Мөсөнд авиралтын дэлхийн цомын тэмцээний аварга Н.Сэлэнгэ: Би тэмцээний турш ганцхан л дуу сонсож байсан
Сайн хүн явснаа
2025-04-03
Мөсөнд авиралтын дэлхийн цомын 2025 оны таван цуврал тэмцээнд алгасалгүй оролцож аваргалсан, өдгөө 19 настай тамирчин Н.Сэлэнгэтэй ярилцлаа. Ази, Европ, Америк тивийг дамнан гурван сарын турш энэ тэмцээнд оролцсон түүний сонин сайхныг “Сайн хүн явснаа” булангаараа хүргэж байна.
- Сайн явж ирэв үү. Дэлхийн цомын цуврал тэмцээн хаана хаана болов? Хэрхэн оролцов?
- Мөсөнд авиралтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёр жилд нэг удаа болдог. Анх удаа өнгөрсөн жилийн ДАШТ-д би төрсөн ах Н.Хэрлэнтэйгээ хамт оролцоод энэ төрөлд Монголын анхны дэлхийн аваргын мөнгө, хүрэл медалийн эзэд болсон. Энэ жилийн хувьд би Дэлхийн цомын цувралын тав, Азийн аваргын нэг тэмцээнд оролцлоо. Цувралын эхний тэмцээн Өмнөд Солонгост болсон юм. Авиралтын бэлтгэлээ хийж явсаар байгаад л Улаанбаатарт орой орж ирээд өглөө нь Сөүл ниссэн. Ер нь дандаа л тийм байдаг даа. Өмнөд Солонгосын тэмцээнээс алт, мөнгөн медаль аваад Монголдоо ирүүтээ бэлтгэлдээ орсон. Долоо хоног бэлтгэл хийгээд дараагийн тэмцээндээ оролцохоор явсан. Замаараа Германы Франкфуртад байдаг үеэл эгчийндээ тэмцээн, бэлтгэл бодолгүй хоёр хоног газар үзэж, сайхан хоол идэж, ойрд уулзаагүй танилуудтайгаа уулзаж амарлаа. Дэлхийн цомын цувралын хоёр дахь тэмцээн Швейцарт болсон. Очихыг хамгийн их хүсдэг байсан газар маань. Үлгэрийн юм шиг байгальтай ямар ч сайхан орон юм. Ингээд тэмцээндээ орж санаснаа ч биелүүлээд цаашаа Францад очиж дараагийн тэмцээндээ сайхан уралдаад Монголд ирснийхээ маргааш нь “Найрамдал” зуслан дахь мөсөн ханан дээрээ бэлтгэлд гарсан. Ингээд сүүлийн тэмцээн АНУ, Канадад болсноор энэ жилийн том давааныхаа ард гарлаа даа.
- Тэмцээн болсон газар орнууд цаг уур, орчин нөхцлийн хувьд ялгаатай байж таарна. Тэмцээний үр дүнд энэ нөлөөлдөг байх даа?
- Мөсөн ханыг ихэвчлэн гадаа барьдаг учраас цаг агаараас шалтгаалаад янз бүр болчихдог. Мөс нь зөөлөн, хатуу, гөлгөр гээд л. Тийм болохоор тамирчид сэтгэл зүйгээ бэлэн байлгах ёстой. Авирч үзээгүй ханан дээрээ уралдана гэдэг хэний ч хувьд том сорилт. Монголын өвөл ширүүн уур амьсгалтай болоод ч тэр үү, мөс нь хатуу байдаг. Бусад орон манайхыг бодвол дулаан болохоор мөс нь зөөлөн юм билээ. Бас олон хүн авирч дасгал хийсээр байгаад мөсөн хана хагарч эмтрээд нягтаршил багатай болчихсон байдаг. Надад бол Францын мөс хамгийн таатай санагдсан. Монгол тамирчдын бэлтгэл хийдэгтэй ойролцоо. Харин АНУ, Канадынх хамгийн хэцүү нь байсан. Ядаж байхад тэмцээний өдөр цаг агаар нэмэх градус руу орчихсон. Америкийн финал дээр мөс хайлаад, дотор нь байдаг торнууд ил гараад ирчихсэн ч аргагүйн эрхэнд зохицоод авирсан. Канадад тэмцээнийг бүр зогсоосон. Мөс нь барьцгүй болж, сэтэрч унаад тамирчин ч гэмтэхээр юм болсон л доо. Тэгээд сүүлийн авиралтыг оноонд оруулахгүйгээр хөгжилтэй байдлаар явуулъя гээд модон дээр уралдсан. Мөсөн ханан дээр хаанаас ч нь хамаагүй сүхээ зоогоод уралдчихдаг бол модон дээр сүхээ зоох хэсгүүдийг нь яг ижил зайд тэмдэглэж өгдөг. Тамирчдын хувьд биеийн өндрөөс шалтгаалан сүхээ хол, ойр зайд зоож авирдаг учраас тэр авиралт сүүлийнх ч байсан, тамирчдын чадлыг ёстой нэг сорьсон доо. Ялангуяа манайханд илүү хүнд туссан санагддаг. Бид хамгийн сүүлд хоёр жилийн өмнө л модонд авирч байсан хүмүүс. Тэгэхээр яалт ч үгүй чадал дутсан. Миний хувьд тэр тэмцээний эхний гурван байраас долиор хасагдаж, тусгай байранд орсон.
