Д.Равдан: Монголын радио бол миний багш
Хөдөөгийн баясгалан
2024-06-17
Эдүгээ нас сүүдэр 90 хүрч байгаа Завхан аймгийн харьяат өндөр настан Д.Равдан гуай амьдрал тэмцэл, эрхэлж ирсэн ажил үйлсийнхээ талаар манай сайтад дэлгэрэнгүй ярилцлага өгөв. Хөдөө нутгийн уул талаар соёлын үрийг тарьж, жирийн киномеханикчаас ажлын гараагаа эхлээд Кинотеатр, Соёлын ордны дарга хүртэл ажилласан, удирдсан байгууллага болгоныхоо ажил үйлсийг ямагт тэргүүн эгнээнд хүргэж хөл дээр нь бат зогсоож ирсэн Д.Равдан гуай “Би ажил хөдөлмөр гээчийг бүхнээс эрхэмлэдэг, ажлын төлөө үхэн хатан зүтгэдэг хүн “ хэмээн хүүрнэж сууна. Туулсан замнал тэр чигээрээ үлгэр домог мэт ажээ.
-Равдан гуай та өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Дашзэвгийн Равдан гэдэг. Одоо Эрдэнэт хотод амьдарч байна. Би Монголын радиотой насаараа нөхөрлөж, ажил хөдөлмөрийг бүхнээс эрхэмлэн аж төрж ирсэн хүн дээ. Баярламаар тохиол гэвэл, Монголын радио бид хоёр нас чацуу юм. Би нэг их том сургууль соёл төгсөөгүй. Гол нь өөрийнхөө толгойгоор, өөрийнхөө ариун цагаан хөдөлмөрөөр амьдраад одоо нас 90 хүрч байна. Хэн нэгэн надаас “Таны багш хэн бэ?” гэж асуувал би эргэлзээгүйгээр “Миний багш бол Монголын радио” гэж хариулдаг. Яагаад гэвэл, би бүх насаараа радио сонсож, радиогоос суралцаж, радиотой нөхөрлөж өдий хүрлээ. Радиогоосоо суралцсаар амжилтад хүрсэн гэж хэлж болно.
-Анх хэзээ радиотой танилцав?
-Би Хөвсгөл аймгийн Жаргалан суманд анхны радиог авчирч байсан юм. 13 настай жаахан хүүхэд ахынхаа жингийн тэмээг хөтөлж Хатгал орж байлаа. Тэгэхэд “Эх орон 52” гэж радиог анх олж хараад, шууд худалдаж аваад гэртээ ирсэн. Тэр цагаас радио бид хоёр салаагүй. Миний насаараа мөрдөж ирсэн дэглэм бол өглөө бүр 5.00 цагт босоод гэр орноо янзалж, жаал жуул ажил амжуулчихаад 6.00 цагаас радиогийн эхний мэдээг сонсож нэг өдрийн ажил амьдралаа эхлүүлнэ дээ. “Улаанбаатараас ярьж байна” гээд л эхлэхээр сэтгэл огшоод ирдэг. Монголыг байтугай дэлхийг хүн ардад таниулаад, ард түмнийг соён гэгээрүүлж байдаг ийм сайхан буянтай газар байдаг юм байна гэж боддог байлаа.
Та эрхэлж ирсэн ажил үйлсийнхээ талаар хуучлаач?
-Надад эзэмшсэн боловсрол гээд байх юм үгүй. Ерөөсөө л Монгол улсынхаа хөдөлмөрийн аваргуудын туршлага, хөдөлмөрийн баатруудын ажил үйлсийн талаар мөнөөх л радиогоороо сонсож, тэдний баялаг туршлагаас суралцаж өдөр тутмынхаа ажил үйлсэд хэрэгжүүлж явсаар амжилтад хүрсэн хүн. 1950-иад оны эхээр Монголд анх удаа дуутай кино орж ирэв ээ. Би Завхан аймгийн төв дээр 10 жилийн сургууль төгсчхөөд байж байсан чинь аймгийн дарга дуудлаа. Яваад орсон, Улаанбаатар луу хоёр хүнийг дуутай киноны курст явуулах болсноо хэлээд нэгэнд нь намайг яв гэв. Би ч уухайн тас зөвшөөрөөд хотод очиж кино механикчийн курсэд суугаад нутагтаа эргээд иртэл намайг Завхан аймгийн Кино салбарын даргаар томилж орхив оо. Энэ бол 1952 он юм. Нөгөө дуутай кино гээчийг нутагтаа нэвтрүүлэх болтол манай аймагт кино театр байдаггүй. Таван аймгийн дунд нэг кино механикч ноогдож байсан юм. Ингээд кино урлагийг олонд түгээе гэж бодоод аймгийн намын үүрийн дарга, аймгийн дарга хоёрт өөрийн санаачилгаа танилцуулаад сум бүрт албан бичиг явуулж нэг нэг хүн дуудаж ирүүллээ. Өөрийн санаачилгаар хийж байгаа ажил болохоор нөгөө хүмүүсийнхээ зардал мөнгийг хувиас нь гаргуулж байгаа юм. Тэгээд цуглуут нь өөрөө хичээл заагаад, мэдэхгүй зүйл гарвал Улаанбаатараас багш урьж заалгаад, ингэж зүтгэсээр 25 хүнийг хөдөө нутгийн анхны кино механикч болгож төгсгөсөн дөө.
