images

Жүжигчин Д.Энхбаяр: “Карамазовын хөвгүүд”-ийг ганцхан уншсан ч одоо болтол бодогдоод болдоггүй   

Ж.Ариунгэрэл

Миний дуртай ном

2022-11-03


“Миний дуртай ном” булангийн өнөөдрийн зочин Д.Энхбаяр. Олон зуун кинонд дуу оруулсан, телевизийн хөтлөгч, кино жүжигчин, хөлбөмбөгийн хорхойтон тэрбээр хамгийн дуртай номоороо Ф.Достоевскийн агуу таван романы нэгийг нэрлэлээ.   

   Би олон ном уншаагүй, цөөхөөн ном уншсан хүн. Яахав, уншсан цөөхнийгөө гайгүй ойлгочихдог байж магадгүй. Дуртай номоо ярихаас өмнө анх уншсан номтойгоо холбоотой сонин байж мэдэх нэг жишээ ярья. Миний анх уншсан ном бол Даниэль Дефогийн “Робинзон Крузо”. Чилийн далайн эрэгт Хуан Фернандесийн арал дээр усан онгоцны ахмадтайгаа маргаж арал дээр хаягдаад, хаяж явсан хүмүүс нь дөрвөн жилийн дараа очсон чинь амьд байхаар барахгүй товхийтэл амьдарч байсан хүний түүх шүү дээ. Тэр үед би зургаа, долоон настай, дөнгөж л уншиж бичиж сурч байсан байх. Надад айхтар гүн сэтгэгдэл үлдээсэн шиг байгаа юм. Ногоон өнгийн хатуу хавтастай, сүрэл ч билүү өвс, навчаар хувцас хийгээд өмсчихсөн хүний зурагтай, нүүрэн дээр нь Даниэль Дефо гээд бичмэлээр их том биччихсэн тийм ном байдаг даа. Сонирхолтой нь “Анх уншсан ном гэдэг бол ерөөсөө хүний амьдралд анхны сэтгэгдэл шиг гүн гүнзгий ул мөрөө үлдээж насан туршид нь нөлөөлдөг” гэж бичсэнийг урлаг судлаач, кино зохиол бичдэг нэг найз маань олж уншиж л дээ. Тэгээд түүнийгээ надад хэлж билээ. Эргээд бодсон чинь яг тийм.

   Би ер нь ганцаараа байх их дуртай. Ганцаараа байх тусам л аз жаргалтай байгаад байдаг. Тэгсэн энэ маань анх уншсан номтой холбоотой байж мэдэхээр болоод явчихсан. Би ер нь ганцаараа хөдөө хээр байх, ойд ганцаараа гал түлээд л суух, зуслангийн байшинд ч ганцаараа усаа зөөгөөд, хоол ундаа хийгээд, гэрээ дулаалаад л. Ганцаараа байгаа хүнд бэлдэх юм их шүү дээ, тэр бүхнээ хийгээд л ганцаараа байх сонирхолтой. Ерөөсөө миний амьдралын ихэнх цаг хугацаа ганцаараа өнгөрсөн. Юм л бол би нэг өрөөнд ганцаараа юм бодоод сууж байдаг, эсвэл гудамжаар ганцаараа алхах дуртай ч байдаг юм уу. Ганцаараа байх л их дуртай. Анхны ном маань тэгэхээр надад ингэж нөлөөлжээ. Гэхдээ энэ бол анхны ном гэдэг утгаар шүү. Аа харин хамгийн дуртай ном гэвэл Ф.Достоевскийн “Карамазовын хөвгүүд”-д их дуртай юм болов уу. 2009, 2010 оны үед уншиж байсан. Тэрнээс хойш уншаагүй ч, бодогдоод байдаг. Үйл явдлууд нь, дүр нь их бодогдоно оо. Достоевскийг гүйцэд сайн ойлгоно гэж юу байхав. Гэхдээ л өөрийнхөө хэмжээнд сонин сонин юм олж харсан юм болов уу гэж боддог.