Монголын мөсөнд авиралтын тамирчид.
- Мөсөнд авиралтын тамирчин болсон түүхээсээ хуваалцана уу.
- Би багаасаа спортод ойр өссөн. Манай аав Уулын спортын мастер Х.Нямдоо гэж хүн бий. Говь-Алтай аймгийн Тонхил суманд олон жил биеийн тамирын багш хийж байгаа. Сумандаа жүдо, чөлөөт бөх, хөнгөн атлетикийн дугуйлан хичээллүүлж, хүүхдүүдийг улс, аймгийн тэмцээнд тогтмол оролцуулж ирсэн. Харин манай ах жүдогоор барилддаг, хөнгөнөөр хичээллэдэг, даам, шатарт сайн хүүхэд байсан. Би бол аавынхаа хүзүүнээс салахгүй явдаг эрх хүүхэд нь байв. Бэлтгэлийн зааланд нь хүртэл дагаж очоод, юм хийхгүй ч хараад суучихдаг. Ер нь надад гэр бүлийн орчин их нөлөөлсөн. Анх найман настайдаа спорт авиралтыг сонирхож, улсын аварга тамирчин болно гэж мөрөөддөг байв. Багаасаа тамирчин л болно гэж ярьдаг хүүхэд явсаар наймдугаар ангид орж, анхны улсын тэмцээндээ оролцож байлаа. Олигтой бэлтгэл хийгээгүй мөртлөө аавыгаа дагаж явж байгаад л тэмцээнд орчихдог. Тэгээд хожигдоод гараад ирэхээрээ уйлаад л явдаг байв. Миний хамгийн анх өмнөө тавьсан том зорилго бол улсын аварга болох байсан. Ер нь 12 настайдаа л мөсөнд авиралт гэдэг спорттой жинхэнэ утгаараа танилцаж байлаа.
- “Сутайн бор” клубийнхээ талаар танилцуулаач.
- Манай клубийн ард байгаа гол хүмүүс болох А.Батсүх, О.Батсайхан ах, Ж.Туяа эгчийгээ юуны түрүүнд дурдмаар байна. Клуб тамирчдаас гадна дасгалжуулагч, удирдах зөвлөлийн гишүүдтэй. Тамирчид, үйл ажиллагаа, авч явж байгаа хүмүүсийн тоогоор манай клуб Монголдоо хамгийн том нь. Бусад клубийн тамирчид гадагшаа хамтарсан бэлтгэл, тэмцээн уралдаанд явахдаа өөрсдөө зардлаа зохицуулдаг бол манай тамирчид өөрөөсөө ямар ч мөнгө гаргадаггүй. Тэгэхээр бид зөвхөн бэлтгэлээ хийх, тэмцээндээ л сайн оролцох үүрэгтэй. Өөр зүйлд санаа зовдоггүй. Хэрвээ өөрөөсөө мөнгө гаргаад явдаг байсан бол энэ удаагийн таван цувралыг гүйцээж чадах байсан уу гэдэг маань эргэлзээтэй. Наад зах нь хичээлийнхээ хажуугаар ажил хийж зардлаа олно гэхээр бэлтгэл хийх хугацаа багасна. Тэр хэрээр амжилтын хувь ч буурах байсан. Бидний оролцох тэмцээн, сургалт, дадлага бүгд хэдэн жилийн нарийн тодорхой төлөвлөгөөтэй байдаг. Яг тэр төлөвлөгөөгөөрөө л явна.
