images

Алдартай хурдан Ваазын борыг унаж ардын төрийн наадамд уралдсан минь

Duuren.Life

Хөдөөгийн баясгалан

2024-12-30


Манай сайтын уншигч, Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул Сонинтөрийн Мөнхзориг “Хөдөөгийн баясгалан” буланд зориулан одоогоос 35 жилийн өмнө, нутагтаа алдартай хурдан бор морийг унаж хурдлуулсан сонин явдлынхаа тухай бичиж ирүүлснийг нийтэллээ. 1992 онд Мөнххайрхан суманд тохиолдсон байгалийн ер бусын үзэгдлийн талаар өмнө нь мөн түүний бичсэнийг манай уншигчид тун олзуурхан сонирхсон билээ. Тэр сонин явдлын тухай уншихыг хүсвэл энд дарна уу. С.Мөнхзориг өдгөө “Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК-ийн ахлах аудитораар ажиллаж байна.

   Намайг хурдан морь унаж юмны наадах цаадхыг ойлгох дайны болж явах үед манай нутагт Оросоон бор, Дүгэржавын шар алаг, Бэдээн хул, Ваазын бор, Батбаярын халтар, Батдоржийн хөх алаг гээд алдар цуу нь түгсэн хурдан буянууд ид уралдаж байлаа. Хурдан морины хүүхэд гэдэг хэзээнээс л амар олддоггүй байсан, тэр үед ч мөн адил ховрын бараа шиг эрэлт ихтэй байв. Би хурд ид унаж байхдаа өөрийнхөөсөө гадна хамаатан садан, ах дүү нарын морьдыг жил болгон, нэг наадамд нас өнжихгүй шахам 5-6 насны морь унадаг хашир унаач байлаа. Гэвч хэчнээн хашир сайн унаач байвч нэг л мэдэхэд хурдан моринд хүнддэх болж яг хасагдсан анхны тэр жил аз таарснаар хонины хишгээс мултарч наадамд морь унах болов оо.

   Ваазын бор гэж нутаг усандаа алдартай хурдан хүлэг хөгширч, уралдаанаас хасагдах болсон тэр жил намайг бас хасагдсаныг Вааз ах сонсоод бор морио унуулъя гэж аав, ээжтэй ярилцжээ. Бор морины нас нэлээд явсан ч хурд, хүч нь буураагүй байсан хэрэг л дээ. 17, 18 орчим настай л байсан болов уу. Гол нь олон жил сайн давхисан алдартай тэр хүлэг уяа сойлгоноосоо болсон уу бүү мэд, сүүлийн хэдэн жил хадуураад дээгүүр уралдаж чадаагүй юм. Бор морийг хадууруулахгүй барианд оруулах гэж аль гайгүй морьдыг сойж бэлдсэн байдаг. Тэгээд уралдааны замаас хадуурсан газар нь хөөж барин хөтөлж замд нь оруулаад, дахин хадуурахад нь дараагийн хүн мөн хөөж барих зэргээр яаж ч оролдоод дийлэхгүй байсан юм. Нэг удаа Ноосгой ах Хөх бухын хөтөл дээрээс өртөөлж аваад 100 метр ч дагаж чадалгүй хоцрохдоо цулбуураа “Бариад аваарай” гээд унаач хүүхэд рүү нь шидээд үлдэж байсныг би яг дэргэд нь уралдаж явахдаа харж байлаа. Ийм адармаатай түүхтэй морь л доо.

   Манайхны хүмүүс уралдах морьдоо авч наадамд яваад хоёр, гурав хоночихсон байв. Ээж бид хоёр хэдэн багачуудтай (ах, эгч нарын хүүхдүүд зундаа манай байнгын зочид) наадамчдыг иртэл мал ахуйгаа харж маллах үүрэгтэй үлдсэн байлаа. Наадам болохоос хоёр хоногийн өмнө хонинд явж ирээд цайгаа ууж суутал ээж яриа дэлгэх зуураа “Вааз чамайг бор морио унаж өгөх болов уу гэж асууж байна. Чи ямар бодолтой байна? Айхтар хадуурдаг морь унаад хадууруулахгүй авч ирж чадах уу, чи?” гэхчлэн шинэ сонин мэдээ дуулгах, асуулт асуух зэргийг хольж хутган ярьж байх хооронд би аль хэдийнэ шийдвэрээ гаргачихсан жуумалзаж суув шүү. Ээжийн яриа дуусмагц би шууд л чадна гэдгээ хэлж, хэзээ, хаана очих, намайг явчихвал мал хараа хэн адгуулах зэргийг ярилцаж жин тан болгоод их насны морь уралдах өглөө буюу долоодугаар сарын 11-ний өглөө эрт мордохоор болов. Наадам болох газар манайхаас морьтой ширүүхэн явахад гурван цаг орчим явах зайтай. Ээж надад энэ мэдээг 9-нд буюу их сунгааны орой дуулгаж байгаа юм л даа. Маргааш нэг өдөр хонио хариулчихаад нөгөөдөр өглөө наадамд явна гэхээс хүүхэд насны бүх хүсэл мөрөөдөл тэр чигээрээ биелсэн мэт санагдан сэтгэл догдлоод унтаж чадахгүй сэрвэлзэж хонов.

