Х.Бадрал: Энэ ном намайг “том хүн” болгосон
Миний дуртай ном
2022-10-24
Лондон хотод гэр бүлээрээ амьдардаг, программист мэргэжилтэй Хайдавын Бадрал нэгэн номыг уншсанаар сэтгэл санаа болон ажил амьдралынхаа олон асуудлыг шийдвэрлэсэн төдийгүй өөрт бодитоор нөлөөлсөн энэ номоо орчуулж, монгол уншигчдад хүргэхээр хэвлэлд бэлтгэж байх үедээ манай сурвалжлагчид ийн ярилаа.
Ажил ч үгүй, мөнгө ч үгүй, нэр ч үгүй
2019 онд ковид дэгдэхийн өмнөхөн Монгол дахь бизнес маань бүтэлгүйтэж эхэлсэн юм. Өөрөө би Лондонд амьдрах болсон, ачаа тээвэр доголдож эхэлсэн, зээлсэн мөнгөө авч чадахгүй, эргүүлээд өр зээлээ өгч чадахгүй зэрэг олон асуудал үүсэв. Ер нь дөч наслах энэ амьдралдаа тийм хүнд дарамтанд орж байгаагүй юм байна. Эхнэр ажиллаж, би хүүхдээ хараад гэртээ суух боллоо. Хүүхдээ харна, гал тогоо барина. Хоолны олон нэр төрөл мэдэхгүй. Мэддэг хэдийгээ л хийнэ. Тэр нь эхнэрт таалагдахгүй, “Хоол амтгүй байна” гэж хэлэх нь хүртэл дарамт нэмж эхэлсэн. Санхүүгийн хувьд эхнэрээсээ бүрэн хараат болж, өгсөн мөнгө нь юунд зарцуулсан нь мэдэгдэхгүй хурдан дуусдаг явдал байнгын болсноор үрэлгэнээрээ дуудуулж эхэллээ. Нэг мэдсэн чинь, хүнсээ цуглуулахаар дэлгүүрт орохдоо дарс авдаг болчихсон байв. Ганц нэг шилээр нь авдаг байсан бол яваандаа амарчлаад, хайрцгаар нь аваад тавьчихна. Өөрөөр хэлбэл асуудлаасаа зугтаж ууж эхэлсэн. Уг нь бид Монголд байхдаа тийм ч муу амьдралтай байгаагүй юм. Гэтэл нэг л өдөр маш олон асуудал дунд, тэгээд хүний нутагт хүүхэд харсан гэрийн авгай болж хувирах нь тэр. Эхнэр сүүлдээ мөнгө өгөхөө больж “Наад асуудлаасаа өөрөө гар. Өөрөө шийд” гэж тулгав.
Ном уншиж эхлэв
Яах ч учраа олохгүй байхдаа найман настай хүүгээ дагаж ном уншиж эхэлдэг юм байна. Дөч хүрсэн хойноо ном сонирхож эхэлсэн гэх үү дээ. Ном хайж явахдаа тэсвэр хатуужлын тухай нэг ном олж, тэнд бичсэний дагуу гүйж эхэлсэн. Гүйхдээ өнөөх номоо сонсоно. Эхэндээ ч өөрчлөгдөж эхэлж байгаа юм шиг санагдаад л, сэтгэл санаа сэргээд л байлаа. Гэтэл тууштай байж чадалгүй амралтын өдрүүд, баяр наадам болохоор архи дарсаа уугаад буцаад л өмнөх хэв маяг руугаа уначихаад байв.
Тэгж яваад Жэй Шэтти гэдэг хүний “Think like a monk” (Лам шиг сэтгэ) номтой таарсан. Надад учраад байгаа энэ асуудлууд, Лондон дахь энэ амьдрал, орчин нөхцөл ерөөсөө л надад даяанчлах боломж олгож байгаа юм байна, нэг ёсондоо би чинь даяан хийж байгаа юм байна гээд бодмогц асуудлууд хөнгөрч эхэллээ. Тэгээд удалгүй Мартин Мийдөүзийн “Daily Self Discipline” номтой учирч, эхлээд аудиогоор нь сонсож, дараа нь хэвлэмлээр нь олж авсан юм. Тэмдэглэл хөтлөх гэж оролдож, аажим аажмаар өөрчлөгдөж эхэлсэн. Тэгээд аавдаа үнэнээ хэллээ. Ямар асуудлууд тулгараад байгаа, сэтгэл санаа ямар хэцүү байхад яаж энэ номтой учирч өөрчлөгдөж байгаа, номын зохиогчтой уулзаж талархлаа илэрхийлэхсэн гэх зэргээр ярьсанд аав “Чамд нэг л удаа туслая. Байраа надад зарчих. Тэр мөнгөөрөө өглөг авлагаа цэгцэлчихэд болох юм байна. Чамд нөлөөлсөн энэ номоо орчуул. Хүмүүстэй хуваалц. Битгий гэрийн авгай шиг амьдраад бай” гэж зөвлөв. Ингээд аав, хуульч эгч хоёр маань надад тусалж, би өр зээлээ бүрэн тэглэсэн дээ.