- Өөрөө спорт, аялал жуулчлалын ангийн оюутан юм билээ. Энэ мэргэжлийг яагаад сонгох болов?
- Би нэгдүгээр курсийн эхний улиралдаа япон, англи хэлний ангийн оюутан байв. Тэр үед МУБИС-д даваа, лхагва, баасан гараг бүр спорт, аялал жуулчлалын ангийнхан бэлтгэл хийдэг байсан юм. Тэнд цуг бэлтгэл хийдэг болохоор анги удирдаж байсан багш Д.Батболдоос нэг өдөр “Би танай анги руу орж болох уу?” гээд асуутал шууд зөвшөөрсөн. Дараагийн улирлын хичээл эхлэхэд би аль хэдийнэ спорт, аялал жуулчлалын анги руу шилжсэн байв. Багаасаа л спорт, адал явдалд дуртай хүүхэд байсан болохоор зөн совин минь яг миний хүссэн мэргэжил рүү хөтөлсөн гэж боддог. Монголд спорт, аялал жуулчлал гэдэг мэргэжил ганцхан МУБИС-ийн Биеийн тамирын сургуульд бий. Бусад сургууль тэнхим, хөтөлбөрүүдэд зөвхөн аялал жуулчлалын анги байдаг.
Говь-Алтай аймгийн Тонхил суман дахь "Олимп" спорт авиралтын хана
- Дэлхийн цомын цувралын сүүлчийн тэмцээн дээр та дэлхийн чансааны нэгд эрэмбэлэгдэж, алтан цом хүртсэн. Энэ эрэмбийг яаж тогтоодог юм бэ?
- Тухайн жилийн чансааг гурван тэмцээний дундаж хамгийн сайн оролцсон оноогоор нь тогтоодог. Зарим тамирчин цуврал тэмцээндээ бүгдэд нь оролцож чадаагүй тохиолдол байдаг болохоор нь гурван тэмцээний амжилтыг харгалздаг юм. Би гурван тэмцээнд түрүүлж, 300 оноогоор энэ жилийн чансааг тэргүүлсэн. Чансааны хоёрдугаарт АНУ-ын тамирчин, гуравдугаарт өнгөрсөн жил чансаагаараа нэгд бичигдсэн Чехийн тамирчин орсон. Энэ улиралд АНУ, Польш, Чехийн тамирчид хүчтэй өрсөлдлөө.
- Оролцсон төрөлдөө ямар насныхантай өрсөлдөв?
- Би энэ жил 19 настай. Миний өрсөлддөг төрөлд ихэвчлэн 20-35 насны тамирчид байсан. Тэд ихэвчлэн бага залуу наснаасаа бэлтгэгдэж, олон жилийн туршлага хуримтлуулсан байдаг. Харин миний хувьд олон улсын тэмцээнд гурав дахь жилдээ л оролцож байна.
- Алтан медаль авсан амжилт тань 17 метрийн хананд 11 секунд авирсан гэж байсан. Яаж энэ амжилтаа ахиулж байв?
- Швейцар, Францын тэмцээний дүрэм нь тамирчид нэг нэгээрээ авирдаг. Нэг хүн гурван удаа авираад тэндээс хамгийн богино хугацааг нь сонгож байр эзлүүлдэг. Би 17 метрийн хананд эхний удаа 15, хоёр дахь удаа 13, сүүлийн авиралт дээрээ 11 секундэд авирсан юм. Авирч бууж ирэх тоолондоо хийлгэсэн гар утасны бичлэгээ үзээд тухай бүрд нь дүгнээд байлаа. Хөл, гар, биеийн таталт гэх мэт алдаагаа харж аваад дараагийн авиралт дээрээ илүү ахихыг хичээж байв.
Цувралын хамгийн сүүлийн шагнал гардуулах ёслолын үеэр.
- Бэлтгэлээ яаж хангадаг вэ?
- 12 дугаар сарын эхээр “Найрамдал” дээр ханаа босгоод бүтэн нэг сар бэлтгэлд гарна. Тэрийг үндсэн бэлтгэл гэж тооцдог. Долоо хоногийн 5-6 өдөр тогтмол авирдаг. Өглөө, орой нийлээд өдөрт дөрвөн цагийг бэлтгэлд зарцуулдаг. Нэгхэн сарын хугацаанд мөсөө мэдрэх, дасах нь хэцүү байдаг учраас маш шахуу хуваарьтай байдаг. Бусад үед хүчний бэлтгэлтэй.