   “Үхэхдээ таарсан муу хүн гэж байдаггүй юм” гэж Эрик Эмманюэль Шмиттийн хэлсэн үг байдаг шиг “Карамазовын хөвгүүд” зохиолын гол дүр Фёдор Павлович Карамазов гэж адгийн, маш муу хүн. Архичин, садар самуунд дуртай, боломж гарвал дэл сул юм шүүрчих санаатай, мууд дээрэлхүү, ашигтай хүнд долигонуур, амин хувиа хичээсэн, зөвхөн өөрийн жаргалыг боддог, бурханд итгэдэггүй, бүх юм нь бүрэлдсэн хүн байхгүй юу. Гэтэл тэр хүнээс жижиг сажигхаан сайн сайхан чанарууд хальт хальт цухалзана аа. Хүнд ер нь буян нүгэл, сайн муу аль алин нь хосолж байдаг байх нь л дээ. Эцэг Карамазов гурван эхнэрийн дөрвөн хүүтэй. Бага хүү нь гудамжны тэнэмэл, орон гэргүй эмэгтэйгээс төрсөн. Мань эр согтуудаа тэр хөөрхийлөлтэй эмэгтэйг хүчирхийлж нэг хүүтэй болгосон. Хүүгийнх нь ээж адууны жүчээнд амьдарч байгаад нас барсан. Бага хүүгээ гэртээ оруулахгүй, зарцындаа байлгадаг. Хүмүүст ярихдаа минийх биш гэж ярьдаг. Өнөөх гурван хүү нь мөн гурван өөр араншинтай. Хамгийн том хүү нь эхнэрээ зоддог, архи дарс уудаг, санхүүгийн сахилга бат байхгүй, хүн амьтан зодно, эхнэр солино гэх мэт эцгийнхээ хамаг л муу чанаруудыг авчихсан. Хоёр дахь хүү нь мөн шуналтай, амин хувиа хичээсэн, муу санаатай, ашиг хонжооч гээд мөн л муу муухайг нь өвччихсөн. Гурав дахь хүү нь болохоороо эцгийнхээ зурвас үзэгддэг дөнгүүр чанаруудыг нь арай жаахан томруулаад аваад төрчихсөн байгаа юм. Алёша гээд тэр бага хүү нь ээжийнхээ талыг их дуурайсан, бурхан шүтдэг байх жишээтэй. Гэтэл эцэг нь болохоор ээжийг нь бурханд залбираад байж байхад нь бурханыг нь өшиглөөд унагачихдаг, бурханы зургийг өмнө нь урж хаячихаад “Бурхан чинь яаж ч чадахгүй байгаа биз дээ” гээд амыг нь асууж байх жишээтэй. Эцэс сүүлд нь үйлийн үр гэж байдаг гэдгийг тэр зохиолд харуулж л байгаа юм даа. Том хүү ч тэр, дунд хүү ч мөн адил үйлийн үрээ эдэлж. Харин гудамжны тэнэмэл хүүхнээс төрүүлсэн Смердяков гэж хүү нь мэдрэл муутай. “Dahmer” гэж цуврал алуурчин Америкт байсан тухай кино сая гарав аа даа? Яг тэрэн шиг хийж байгаа үйлдэл нь, характер нь зожиг, ганцаардмал. Дотроо хүнээс гаж, шал өөр бодолтой. Хүн өөрийг нь хайрласан ч, зодсон ч яг л нэг харцаар харж байдаг. Дотроо юу бодож байгаа нь мэдэгддэггүй. Тэр хүүдээ эцэст нь алуулаад үхчихдэг. Надад үнэхээр хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн зохиол л доо. Ахиад уншихсан гэж бодож яваа. Одоогоор зав гарахгүй л яваад байна. Ахиж унших юм бол зөндөө олон юм нэмэгдэж харагдах байх.

   Достоевскийн зохиолууд сайн бодож хийсэн кино шиг олон янзаар задардаг. Яг л стерео зураг шиг бичсэн санагддаг. Олон янзын хариулт өгдөг. Би дуртай юмандаа төвлөрөхдөө сайн. Ид төвлөрчихсөн байхад хажууд юм ярих, магадгүй бөмбөг дэлбэрсэн ч анзаарахгүй байж мэднэ. Найзууд намайг ой сайтай гэдэг. Гэхдээ үнэхээр ой сайтай юм уу гэхээр үгүй. Тайзан дээр нэг эмэгтэй хөтлөгчтэй хамт таван цаг байсан хэрнээ даашинзных нь өнгийг хүн асуухад би бодоод бодоод олж чадаагүй (инээв). Жишээлбэл, би “Монте Кристо гүн”-ийг дөрөвдүгээр ангидаа уншиж байсан хэрнээ одоо үйл явдал, дэс дараалал, нэр ус, он тооллыг нь бараг мэдэх байх шүү. Гэхдээ л би жинхэнэ уран зохиолд хайртай уншигчдын хажууд шилбээр нь ч татахгүй амьтан л даа. Гол нь автаж уншвал ойлгодог, тэгээд мартдаггүй онцлогтой юм шиг байна лээ.

   Нэг хэсэг түүх барьж авав аа. Тэддүгээр зууны түүх л гэнэ, тэр улсын түүх л гэнэ. Хайж олоод л уншдаг байлаа. Оросын түүх ч сонин санагдаад л, Японы түүх ч сонин санагдаад л. Гэтэл бүх улсын түүх ижилхэн, хүний л түүх юм билээ. Болж буй үйл явц нь ижилхэн. Хаан ширээний төлөөх тэмцэл юунаас болж үүсдэг, хэнийгээ яаж хөнөөсөн, яагаад дайн болсон байнав гээд л хаа байсан Скандинавын хойгт, Африкт, Европт, хойд өмнөд Америкт, Монголд, Японд бүгд ижил, хүний л түүх юм билээ. Нэрнүүд нь өөр. Газар нутгийн онцлог, зан заншлаасаа болоод жаахан өөр. Ерөнхийдөө л тэгээд хүсэл шунал, алдар нэр, эд баялаг л байдаг юм билээ дээ. Тэгэхээр нь түүхийн сэдэвт зохиол уншихаа болиод кино зохиол гэдэг юманд дурлаж нэг хэсэг кино зохиол бичиж таваргав аа. Тав маван кино зохиол бичсэн байх шүү. Гэхдээ бас больчихсон. Цээжний бангаар ингэж бураад бүтэхгүй нь, ер нь юмаа сайн ойлгож байж бичье гээд. Ер нь кино зохиол гэж яг юу юм бэ, үндсэн араг ясыг нь ойлгоё, өөртөө шингээж авъя гэж бодоод сүүлийн үед кино зохиол судалж, уншиж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.