-Сум бүрээс ирсэн тэр хүмүүс ямар хүмүүс байв? Сургууль соёлын дөртэй хүмүүс байв уу?
-Үгүй дээ. Зүгээр л морь унаад хонь хариулж явсан нударгатай дээлтэй малчин ардууд шүү дээ. Киноны хальс, аппарат хэрэгслийг анх удаа харж байгаа хүмүүс. Тэдэнд би хотод сурснаа зааж техникийн дөртэй болгож байгаа юм. 45 хоногийн курс хийж тараагаад, гэртээ харьж долоо хоноод эргэж цуглар гэсэн үүрэг өгөөд явууллаа.
-За ингээд кино механикчидтай болоод авлаа. Дараа нь яав?
-Дараа нь өөрөө Улаанбаатар явлаа. Соёлын яаман дээр очиж учир байдлаа танилцуулаад 25 ширхэг киноны аппарат, мөн тооны мотор авлаа. Ингээд хөдөө аймгуудаас анх удаа манай Завхан аймаг дуутай кино үзэх боломжтой болж байгаа юм. Энэ үйлсийн төлөө төр засгаас намайг онцгойлон сайшааж, шагнаж байлаа. За ингээд техник хэрэгсэлтэй болоод нутагтаа яваад иртэл кино театр байдаггүй. Дахиад л аймгийн дарга дээр орж кино театртай болох хүсэлт гаргатал дарга тун баяртай хүлээж аваад зураг төсөл гаргаж ирэх үүрэг өгөөд, өөрөө болохоор хөрөнгө зардал шийдэж өгөх амлалт өгөв. Би ч дор нь хөөцөлдөж мэргэжлийн хүмүүсээр кино театрын зураг төсөл хийлгэж, аймгаас мөнгө төсөв гаргуулаад хоёр жилийн дотор 300 хүний суудалтай кино театр босгоод авлаа. Театрынхаа тайзны хөшиг, дэлгэц зэргийг хийхэд улсаас мөнгө гаргуулалгүй, ажилчдаа дайчлан ажиллуулж долоо хоногийн дотор бэлэн болгов. Ажилчдынхаа хувийн оёдлын машиныг авчруулаад 10 машин зоочихсон, аймгийн автобаазаас УАЗ-469 машин хөлсөлж аваад гаднаа бэлэн зогсоочихсон, хөхүүл хүүхэдтэй эхчүүдээ хоёр цаг тутамд машинаар явуулж хүүхдийг нь хөхүүлж ирээд шууд ажилдаа орох зэргээр нарийн хуваарьтай ажиллуулсны дүнд ингэж хурдан дуусгасан хэрэг. “Улиастай” нэртэй кино театр одоо ч байж байна. Ингээд манай аймгийн иргэд дуутай кино үзэх боломжтой болж, кино салбарын бид өдөрт гурван удаа кино гаргадаг болсон юм. Ингэж анхны кино театраа босгоод даргаар нь арваад жил ажилласан даа.
-Өөрөө босгосон кино театрынхаа даргаар арваад жил ажиллаж. Тэгээд дараа нь ямар ажил эрхлэв?