- Мөсөнд авиралтад хэрэгтэй багаж, хэрэгслүүдээ танилцуулаач?
- Мөсний сүх, гуталныхаа ирийг өөрсдөө тааруулдаг. Хэт ирлэвэл мөсөө зурахаас гадна гүн зоогдож, татаж авахад хүндрэлтэй болно. Иргүй бол зоогдохгүй, хананаасаа салж унаад байна. Мөсөнд авиралтын хэрэгсэл хутганы ирнээс дутахгүй хурц. Тиймээс тамирчид өөрсдөө нүдэн баримжаагаар ирээ тааруулах ёстой байдаг юм.
- Цувралын хугацаанд цуцсан, замаасаа буцсан удаа бий юу?
- Өмнөд Солонгосын тэмцээн дээр алтан медалийн төлөө уралдаж байхад эхний авиралтаа сайн давсан боловч хоёр дахь авиралтан дээрээ цуцсан. Би өмнө нь хоёр цуврал тэмцээнд оролцож байсан нь Өмнөд Солонгост болж байсан юм. Эхний жилд шигшээ 16-д нэгээр гарч ирсэн боловч хананаасаа салаад хасагдсан. Дараагийн тэмцээнд шигшээ наймд үлдсэн ч ахиад л хананаасаа салж, медальгүй хоцорч байлаа.
- Энэ спортыг олон улсад хэр их сонирхдог вэ?
- Нэг үеэ бодвол мэддэг хүн олон болсон байна лээ. Намайг анх олон улсын тэмцээнд оролцож эхлэхэд хэр барагтаа хүн таньдаггүй байсан. Нэг тэмцээнд доод тал нь 80 тамирчин оролцдог болохоор бүгдтэй нь нэр усаа мэдэлцэж амжихгүй ч байсан байх. Харин энэ жилээс миний танилын хүрээ их тэллээ. Бусад орны тамирчидтай ихэнхтэй нь найзууд болж, хөтлөгч нар тэмцээний шууд дамжуулалтын үеэр миний нэрийг дуудахдаа “Nyamdoo” гэдэг байсан бол энэ жилээс “Seleenj” гэж дууддаг болсон. Монголоос өөр улсад гэр бүлийн хүмүүс нэг овогтой байдаг болохоор ах бид хоёрыг “Та хоёр эхнэр нөхөр юм уу?” гэж асуудаг байв. Харин бид хоёр төрсөн ах дүү гэдгээ хэлснээс хойш ах дүү хоёр “Nyamdoo” гэдгээр нь бүр сайн мэддэг болсон. Европын улсууд тэмцээн, уралдаан зохиохдоо энтертэйнмент талаа их чухалчилдаг юм билээ. Швейцар, Францын тэмцээн дээр үзэгчид талбайдаа багтаагүй. Тэдний бараг үндэсний спорт болоход ойрхон санагдсан. Манайд үндэсний бөхийг хүн болгон мэддэг шиг тэнд мөсөнд авиралтыг андахгүй. Бас АНУ-ын Лонгмон хотод мөсөнд авиралтын тэмцээнийг үндэсний спорт шигээ л ирж үздэг юм байна. Өмнөд Солонгосын тэмцээнийг хүмүүс нэлээн үзсэн ч тийм их байгаагүй.
Н.Сэлэнгийн 2025 оны таван цуврал тэмцээнээс авсан медалиуд.
- Эзэн орны тамирчинтай өрсөлдөх үе гарч байв уу?
