images

Д.Ган-Очир: Энэ бол зуун жилийн өмнөх монголчуудын амьдралыг дурайтал өгүүлсэн ном

Н.Ариунсайхан

Миний дуртай ном

2022-10-31


     Яруу найрагч Даваасүрэнгийн Ган-Очир хамгийн дуртай номоороо Фердинанд Оссендовскийн “Хүн, араатан, бурхад” номыг нэрлээд, уг номынхоо талаар манай сурвалжлагчид ийн ярилаа.

Монголын тэр үеийн бодит байдлын амьд гэрч

     Уншиж байсан олон ном, тэр дундаа баримтат зохиолуудаас хамгийн дуртай гэсэн нэгийгээ онцлоотох гэвэл “Хүн, араатан, бурхад” номыг хэлнэ.  Энэ номд, зуун жилийн өмнө Цагаан Оросын түшмэл явсан хүн Монгол нутгаар хэрэн хэссэн тухай гардаг. Монголын тухай гадаадынхан ямар ойлголттой байсан, Монголын нийгэм-улс төрийн байдлыг хэрхэн үзэж байсныг эндээс тод томруунаар харж болно. Тэр хүний эргэцүүлэл, тэмдэглэлүүд дотор буй таамаглалуудаас нэлээд нь хожим биеллээ олсон гэхээр сонин. Польшийн еврей Фердинанд Оссендовски гэж энэ хүн уул нь эмч, инженер, зохиолч хүн. Яагаад Монголд орж ирэх болсон тухай, Оросын Октябрийн хувьсгал, нийгмийн эрс өөрчлөлтөөс зугтсан өдрөөс ном эхэлдэг. Улаан хувьсгалын эсрэг байсан тэрбээр Уралын нурууг даван Сибирийг туулаад, Монголд Хөвсгөлөөр орж иржээ. Монголд орж ирээд тэр үеийн нийгэм, шашны нөлөөтэй гэсэн бүх хүмүүстэй уулзаж явсан байдаг. Жалханз хутагт, Нарванчин гэгээн, Богд гэгээн, Дилав хутагт, Дамбийжанцан гээд олон хүнтэй уулзсанаа тэмдэглэсэн бий. Хөвсгөлийн нутаг, Нарванчин хийд, Улиастай, Вангийн хүрээ, Өргөө гээд яваагүй газаргүй. Нийслэл хүрээнд ирээд байхдаа Барон Унгернтэй учирсан байна. Хятадууд Монгол орныг дарлаж суусныг Унгерн хэрхэн монголчуудтай хүч хавсарч хөөсөн явдлын талаар түүнээс дуулсан амьд гэрч юм. Унгерний удам угсаа, намтар түүх, үзэл бодлыг өөрийнх нь амнаас сонсож явсан ховор хувь заяатай хүн байжээ.  

     Энэ номыг унших тусам өөрөө өөртөө шинэ ертөнцийн үүд хаалга нээж байгаа мэт болдог. Зуугаад жилийн өмнөх монголчуудын аж ахуй, амьдралын хэв маяг, хүмүүсийн зан харилцаа, Нийслэл хүрээн дэх нийгмийн байгуулал, Богд хаант төрийн тухай алган дээр илхэн. Гамингууд орж ирснийг Барон Унгерн Монголд хоёр жил орчим болохдоо дарсан зураглал эгээ л дэргэд өрнөж байгаа мэт. Унгерний үед Хүрээний монголчууд цахилгаантай болж, хогийн цэгээ цэвэрлэн, утсан харилцаа хөгжиж эхэлсэн, мөн орчин үеийн эмнэлэг байгуулдаг. 

