images

Хятадын улс төрд амьтны нэрийг өргөнөөр ашигладгийн учир

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-06-22


     Хятад улс дотоод улс төр, дипломат харилцаандаа амьтантай холбоотой зүйрлэл үгсийг түгээмэл ашигладаг. Энэ хандлага ялангуяа 2012 оны сүүлчээс буюу Ши Жиньпин засгийн эрхэнд гарснаас хойш илүү их ажиглагдах болжээ. Үүний нэг жишээ нь тус улс 2014 оноос хойш гадаад орнуудад явуулж буй “Үнэгний ав” ажиллагаа юм. “Үнэгний ав” нь бусдын эд хөрөнгийг шамшигдуулах, залилан мэхлэх зэрэг гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа оргон зайлсан, гадаадад идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй этгээдүүдийг эх оронд нь буцаах ажиллагааг хэлсэн нэр томъёо юм. Үнэгийг тус улсад зальтай, овжин муу аргатай амьтан гэж үздэг бөгөөд “Үнэг шиг овжин муу аргаар гадаад улс руу зугтсан гэмтнүүдийг хоморголон барина” гэсэн утгаар тайлбарладаг ажээ. 2013 онд Ши Жиньпин төрийн албан хаагчдын дундах авлигыг бүрэн устгах тухай мэдэгдэхдээ “Өвгөн бар, ялаа хоёрыг хамтад нь барих ёстой” гэж онцолсон. Энэ нь авлигад идэгдсэн төрийн өндөр албан тушаалтнуудыг өвгөн бар, доод албан тушаалтныг ялаатай зүйрлэсэн хэрэг юм. Тухайн үед тус улсын Боловсролын яамнаас нийтэлсэн албан ёсны тайланд энэ хоёр үгийг шинэ үг болгон бүртгэсэн билээ. Өдгөө Өмнөд Солонгост суугаа Элчин сайд Шин Хаймингийн хэлж маргаан дагуулсан “Чонон дипломат ажиллагаа” хэмээх үг мөн л амьтны нэрээр илэрхийлсэн хэллэг юм. 2020 оны хоёрдугаар сард Германы “Der Spiegel” сонин Хятадын түрэмгий дипломат арга барилыг "Чонон дипломат ажиллагаа" гэж тодорхойлсон нь өргөн хэрэглэгдэх болсон. Үүний дараахан тухайн үеийн Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч няцаалт хийж, мөн л амьтны нэрээс эш татан "Барууны орнууд чоно, бар шиг харгис хэрцгий, харин Хятад л хурга шиг хүлцэнгүй дуугүй байх ёстой гэж үү?" хэмээн эсэргүүцлээ илэрхийлж байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.