- Үзэгч, дэмжигч ихтэй улсын тамирчид тэр хэрээрээ хүчтэй өрсөлдөгчид байдаг. АНУ-ын тэмцээн дээр би эхний хоёр авиралтын цагаар дөрөвдүгээр байранд явж байсан юм. Нэгдүгээр байранд эзэн орны тамирчин, хоёрдугаарт Чех, гуравдугаарт Польшийн тамирчин явж байлаа. Тэнд бол үзэгчид нь тамирчнаа гарах бүрт нь дэмжиж орилно. Хөтлөгч нар нь ч арай илүү сүртэй зарлаж өгнө. Ийм үед сэтгэл зүйгээ удирдах ёстой юм билээ. Би хамгийн сүүлийн авиралтан дээр цагаа нэгдүгээр байр руу оруулчихсан юм. Тэндхийн үзэгчид нам гүм болчихсон. Миний дараа АНУ-ын тамирчин гарах ёстой байсан учраас миний цагийг хараад л сандарчихсан. Тэгээд л хоёрдугаар байранд орсон байх. Хүчтэй өрсөлдөгчөө төрсөн нутаг дээр нь ялсан нь гоё байсан ч нөгөө талаараа өрөвдсөн. Гэр бүл, ойр дотнын хамаг л хүмүүс нь дэмжихээр ирсэн байхад хожигдох ер нь ямар ч тамирчинд хэцүү.
- Тэмцээний үеэр сэтгэл зүйгээ яаж бэлддэг вэ?
- Миний хувьд тэмцээний үед бие халаалтаас авирах хүртлээ дандаа чихэвч зүүдэг. Нэг л дуу сонсдог нь Х.Лхагвасүрэнгийн “Хайранд итгээрэй”. Тэмцээндээ ороод, гарч ирэх хүртлээ дахин дахин ухраагаад л сонсоод байдаг юм. Би байнга ном уншаад байдаггүй, спорттой холбоотой бол сонирхоно. Тэмдэглэлийг бол хөтөлнө. Тэмдэглэл хөтлөхөөр сэтгэл илүү тайван, уужим болдог юм. Голцуу тэмцээн, бэлтгэлийнхээ талаар бичнэ. Бэлтгэл эхэлсэн өдрөөс авхуулаад орой болгон биеийн байдал, алдаа оноогоо тухай бүрд нь бичээд явна. Нэг зузаан дэвтэр дуусгаад, одоо дараагийнх нь дундаа орчихсон байгаа. Энэ жилийн таван цуврал тэмцээний ерөнхий байдлыг төсөөлж буулгасан юм. Тухай бүрийнх нь хананы ерөнхий байдлыг зураад авиралт бүрийнхээ цагийг тооцоолж бичсэн. Эргээд харахад яг л түүгээр болсон. Дээрээс нь Ц.Хосбаяр багш маань надад дандаа “Тэнэг хүн шиг байгаарай” гэж захьдаг. Багшийн хэлсэн үг ер нь надад их тохирсон санагддаг юм. Хэн ч юу ч гэж хэлнэ, юу ч тохиолдоно, тэр бүрийг сүртэй хүлээж авахаа больчихсон. Ямар нэг юм онцгүй санагдлаа гэхэд сэтгэл хөдлөлөө огт харуулдаггүй. Тэмцээнд түрүүлсэн ч, ялагдсан ч яг нэг царай гаргаж байснаа сүүлд анзаарсан. Миний уг хүн ч ерөөсөө тийм тайван юм билээ. Хамгийн сүүлд Канадад дөрөвдүгээр байранд орохдоо, зөв юм болж дээ гэж бодсон. Бүтэн улирлын турш бараг ялагдалгүй явж байгаад ялагдахад өөрийгөө илүү ойлгож, таньж байгаа юм. Би хамгийн сүүлийн тэмцээний дараа л биеэ сул тавьсан. Тэр орой нь байрандаа ирээд маш их уйлсан. Бүтэн улирлын турш биеэ хянаж, цэгнэж байсан болохоор одоо нэг хэсэг амрах нь гэж бодонгуут санаа амарчихсан.
- Авиралтын тамирчдад шаардлагатай биеийн онцлог, мөн тохирсон хоолны дэглэм гэж байдаг уу?
- Биеийн хувьд хэт өндөр биш дундаж нуруутай хүмүүс сайн авирдаг. Миний жин 58 кг, өндөр 166 см хавьцаа. Ах бид хоёрын хувьд жигд өндөртэй. Тамирчдад тогтсон хоолны дэглэм байхгүй ч тэмцээний үеэр нүүрс усаа хасна. Бусдаар бол хүссэн зүйлээ иднэ. Нэмэлтээр аминдэм, кератины бэлдмэл ууж болдог. Би ихэвчлэн шөлтэй хоол иддэг. Авирахаасаа таван минутын өмнө нэг ширхэг сникерс, гадил тогтмол иднэ. Бэлтгэл тарж ирээд хоолоо хийж идчихээд, усанд ороод шууд унтахыг хичээдэг. Унтахдаа бүр сайн унтах хэрэгтэй. Утсаа өөрөөсөө холдуулж тавиад нам унтахыг боддог. Нойр бол ямар ч бүтээмжийн эх үүсвэр нь. Авирахад бүтэн биеэс гадна тархи ч ажилладаг болохоор чанартай амралт, хоол хүнс маш чухал.