Сайн орчуулагчийн буян их

     Энэ номыг манай нэрт дуун хөрвүүлэгч Ж.Нэргүй монгол хэл рүү орчуулсан. Сайн орчуулагчийн буянаар хөтлөгдөөд л уншсан даа. Яг л монгол хүн бичсэн мэт уншигчийг үйл явдалдаа автуулж, айдас төрүүлэх газраа айдас төрүүлнэ. Эмх цэгцтэй, дүрслэл сайтай. Анх манайд 1997 онд “Засгийн газрын мэдээ” сонинд цувралаар гарсан гэдэг. Улмаар 2000 онд жижиг үсгийн форматтай, томхон алганд багтмаар ном болж хэвлэгдсэн байна. Өнгөрсөн хугацаанд монгол хэлээр зургаан удаа гарсан, манай гэрийн номын санд бүгд бий. Би анхны хэвлэл, зургаа дахь хэвлэлийг нь уншсан. Анхныхаас хойших дараа дараагийн хэвлэл нь орчуулгаа илүү сайжруулж, зүүлт тайлбар нэмсэн байдаг. Зарим хүнд энэ ном уран сайхны хэтрүүлэгтэй санагдаж магадгүй юм. Тийм байж болох талтай ч, тухайн цаг үеийн Монгол орны тухай маш тодорхой өгүүлсэн баримтат-уран сайхны роман гэж болно. 1922 онд гарсан англи хэлээрх анхны хэвлэл нь Үндэсний номын санд хоёр ширхэг байдаг гэдэг. “Олон нийтийн хүртээл болгохыг хориглоно” гэсэн тусгай дардастай. Социализмын үед хүмүүст уншуулахыг тэгж хориглож байжээ. Ийм номыг Ж.Нэргүй гуай соргогоор танин шүүрч аваад орчуулсан. Монголын тухай ном Баруунд өч төчнөөнөөрөө гараад Монголдоо гараагүй он удсан байсан хэрэг. Сайн орчуулагч юуг орчуулах вэ гэдэгтээ гярхай байдаг. Түүний орчуулгууд дотроос хэл найруулга, ур хийц төдийгүй монгол хүнд чухаг хэрэгтэй гэх мэт аль ч талаас нь бодсон нэг манлай нь энэ.      

     Оюутан байхад Өрнөдийн уран зохиолын хичээлд заавал унших ёстой 100 номын жагсаалт өгдөг байв. Би жилийн хугацаанд гучаад номыг нь л уншиж амжсан. Ихэнх нь олдохгүй, ховор. Дараа нь амьдралд хөл тавьсан хойноо өөрөө нөхөж уншихын тулд олж авсны минь нэг нь энэ ном юм. Анхны хэвлэлтийг уншихад хагас өдрийн л ажил байлаа. Гоё ном ямар сайхан байдаг гэж санана. Нэг эхлэвэл салдаггүй. Энэ номд хөтлөгдсөн сэтгэлээрээ орчуулагч Ж.Нэргүйн “Монголчуудтай би Лиссабон ч хүрнэ”, “Аугаа их босуул”,  “Домогт Барон”, “Азийн зүрх”, “Монгол, Тангад нутгаар” зэрэг номыг уншсан. Эхлээд ихээхэн автаад уншиж байсан бол дараа нь шинжиж эхэлсэн. Би орос хэл мэдэхгүй учраас эх хэл дээрхийг уншаагүй. Гэхдээ монголоор гарсан бүх хэвлэлт нь байна. Буриадад гарсан хувилбар нь ч байна.

Сайн сайхан, муу муухайг эн тэнцүү өгүүлжээ

     Хүний дотоод сэтгэлийн 3D хэмжээс бол Хүн, Араатан, Бурхан. Энэ номонд яг л үүнийг задалж өгүүлсэн. Хүний тухайд намтар, оршин буй ертөнцийн жижиг хөргүүд байна. Хүмүүсээс ямар араатанлиг шинж илэрч болдогийг ч багтаасан. Жишээ нь Октябрийн хувьсгалын их хөлөөс зугтаж, Сибирийн ой тайгаар явахад дайралдсан, нүдээр үзсэн аймшигтай зүйлс тэр чигээрээ бий. Хэлэхийн аргагүй. Эмэгтэй хүнийг ойд аваачиж зэрлэгээр мөчилж, хүчирхийлнэ. Хувьсгалын эсрэг ганц үг амнаасаа унагаасан нэгнийг тамлан хороож байгаа нь гарна. Адал балмад байна гэдэг араатанлиг шинж. Уур бухимдал, өөрийгөө хянаж чадахгүй байдал хүнд бий. Түүнийг хүн ёсны хэм хэмжээст тохируулж, өөрийгөө бариад сурчих хэрэгтэй. Муу зүйлд өөрийгөө хязгаарлаж, биеэ зөв авч явдаг зүйл бол суурь хүмүүжлээс гадна мэдлэг боловсрол. Ингэж болохгүй юм шүү гэсэн ёс суртахууныг хүн номоос л олж харна. Оросын хувьсгалын Монголд орж ирж буй нөлөөг үзүүлж буй мэт боловч, хүн гэдэг амьтан хүн болж төрсөн хэрнээ араатны шинжийг нэгэнт олбол ямар аймшигтай хар нүхэнд унадаг вэ гэдгийг харуулдаг.  