-Ингэж явтал нэг өдөр дахиад аймгийн намын хороон дээр дуудлаа. Яваад очтол “Аймгийн киноны салбар хөл дээрээ тогтоод сайхан боллоо. Танд их баярлалаа. Харин аймгийн Соёлын ордон цалингаа ч тавьж чадахгүй, гэрэл цахилгааныхаа төлбөрийг ч төлж дийлэхгүй байна. Тийм болохоор таныг Соёлын ордны даргаар томилж байна. Та тэр байгуулагыг хөл дээр нь босгох хэрэгтэй” гэв ээ. Намын даалгавар юм хойно “За” гээд л гарч шууд ажилдаа орсон. Ажлаа аваад Соёлын ордныг ч дор нь хөл дээр нь босгоод, даргаар нь хорь гаруй жил ажилласан. Ингээд байж байтал дахин дуудагдав. Очтол “Эрдэнэт хотод Соёлын ордон байгуулах боллоо. Та арвин туршлагатай хүн тул таныг тийш томилж байна” гэсэн даалгавар өглөө. Би ч сурсан зангаараа “За “ гээд л гарч очоод Эрдэнэт хотын Соёлын ордны даргаар 12 жил ажилласан. Энэ мэтээр бүх насаараа соёл урлагийн байгууллагад ажиллажээ. Гэсэн ч миний багш бол Монголын радио хэвээрээ л байсан. Энэ олон жилийн тоосон дунд радиотойгоо нөхөрлөж, суралцсаар л явсан. Соёл урлагийн бригадаар нэг жилд 120 хоног хөдөө томилолтоор ажиллаж байсан байна. Хорь гаруй жил ингэж явснаа дараа тооцоолоод үзэхэд нийт дөрвөн сая километр зам туулжээ. Тухайлбал нэг суманд очиж тоглолтоо хийгээд орой эртхэн амраад, шөнө хагаслаад дараагийн сум руу хөдөлнө. 100-150 км зам туулж дараагийн сумандаа өдөр дунд очиж сургуулийн хүүхдүүдэд үзвэр үзүүлэх гээд байхгүй юу даа. Ингэж явахдаа Монголын радиотойгоо нөхөрлөсөөр л явсан. Би аав ээжийн хайрыг төдийлөн амсаагүй, багаасаа өнчирч хоцорсон. Тиймээс бүхий л амьдралаа зөвхөн өөрөө авч явсан, ингэхдээ радиогоосоо л суралцсан.
-Та бол очсон газар болгоныхоо ажлыг шууд л өөд өргөж хөл дээр нь бат зогсоодог байжээ. Үүний нууц, арга барил юу байв?
-Гол нь хүн аливаа ажилд сэтгэлээ зориулах хэрэгтэй. Хийе, бүтээе гэсэн сэтгэл байхад бүх юм болдог. Сэтгэл байвал бүтээл байдаг. Сэтгэлгүй бол хэчнээн ташуурдаад явахгүй. Би ажил хөдөлмөр гээчийг эрхэмлэдэг, ажлын төлөө үхэн хатан зүтгэдэг хүн. Нэг ажил эхэлвэл дуусгаж байж санаа амардаг. Нөгөө талаар хүнтэй ажиллахад онцгой ур дүй шаардана. Хүнтэй яаж ажилласан гэхээр Монголынхоо ажил хөдөлмөрийн аваргуудаас суралцсан юм. Говь-Алтай аймгийн харьяат Г.Лодойхүү баатар гэж байсан даа, та нар дуулсан байх. Анх би өөрийн биеэр зорьж очиж Г.Лодойхүү баатрын туршлагаас судалсан юм. Тэндээс л би хүнтэй ажиллах аргыг сурсан.
-Г.Лодойхүү баатраас сурч хэрэгжүүлсэн арга туршлага юу байв?
