Т.Энхтүвшин: Миний аав 70-аад онд Чингис хааныг хатантай нь дүрсэлсэн шатар хийснээ нууж байгаад 90-ээд онд гаргаж ирсэн
Хөдөөгийн баясгалан
2024-12-23
Өнгөрөгч намар болсон “Нүүдэлчин-2024” наадамд Ховд аймгийн Цэцэг сумын иргэн Т.Энхтүвшин аав Ц.Төвөдийнхөө уран бүтээлийг дэлгэн үзүүлсэн юм. Тэрбээр нутагтаа нэртэй уран хүн байсан аавынхаа тухай болон уран бүтээлийнх нь талаар ийн ярьсан билээ.
"Миний аав Цандэлэгийн Төвөд уран сийлбэрч, ерөөлч, магтаалч, бариач, нутаг усныхандаа хүндтэй, авьяаслаг хүн байлаа. 1934 онд төрж 76 наслаад 2010 онд тэнгэрт хальсан. Аавын маань тэнгэр нагац нь есөн эрүү давсан Алдаржавын Аюуш юм. Бид том нагацыгаа тэнгэр нагац гэдэг шүү дээ. Миний элэнц эх Алдаржавын Оюунжав гэдэг хүн байсан юм билээ. Аав минь амьд ахуйдаа ургийн номоо бичиж үлдээсэн байдаг. Аавын маань нагац талынхан бариач улс байсан бөгөөд нагац ах маарамба Цэрэнпил нь аавд Төвөд гэж нэр хайрласнаас гадна таван настайгаас нь эхлэн өөрийнхөө бариа заслын аргыг нууцаар, гэрээрээ зааж үлдээжээ. Аав маань огт сургуульд явж үзээгүй ч хуучин монгол бичиг, төвөд тангадаар бичиг үсэгт тайлагдсан ухаалаг хүн байв. Хугарсан ясыг цаад хүндээ хууч үлдээлгүй, ямар ч зөрүүгүй боодог байснаараа нутгийнхандаа хүндтэй, тан хүртэл барьдаг хүн байсан. Гэхдээ 1985 оноос хойш уламжлалт аргаар хүн эмчилдгээ бага багаар ил гаргах болсон юм. Сумын хэсгийн төлөөлөгч нэг удаа “Та яагаад хүн барьж байгаа юм бэ” гэж баривчилсан гэдэг. Тэрнээс аав их юм сурч авсан юм билээ. Бариулахаар ирсэн хүмүүсийн журнал хөтөлж сурсан болохоор хамгийн сүүлд баригдахдаа “Тийм хүнийг ингэж барьсан. Одоо ингээд эдгэсэн” гэж журналаа үзүүлэхэд нь “Та уламжлалт эмчилгээгээ хийх хэрэгтэй юм байна” гээд сулласан гэдэг.
Харин уран сийлбэрээ хониныхоо бэлчээрт арцны хожуул тонгорогоор зорж хийдэг байсан. Олон төрлийн сэдвээр, цаанаа их утга учиртай бүтээл хийнэ. 1970-аад оноос уран сийлбэр хийсэн ч зарим бүтээлээ тэр бүр ил болгоогүй. Харин 1990-ээд онд нийгэм чөлөөтэй болоод хүмүүсийн захиалгаар их юм хийсэн дээ. Мөн 1985 оноос эхлэн язгуур урлагаар явах болж ерөөл, магтаал хэлэн Ардын авьяастан, Улсын тэргүүний уран сайханч болж байлаа. Радиогийн идэвхтэн бичээч болж “Цагаан лавай” шагнал авснаас гадна Монголын чөлөөт зохиолчдын холбооны гишүүн явав. Аав минь “20 насаар залуу байсан бол их юм хийхсэн. Сайхан нийгэм ирж байна” гэдэг байсан. Учир нь, Ард Аюушийн хамаатан, уламжлалт эмчилгээ бариа хийдэг эсэргүүн гээд МАХН-ын гишүүн ч байгаагүй юм.
