images

Петр Павел: Чех, Монгол улс газарзүйн байршил хол ч үзэл санаа нэг

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-03-11


   Монгол, Чех улсууд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус улсад дөрвөн өдрийн айлчлал хийж байна. Өчигдөр Чехийн ерөнхийлөгч Петр Павел Прагийн шилтгээнд Монгол улсын ерөнхийлөгчийг угтан авч хэлэлцээ хийсний дараа хамтран хэвлэлийн мэдээ гаргасан билээ. Энэ үеэр талууд цаашид олон талбарт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа нотолсон бөгөөд хоёр улсын харилцаа өнөө цагт өргөжин хөгжиж буйг батлах тоон баримтуудыг дурдсан юм. Тухайлбал, найрамдалт харилцааны 75 жилд Монголын 20 мянга гаруй оюутан Чехэд дээд боловсрол эзэмшсэн байна. Өнгөрсөн онд хоёр улсын худалдаа 914 сая крон болсноос 887 сая нь Чехийн талын экспорт аж. Худалдааны харилцаа зөвхөн 2024 онд 80 хувиар өссөнийг П.Павел тодотгосон бөгөөд өнөөдөр хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын хамтран зохион байгуулж буй бизнес форумд 200 гаруй бизнес эрхлэгч оролцож байгаагийн 100 гаруй нь Монголынх юм. МҮХАҮТ-аас өнөөдөр мэдээлснээр, Монголын бизнес эрхлэгчдийн эхний хэсэг дэлхийд тэргүүлэх даавууны үйлдвэртэй, хоёрдугаар хэсэг Прагийн Хөрөнгийн биржтэй, гуравдугаар хэсэг мах, махан бүтээгдэхүүний үйлдвэртэй танилцжээ. Мөн талуудын хамтран хэрэгжүүлдэг онцлох төсөл бол тахь сэргээн нутагшуулах юм. Төслөөр 2011-2019 оны хооронд Прагийн амьтны хүрээлэнгээс Монголд 34 тахь авчирсан нь Хомын тал, Говийн Их дархан цаазат газрын “Б” хэсэгт амжилттай үржиж байна. Ирэх онд тус хүрээлэнгээс Нөмрөгийн талд тахь шинээр нутагшуулахаар болсон билээ. Прагийн амьтны хүрээлэн үзэгчдэд худалдсан тасалбар бүрээсээ найман кроныг “Тахийг эх нутагт нь эргэн нутагшуулах” төслийг санхүүжүүлэхэд зарцуулдаг бөгөөд өнгөрсөн онд гэхэд найман сая гаруй крон цугласан юм. Улмаар Прага хотын амьтны хүрээлэн Монголын БОУАӨЯ-тай дахин хамтран ажиллахаар Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж дэлхийд нэн ховордсон хавтгай тэмээг хамгаалахад туслахаар боллоо. Монголын төрийн тэргүүний түвшний айлчлал 10 жилийн дараа Чехэд болж буй нь энэ бөгөөд хоёр улс Иж бүрэн түншлэлийн харилцаатай болж Гадаад хэргийн сайд нар тунхаглалд гарын үсэг зурав. Улмаар боловсрол, эрчим хүч, эрүүл мэнд, соёл, спортын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд холбогдох албаны хүмүүс гарын үсэг зурсан юм. Энэ тухайд Чехийн ерөнхийлөгч "Хоёр улсын газарзүйн байршил хол ч үзэл санаа нэг" хэмээсэн бөгөөд дээрх салбаруудаас гадна батлан хамгаалах зэрэг бусад салбарт хамтрах хүсэлтээ илэрхийлсэн юм. Иж бүрэн түншлэлийн харилцааны дараагийн шат нь Стратегийн түншлэл болдог билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.