Т.Ганцэцэг: Манай оюутнууд Германд архео-имформатикийн хөтөлбөрт суралцах боломжтой болсон
Чихэнд чимэгтэй
2022-11-29
МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн эрхлэгч, профессор У.Эрдэнэбат ахлан археологи, информатикийн хөтөлбөрийн 10 оюутны хамтаар ХБНГУ-ын Дрездений Техник, эдийн засгийн дээд сургуульд (Hochschule fuer Technik und Wirtschaften / Dresden University of Applied Sciences) энэ сарын 5-19-ны хооронд зочилж, хамтарсан дадлага сургалт хийсэн байна. Энэ талаар тус хөтөлбөрт хамрагдсан, археологийн хөтөлбөрийн дөрөвдүгээр курсийн оюутан Т.Ганцэцэгтэй ярилцлаа.
-Оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдаж Герман явсан сонин сайхан, сэтгэгдлээсээ бидэнд хуваалцаач?
- Германы Дрездений их сургуультай танилцах сайхан байлаа. МУИС-аас археологийн ангийн тав, информатикийн ангийн таван оюутан явсан. Бид тус сургуулийн информатикийн тэнхимтэй танилцсан. Тэр тэнхимийн архео-имформатикийн анги бакалавр, магистрын түвшинд оюутан суралцуулдаг юм билээ. Дараа жилээс энэ хөтөлбөрт МУИС-аас оюутан сургахаар болсон. Манай тэнхимийн төгсөгчид болон энэ жил төгсөх оюутнууд, мөн информатикийн ангийнхан ч магистрын хөтөлбөрт нь суралцах боломжтой.
Герман улс 16 мужтай. Муж бүр нь Соёлын өвийг хамгаалах төвтэй юм байна лээ. Бидний очсон Дрездений их сургууль Саксон мужийн Дрезден хотод байдаг. Тэр мужийнх нь соёлын өвийг хамгаалах байгууллага энэ сургуультай хот суурины үлдэгдлийг хадгалж, хамгаалах гэх зэргээр соёлын өвийг хамгаалах, баримтжуулах, цахим хэлбэрт оруулах тал дээр илүүтэй хамтарч ажилладаг юм билээ. Мөн хамтарсан дадлагын хүрээнд Австрийн Вена хотын Эртний Ромын музей, Дрезден хотын ордон дахь урлаг, үнэт эдлэлийн цуглуулгын музей, Хемниц хотын археологийн музейг үзсэн.
-Хөтөлбөрийн зардлыг хаанаас гаргасан бэ?
- Германы Эрдмийн Солилцооны Алба (DAAD)-ын тэтгэлгээр тийшээ явсан. Тус байгууллагаас байр, хоол гэх мэт бусад зардлыг санхүүжүүлж, бид өөрсдөө онгоцны зардлаа гаргасан.
-Австрийн Вена хотод 27 дахь жилдээ болсон “Соёлын өв ба шинэ технологи” олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцсон юм билээ. Хурлын сонин сайхнаас хуваалцаач.
- Хурал Вена хотод гурав хоног болсон. Энэ хуралд манайхаас илтгэл тавиагүй. Харин хамтарсан хөтөлбөрийн профессор, оюутан илтгэл тавьсан. Бид анх удаа олон улсын эрдэм шинжилгээний хуралд суулаа. Маш их зүйл сонсож, сурсан. Хэлний хувьд ч тэр сонсох чадвар сайжирсан. Бусад улс орнууд соёлын өвөө хэрхэн хамгаалж, төр болон бусад байгууллагаас арга хэмжээ авч ажилладаг, шинэ технологи археологи болон соёлын өвийн салбарт хэр нэвтэрч байгааг мэдэж авлаа.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.