     Зохиолч няхуур, ажиглагч. Хөвсгөлийн тайгын байгаль, цаатны аж байдлын дүрслэлийг маш сайхан бичсэн. Зохиолч Хөвсгөлд нэг айлд очдог. Нэлээд чинээлэг бололтой, сайхан байшин сууцтай ноёных байдаг. Гэрт ортол эхнэрийнх нь нүд нуухандаа баригдаад, сохроход ойрхон болчихсон сууж байж. Учрыг нь асуувал, нүдэнд нь бохир орсон бололтой, эдгэхгүй олон хоног шаналгаж байгаа гэнэ. Өөрөө эмч учраас санаачилга гаргаж “Би үзээд өгье” гээд авч явсан ойр зуурын багажаар ариутган цэвэрлэдэг. Аргаа бараад байсан айлын хүн машид баярлаж  хүндэтгэн байгаа бүхнээрээ дайлдаг. Энэ мэт жишээнээс монголчууд хүнд тус хүргэвэл эргээд хариуг нь барьж чаддаг өгөөмөр ард түмэн гэдгийг харсан тухайгаа өгүүлсэн байдаг. Муу хүндээ бол яагаад ч нүүр өгдөггүй гэхчлэн монгол хүний зан чанарын тухай ч их бий.   

     Төгсгөлийн хэсэгт Шамбалын орон, Монгол нутгийн ариун гэгээн, бурханлиг сайхан гэж үзсэн бүхнийхээ талаар өгүүлсэн нь таатай. Байгаль дэлхийгээ хайрладаг, нүүдэлчдийн өв соёлоо тээж буй, хэт материаллаг бус сэтгэлгээтэй ард түмэн гэж монголчуудыг хэлдэг. Бидний сониуч зан, авах гээхийн ухаан, гудиггүй зантайг үзээд зохиолч их гайхсан байдаг.  Уламжлал дээр шинэчлэл тогтдог учраас монголчуудын байсан ёс суртахуун, одоо байх ёстой хэм хэмжээний хөтөч л гэсэн үг. Алтан тэвшийн хөндий дэх Гандантэгчинлин хийдийг тойроод Нийслэл хүрээгээ үүсгэж байгаа монголчуудын зуугаад жилийн өмнөх намтар, түүхийн гэрч баримт маш арвин. Үнэхээр салахын аргагүй амттай ном билээ.  

Хүн бүр дуртай номтойгоо учраасай

     Номын сандаа хайж байсан номоо аваад тавьчихаар сэтгэл өег байдаг. Хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн номоо би байнга л бусдад зөвлөдөг. Орчин цагт, баримтад тулгуурласан уран зохиол түлхүү хөгжиж байна. Түүхэн бодит хүмүүсийн нийгэмдээ нөлөөлсөн нууц нь юундаа байсан, тэд ямар зовлон бэрхшээлийг туулж тэр байр сууринд хүрсэн, зөв буруу замын чухам алинаар явсан гэх зэргийг унших нь, ажил амьдралаа хөтлөхийн мөрд авах гээхийн ухааныг уялдуулж сурахад тустай юм. Амьдралд эцэг эхээс дутуугүй сайн зөвлөгч бол сайн ном. Хүн эд хөрөнгө цуглуулахын хойноос явахынхаа зэрэгцээ, амьдралдаа ядаж нэг ч болтугай ном бүтэн уншаасай. Ганц ч гэсэн хамаагүй, дуртай гэсэн номтой байгаасай. Нэг олдох амьдралд, тийм номтойгоо заавал учраасай. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.