-Би туршлага судлах гэж Говь-Алтай аймгийн Тайшир сумыг зорьж Г.Лодойхүү баатар дээр очлоо. Тэгтэл хөдөө явсан, маргааш ирэх байх гээд ажил дээрээ байсангүй. Сумын зочид буудалд нь хоноод өглөө босоод иртэл буудлын жижүүр дарга ирсэн тухай дуулгалаа. Г.Лодойхүү даргын албан өрөө хаана байдгийг асуувал даргад албан өрөө гэж байдаггүй, сумын клубын нэг жижиг өрөөнд суудаг болж таарлаа. Клуб дээр яваад очтол дарга гадаа үүдэнд машин дотроо нэг малчинтай уулзаж байна. Зорьж ирсэн хэргээ хэлж уулзлаа. Яагаад албан өрөөгүй байдгийг асуухад “Дарга хүнд албан өрөө хэрэггүй. Малчид, хөдөлмөрчдийн дунд явж байх ёстой” гэж хариулж байсан. Ингээд Г.Лодойхүү баатар ажил үйлсийнхээ тухай уриалгахан танилцуулж, тухайлбал Тайшир суманд ажилгүй хүн байхгүй гэж ярьж байж билээ. Намайг машиндаа суулгаад дагуулж яван ажлаа танилцууллаа. Тайшир суманд автобааз байж байгаад татан буугдсаны дараа эзгүй хоцорсон авто грашууд байсан юм. Тэр грашийн тасалгаа болгоныг засаж тохижуулаад оёдолчин, гуталчин, мужааны цех, үр тариа цайруулах тасаг гэх мэтээр ажиллуулж байна. Бүр хараагүй хүмүүс хүртэл авчраад сармисны үр ялгадаг ажил хийлгэж байдаг байгаа. Бас сармис тарьсан талбайгаа үзүүлнэ гэж давхиад Завхан голын хөвөөн дээр яваад очлоо. Завханаас улаан сармис авчирч тариад сүүлдээ хурааж дийлэхгүй болтол ургуулжээ. Сармисны талбайн дөрвөн өнцөг дээр дөрвөн шовгор босгоод, дөрвөн шовгор дотор дүлий буюу сонсголын бэрхшээлтэй дөрвөн хүн ажиллуулдаг гэнэ. Тэр дөрвөн хүн юу хийх вэ гэхээр, сармисны талбай руу шувуу ороод үрийг нь түүж идээд байдаг юм байна. Тэгэхээр шувуу ирээд буунгуут цан дэлсэж орхино. Цангийн их чимээнээр шувууд үргэж нисээд нөгөө талд очоод буунгуут тэр талын хүн мөн цан цахиж шувуу үргээх мэтээр ажилладаг байжээ. Хэрэв ийм арга хэмжээ авахгүй бол шувуу идээд намар нь хураах ургацгүй болдог байсан гэнэ. Ажлын арга туршлага, юмны эвийг олох гэдэг энэ л юм билээ. Ийм сайхан туршлага судалж ирсэн хүн чинь хүнтэй ажиллах, таарч тохирсон ажил даалгаж хийлгэх тал дээр ихэд анхаарах болов. Энэ мэтээр ажиллаж би улсын уралдаанд хоёр удаа түрүүлсэн. Төр засгаас ажил хөдөлмөрийг минь үнэлж шагнал урамшуулал олгож, Хар далайд 14 хоног амрах эрхийн бичгээр шагнаж, бас Москва хотоор аялуулж байлаа. Энэ жил Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулаад ихэд баярлаж сууна даа.
-Таны ажил үйлс үнэхээр бахархам юм. Гэр бүл, үр хүүхдүүдийнхээ талаар танилцуулахгүй юу?
-Би жил дараалан төрсөн шахуу найман хүүхэдтэй. Манай хүүхдүүд бас л ажил хөдөлмөрийг эрхэмлэдэг хүмүүс. Одоо ихэнх нь надтай адилхан тэтгэврийн хөгшчүүд болох янзтай (инээв). Эрдэнэтийн уулын үйлдвэрт миний таван хүүхэд ажилласны дөрөв нь үйлдвэрийн аварга болсон.
-Насаараа идэвхтэй хөдөлмөрлөөд одоо 90 гаруй насандаа ийм тэнхлүүн сайхан байгаагийн нууц юу байна?
-Би эрт босож орой унтаж, ажил хөдөлмөрийг юу юунаас эрхэмлэн хийж ирсэн. Хүн хөгширч биш, хөшиж үхдэг юм гэнэ лээ. Тийм болохоор байнга ажиллаж хөдөлмөрлөж, хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Түүнээс гадна би насаараа архи, тамхи хэрэглээгүй. Түүний нөлөө их байдаг байх. Ер нь хүн удирдаж явахад дарга архи уудаггүй бол ажилчид мөн архинаас хол байдаг юм. Дарга согтуу яваад байвал ажилчид ч бас ууна л гэсэн үг. Одоо ч би зүгээр суулгүй арваад жил хувьдаа хүнсний ногоо тариалж байна. Эрдэнэт хотын “Ногоон үзэсгэлэн”-д би гурван удаа түрүүлсэн шүү.
Нүүр зураг: Зүүн гар талаас Д.Равдан гуай ууган хүү 72 настай Р.Дамбадаржаагийн хамт Монголын радиогийн студид
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.