Миний хувьд Цэцэг сумын Соёл урлагийн газрын дарга “Нүүдэлчин” наадамд оролцох урилга өгснөөр аавынхаа уран бүтээлээс авч энд ирсэн юм. Аав минь 11 хүүхэдтэй. Би отгон охин нь. Бид уран бүтээлийг нь энд тэнд тараалгүй нэг дор бүгдийг нь хадгалдаг. Угаас аав бидэнд зориулсан бүтээл тус бүрд нь хийж өгсөн бий. Бид үзмэрүүдийг нь Мөсний баяр дээр үзэсгэлэн болгож гаргадаг юм. Энэ удаа аавынхаа 1970-аад онд хийсэн “Их хаад” нэртэй шатрыг “Нүүдэлчин” наадамд үзүүлэхээр авчирлаа. Энэ шатар их утга агуулгатай. Шатрын хүүг эрийн гурван наадмыг дүрслэн хийсэн бол шарын талаа Богд хаан, харын талаа Чингис хаанаар төлөөлжээ. Богд хааны талын тэрэг нь Дондогдулам хатны заларч явдаг байсан тэмээн тэрэг байх жишээтэй. Мөн эх дагина олон хүүхэд асарч хүн болгосон тул морь, тэмээг нь дандаа төлтэй малаар буюу ботготой ингэ, унагатай гүүгээр, бэрсийг нь зулзагатай ирвэсээр хийсэн гэдэг. Харин хүү нь дан хурдан морьтой уралдаж байгаа охид, хөвгүүд. Энэ нь мөн л Дондогдулам хатан хүүхдэд ээлтэй байсныг илэрхийлж байгаа юм. Шарын талын тэргэн дээр суварга хэмээн сийлсэн байгаа нь сүйх тэрэг гэж буй. Харын талынх нь ноёныг тэргэн дотроо сууж яваа Чингис хаан, Бөртэ хатан, бэрсийг нь эр арслан, барсаар хийсэн. Чингис хааныг их удирдагч байсан гэдэг утгаар тэмээ, морийг нь азарга, буураар төлөөлүүлж, гэр тэргээр тэргийг нь урласан юм. Хүүг нь эрийн гурван наадмын бөх, сур харваагаар хийсэн. Энэ бүх бүтээлийг арцны үндсээр хийжээ. Чингис хааныг дүрсэлсэн ийм шатар 1970-аад онд урласнаа нууж байсан учраас хүмүүс мэдэхгүй. 1990-ээд онд гаргаж ирсэн юм.
Чингис хааныг дүрслэн хийсэн харын талын бод.
Богд хааныг дүрслэн хийсэн цагааны талын бод.
Аавын сийлбэрүүд маш олон сэдэвтэй, цаанаа гүн утгатай. Тухайлбал, түүхэн хүмүүсийн хөргийг модоор сийлсний нэг нь Ард Аюушт есөн эрүү тулгасныг нэг бүрчлэн хийсэн байх жишээтэй. Мөн алдартай бөхчүүдийн хөрөг, Түвдэнгийн Борыг хадан хясаанаас түлхэн унагааж байгааг модоор урлажээ. Баруун аймгийн цаст хайрханууд болох Сутай, Алтай таван богд, Хөх сэрхийн нуруу, Баатар хайрхан зэрэг олон уул усаа дүрсэлсэн. Түүнчлэн Ээж хайрханы есөн тогоо, Эзэн Чингисийн эр хоёр загал, 12 жил, таван хошуу малын эцэг мал, төлтэй мал, хос амьтан, баавгай, дөрвөн хүчтэн, Цэцэг сумын Хавцгайн амны хүрхрээг хүртэл урлажээ. Үлгэр домгийн сэдэвтэй бүтээлүүд ч байгаа. Тэмээ, хулгана хоёр нар уралдан хардаг, тэмээ эвэргүй болсон тухай үлгэр, говийн алмас хүн хулгайлан амьдарч байсан тухай, хөлгүй чоно хөгшин тэмээний нуруунд наалдаж явсан домгийг сийлсэн нь энд бас байна даа".
Алдаржавын Аюушт есөн эрүү тулгаж буйг дүрсэлсэн нь.
Ц:Төвөдийн бусад сийлбэр.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.