүүс. Тэр философиор олон жил амьдарч байна. Нэг хүн бичсэн байсан. “Монголчууд бол ул мөргүйчүүд” гэж. Монголд аялж яваа хүмүүс л хог тарьдаг гэж ойлгож болохгүй. Малчид ч гэсэн хог тарьдаг. Тэр ямар айл вэ гэдгийг нүүгээд явсны дараа нь гэрийн бууринаас харж болдог. Малчдаа ч гэсэн ул мөргүй нүүдэг болж, байгальдаа ээлтэй байя гэж уриалмаар байна. Малчин айл болгон буусан газраа нүх ухаад, жорлон хийгээд байх аргагүй. Тийм болохоор ариун цэврийн асуудлаа шийддэг оновчтой арга олох хэрэгтэй юм шиг санагддаг. 

Малчин гэдгээсээ битгий ичээрэй

   Манай хөдөөгийнхөн малчин гэхээрээ л цаг наргүй хөдөлмөрлөдөг битгий байгаасай гэж би боддог. Өөрсдийгөө хайрладаг, аз жаргалтай амьдардаг байгаасай гэж хүсдэг. Бид маш чухал өв соёлыг тээж яваа. Цаг уурын өөрчлөлтөөс гадна хөдөөгийн иргэдийн амьдрал дэлхий дахины асуудал болсон байна. Залуучууд хүсэж мөрөөдөөд байдаг амьдралаа хөдөө бий болгооч ээ гэж хэлмээр байдаг. Наад зах нь хөдөөд эмэгтэй хүнгүй болсон байна. Сайхан монгол залуучуудтай ханилаад монгол ахуйгаа аваад явахад айл гэрийн гэргий юунаас ч илүү чухал. Энэ санааг нийгэмд үнэхээр хүргэмээр байна.

   Сүүлийн жилүүдэд хур бороо орох нь багаслаа. Мал маллах арга ухаан ч өөрчлөгдөж байна. Тухайн малчин ямар малд гаршсан, ямар малаасаа илүү ашиг орлого олдог вэ гэдгээсээ шалтгаалан малаа төрөлжүүлж эхэлж байна. Манай говьд тэмээг их чухалчилдаг боллоо. Тэмээнээс гарах ашиг шимийг нэмэгдүүлж, улс орны түвшинд бодлогоо сайжруулсаар байна. Манайх усандаа гурван айлтай. Одоо гурвуулаа тэмээгээрээ дагначихсан. Хавь ойрын олон залуу айл бага малаа зараад тэмээ болгосон.

   Оксфордын их сургууль гол илтгэгчээрээ урьсан нь намайг маш том сорилтод дуудсан үйл явдал болсон. Оксфордоос ирээд би нэг санааг нийгмийн сүлжээ рүү өгсөн юм. “Малчин гэдгээсээ хэзээ ч битгий ичээрэй. Бусадтай хэзээ ч битгий өөрийгөө харьцуулаарай” гэж. Тэр том сургуульд зөвхөн мундаг хүмүүс л очдог, ярьдаг гэж өөрийгөө хайрцаглаж огт болохгүй юм байна гэж бодсон. Бусад хүмүүсийн эзэмшсэн мэргэжлийг диплом нь нотлоод өгдөг бол бидэнд тийм бичиг баримт байхгүй. Гэвч арвин баялаг өв уламжлал бидэнд байдаг шүү. Хүсэх юм бол хаана ч очиж чадна шүү дээ, бид.

УИХ-ын гишүүн Р.Сэддоржтой Оксфордод таарсан нь. Говь руу ус татах түүний санаачилсан төсөл амжилттай хэрэгжээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж буй.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.