Амьдралаа олсон минь
Энэ ном “Үгүй” гэж хэлж сурахаас эхлээд надад нөлөөлсөн. Би их зөөлөн, нялцгай хүн байв. Үнэндээ хүүхдээрээ байжээ. Энэ номонд “Битгий ичимхий бай” гэсэн хэсэг байдаг. Өчигдөр гэхэд л би аавын зуслан дээр байхдаа хажуу айлынх нь хаалгыг тогшоод “Миний аав настай хүн юм аа. Танай хашаанд худаг байдаг юм байна. Аавд минь мөнгөөр нь ч болтугай уснаасаа зараач. Хөгшин настай хүн ус авахад хэцүү” гэж тайлбарлаж ярилцаад л аавын усны асуудлыг шийдээд өгчихөж байгаа юм. Өмнөх Бадрал бол тэгж чадахгүй. “За байз, тэгж байгаад тааралдахаараа асууя. За даа, арай ч болохгүй юм болов уу” гэж эргэлзэнэ. За тэгээд л, аав “Яах гэсэн юм!” гэчихвэл “За, тийм дээ” гээд л больчих тийм л хүн байсан, би. Намайг түгжих олон шалтаг шалтгаанууд байсаан. Энэ номонд бас “Ирээдүйн өөртэйгөө ярь” гэсэн бүлэг бий. Жишээ нь, баасан гарагийн орой найзууд гаръя гэж утасдахад хэчнээн дуртай байсан ч маргааш өглөө хүүгээ дугуйланд хүргэж өгөх, дугуй унах, уул руу хамт гарахаар амласан зэргээ эргэцүүлж бодоод тэр түр зуурын сэтгэл хөдөлгөсөн саналаас татгалзаж, харин үнэ цэнтэй дурсамж үлдээх цаг хугацааг сонгох жишээтэй. Заримдаа мэдээж ялагдана. Гэтэл энэ номон дээр ялагдлыг санаа зовох зүйл биш гэдэг. Жишээ нь, тамхинаас гарахыг хүссэн хүн дор хаяж таван удаа буцаж орж байж гардаг. Ялагдаж байгаа мэт боловч энэ нь сурахын нэг хэсэг болохыг энэ ном хэлж өгдөг. Бас нэг хөгжилтэй жишээг бичсэн байна лээ. Фитнесс төвүүд үнэндээ уйгагүй суралцагчдаасаа биш, тууштай байж чаддаггүй элсэгчдээс гол санхүүгээ бүрдүүлдэг байх жишээтэй. Энэ номын бас нэг хэсэг “Үнэн бай” гэж зөвлөдөг. Насанд хүрсэн хүний арван үгний тав нь худлаа байдаг гэсэн баримт байдаг юм байна. Үнэн шүү дээ. Үнэнээрээ байвал ороогдох юм байхгүй, хэчнээн хөнгөн байх бол.
Энэ номтой хэрвээ учраагүй бол өчигдрийн Бадрал том болоогүй, хүүхдээрээ л явах байж. Дөчин нас гэдэг өөрөө амьдралын их чухал үе юм байна. Энэ номыг уншсанаар миний амьдрал одоо л цэгцэрч байна даа. Мартин Мийдөүз энэ номоо бичихэд 20 жилийг зарцуулсан гэнэ лээ. Нэг хүн бичсэн гэхэд гайхахаар тийм ном. Маш олон арга, би бол багажнууд гэж хэлмээр тэр бүгдийг надад хэлж өгсөн миний ширээний ном доо.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.