- Энэ жил гараад удаагүй байхад л зургаан оронд очжээ. Очсон газрынхаа түүх дурсгалын газруудтай танилцаж амждаг уу?
- Тэмцээний өмнөх хоёр өдөр ямар ч хөдөлгөөнгүй амрах ёстой байдаг. Өөр үед бол зав чөлөөгөө хангалттай ашиглаж байлаа. Үзэхийг хүссэн газруудаа явахаасаа өмнө судалж хөтөлбөр гаргасан. Нутгийн хүмүүсээс сонссон гоё газар байвал очиж үзээд, хоол идээд л явсан даа. Европт бид машин түрээслээд явсан болохоор ч тэр үү, илүү чөлөөтэй аялсан. Уулчдын хүслэн болсон Маттерхорн, Монблан уулыг дэргэдээс нь харлаа. Аав маань 2012 онд “Сутайн бор” клубийнхантайгаа Монблан ууланд авирч байсан юм. Түүнээс арван хэдэн жилийн дараа очихдоо бид 3000 метр хүртэл нь яваад зургаа даруулж, тэр хавийг шавайгаа ханатал үзэж харсан даа.
- Багшийнхаа талаар ярьж өгөөч?
- Би хоёр дасгалжуулагчтай. Хүндийг өргөлтийн шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаяр багш дээр хүчний бэлтгэл хийдэг. Анх хээрийн бэлтгэл дээр нь очиж шавь болж байлаа. Аав шиг минь хүн. Манай гэр бүл их нээлттэй. Юу ч нууж хаахгүй, бүх юмаа ярина. Багштайгаа ч би яг тийм байдаг. Ярихаар сэтгэл онгойгоод л явчихдаг юм. Н.Хэрлэн, О.Сайханжаргал хоёр ах маань бас миний дасгалжуулагч. Бас л ний нуугүй ярина. Ах нараасаа тусдаа спорт авиралтын тэмцээнд явахдаа би баг ахалдаг. Клубийн жаал дүү нарыг хариуцаж явдаг учраас бүх юм миний толгой дээр ирдэг юм. Харин хоёр ахтайгаа явахаар зүгээр л эрхлээд явж байвал болчихдог.
Ах дүү хоёр.
- Ээжийнхээ тухай ярьж болох уу?
- Миний ээжийг Отгонжав гэдэг. Сумандаа цэцэрлэгийн эрхлэгч хийдэг. Би сумандаа арван жилийн сургууль төгссөн. Бэлтгэлээ хийгээд ирэхэд ээж “Хоолоо идээд шууд амар” л гэдэг байсан. Гэр орны ажилд төдийлөн оролцоогүй өссөн. Тэмцээн, уралдаанд оролцоод явахад миний өөртөө итгэх итгэл давуу тал болдог. Энэ бүхэн гэр бүлийн хүмүүжилтэй минь холбоотой болов уу. Аав ээж хоёр маань ялагдсан ч, ялсан ч үргэлж намайг дэмждэг сайхан хүмүүс бий дээ.
- Ямар ч тамирчин Олимпын наадамд орохыг зорьдог?
- Спорт авиралтын тамирчид Олимпын наадамд 2020 оноос орж эхэлсэн. Мөсөнд авиралт болохоор 2032 оны Өвлийн Олимпод багтах нь тодорхой болсон. Надад бол одоо нэг Олимпын бэлтгэлийн цикл байна. Энэ хугацаандаа илүү сайжрахын тулд бэлтгэл сургуулилалтаа таслахгүй. Миний хувьд спорт авиралтаар хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь Ханжөүгийн Азийн наадам байсан. Анх удаа оролцохдоо шигшээ 16-д шалгарсан. Спорт авиралтаар ази тамирчид их хичээллэдэг юм. Олимпын аварга болсон нь ч байна.
- Ярилцсанд баярлалаа. Удахгүй Олимпын аварга болж Монголынхоо нэрийг дэлхийд гаргаарай гэж ерөөе.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.