   Хонинд унаж байгаа бага үрээнийхээ нэгийг идэш тэжээлийг нь тааруулан хол замд ширүүхэн явахаар бэлтгэж эхэллээ. Маргааш нь хонины бэлчээрт өдөр өнгөрч өгдөггүй, ойр хавийн хоньчид руу давхисаар наадамд хамт мордох саахалт айлын ах Мөнхбат, найз Монтог хоёртой үүр цүүрээр мордохоор тохиролцов. Оронд орохдоо дөрвөн цагт сэрүүлэг тавьсан мөртлөө өглөө эрт сэрээхийг ээждээ бас давхар сануулахыг яана. Унтах шинжгүй, угаасаа наадамд явахааргүй байсан ч маргааш наадам болно, морьд маань яаж давхих бол гэж бодохоос догдлоод нойр хүрдэггүй шөнө л дөө. Юутай ч нойрондоо дийлдээд хэсэг унтсан ч шөнө сэрчихэв. Сэрүүлэг дуугарахыг хүлээн нэлээд хөрвөөлөө, байдаггүй шүү. Нөгөө муу цагаа зогсчихсон юм биш байгаа гэж сэжиглээд лаа асаан шалгаж үзлээ, үнэхээр л болоогүй байна. Эргэж хэвтээд хөрвөөж хөрвөөж нэг юм босов. Ойрхон аргамжсан морио авчирч эмээллээд орж ирэхэд ээж хэдийнэ аяга цай чанасан байлаа. Наадамд явж байгаа хүн юм хойно аль гоё ганганаа л өмсөж, байнга өмсдөг орос бахиалаа гялалзтал тослон  жийж аваад хамт явах хоёрыгоо хүлээж суув. Төд удалгүй харанхуй шөнийн нам гүмийг эвдэн морин туурай тачигнаж, нөгөө хоёр маань нохой шуугиулсаар сүртэй нь аргагүй ирлээ. Год үсрэн гарах хооронд ээж минь захиасаа захиж байна аа. Уг нь бол би гэдэг хүн хурдан мориноос хасагдаж байгаа ч хэдэн жил уралдчихсан бөөн туршлагатай хашир амьтан яваа юм шүү дээ. Гэтэл ээж хадуурдаг морь гэмтэй шүү, хичээж яваарай гэх мэтийг хэлсээр. Зургаадугаар ангийн том эр ээждээ бол өөдсийн чинээ юм байснаа өчнөөн жилийн хойно ойлгож билээ. Мориндоо годхийтэл мордоод зам нийлсэн хоёртойгоо ийнхүү явж одов оо.

   Дөрөлжийн ухантагаар орж Дунд араар буугаад Бортын хөдөөг өгсөн галзуу гурван залуу гурван морины шандсыг шалган нисэж өглөө дөө. Дөнгөж үүр цайж байхад орилолдсон гурван юм айлын мал үргээн хотноос нь дайжуулчихлаа. Бортын хүзүүвчид тэр зун Баасанхөх ахынх зусаж байсан, эхнэр нь бололтой хүн малтайгаа хөөцөлдөөд гарч яваа харагдана. Бид гурав ч уралдсаар алга болж өглөө. Зүүн гарлагын ам өгсөж яваад харахад айл ямар ч байсан малаа эргүүлээд авсан байлаа. Гарлагын эхний Адууны хондын урдуур даван Хуйтын эхээр хэдэрч, Цагаан салаагаар буугаад Шуургат улаан толгойд морь барианы газар ирлээ. Морь барианы газар ирэхэд наадамчид зүг зүгээс цуглан их насны морьдоо хөтлөх нь хөтөлж, хүүхдэдээ унуулах нь унуулан овоогоо тойрсоор Хөх бухын хөтөл тийш явцгааж байна. Манайхан буудаг уяан дээрээ бага насны морьдоо уяж үлдээгээд явцгаасан байв. Наадмын өглөө эрт хамгийн түрүүнд их насны морьд уралддаг тул уяачид их морьдоо аван Хөх бухын хөтөл дээр шууд цуглардаг номтой. Тэр л ёсоороо уяачид морьдоо явуулж байгаа нь энэ юм. Гэтэл миний унаж уралдах ёстой хөгшин бор морийг Вааз ахын том хүү Идэрмөнх эмээллээд уначихсан, алдартай хурдан хээр морио хөхөл, сүүлийг нь шууж боогоод хөтөлчихсөн наадамчид дундуур хөндлөн гулд давхиж явна. Харин ч бүр миний хажуугаар ирснээ онцын юм ярилгүй давхиж одлоо. Над руу дөхөөд ирэхээр нь “За бор морь унаж өг” гэх нь дээ гээд хүлээж байсан догдлол тэрүүхэн зуур унтарч, ингээд том хүн эмээллээд уначихсан давхиж яваа юм чинь уралдахгүй юм байна гэж бодон урам хугарч, сэтгэл санаагаар навс унав аа. Тэгтэл төд удалгүй бага хүү Володягаа сундалсаар Вааз ах мотоциклтой ирээд уяан дээрээ бууж харагдана. Намайг анзаарах шинж алга, миний нүд, сэтгэл аль аль нь тэр хоёр дээр л байгаад байдаг. Уралдах ч өнгөрөв бололтой, наадам үзээд л буцах нь дээ гэж бодогдон урам муутайхан сууж байлаа. Гэтэл Вааз ах “Нөгөө Мөнхөө ирээ болов уу?” гэх нь чанга яригчаар хэлэх мэт тод сонсогдоход чих сортосхийн “Би энд байна!” гээд үсрэн босоод гүйчихмээр болов. Амьсгаа даран хүлээзнэх хооронд Володя “Мөнхөө ирчихсэн тэр сууж байна” гэж аавдаа хэлж байгаа дуулдана. Вааз ах өглөөний наран доогуур саравчлан хараад “Мөнхөө нааш ир!” гэж хашхирах шахам дуудаж байна шүү. Би хөл газар хүрэхгүй хөөрөн дэгдэж очлоо. Ах хүү намайг хэзээ ирснийг асуугаад, морь унаж өгөхийг асууж байх юм. Би ч үг дуугүй “За” л гэлээ. Угаасаа бор морийг унах гэж ирсэн юм чинь. Ах улаан ИЖ мотоциклоо асааж намайг сундлаад хөдөллөө. Би гэдэг хүн сэтгэлээ барьж чадахгүй, морьд эргэх газар дөхөх тусам байж ядан дүүхэлзэн агсамнаж хөөрдөг морь лугаа адил зүрх оволзож явав аа.  

   Хөх бухын хөтөл дээр ирэхэд уяачид хоёр тал руугаа шахаад буучихсан, морьд мордож тойрдог жижиг овооны хажууд Идэрмөнх ах хээр морио гадаслаж уячихаад алга болж. Хээр морь гадсаа тойрон эрэгцэж цовхчоод тогтож ядан байна. Бид гурав хажууд нь очиж буулаа. Ах амандаа үглэсээр буунгуутаа “Идэр ээ!” гэж тун ч цухалтай хашхирахад хүү нь баруун энгэрээс бор морьтойгоо давхиад ирэв. Вааз ах морины эмээлийг авч, өврөөсөө цагаан даавуу гарган цуулаад хөхөл, сүүлийг нь боож байна. Бор морь сүрхий хөлөрсөн байхыг бодвол Идэрээ ах нэлээн ширүүн явж ирсэн бололтой. Ах хусуураа сугалан хөлсийг нь хусав. Ажиглахад бор морь жаахан туранхайдуу харагдана. Ер нь бол уралдах бодолгүй байсан юм байна даа гэж санагдаж байлаа.

   Гарааны зурхай руу мордох гэж байх яг тэр агшинд, ар дааж хонь малаа хариуцна гээд үлдсэн би наадамд ирсэн гэрийнхэнтэйгээ тааралдчихав. Нөгөөдүүл маань намайг энд харна чинээгүй санаагүй тул амаа ангайн гайхаж байхад нь би, хадуураад дийлддэггүй Вааз ахын бор морийг унахаар тохоон томилогдож “аргагүйн эрхэнд”  ирсэн тухайгаа учирлаж дуусалгүй салж одлоо. Бор морь сүүлийн хэдэн жил хадуураад дийлдэхгүйгээс уралдаж чадахаа байсан, энэ жил том хүүхэд олдвол унуулаад үзье гэж бодон хэдэн удаа хөлс авснаа Вааз ах надад ярьж явав.  Хадуурчихгүй бол гайгүй дээгүүр давхиад ирэх болов уу гэж эзэн нь мориндоо найдаж байгаа аж. Хөх бухын хөтөл өгсөхдөө зэрэгцээ яваа морьдын баруун талаар зөрөхийг сануулж, хадуураад дийлдэхгүй бол шанаадаарай гээд урт иштэй ташуур бариулж мордуулав. Өмнө нь сунгаанд зайдан морь унаж шалбараад эдгэж амжаагүй байсан суудал дахиад шалбарах бололтой. Буугаад морио хөтөлж явсаар Их хагийн Ирэгийн эхэнд тулж гарааны зурхай дээр ирэв. Би ч мордлоо, төд удалгүй морьд ч эргэлээ.

   Зурхайгаас гараад хэдхэн харайлгахын хооронд, барьж хүлэгдэн байсан бие тавирч, сэтгэл тайвшран, амьсгаа уужраад ирдэг, тэр ёсоороо л боллоо. Бор морь маань нэг их сайхан зөөлхөн, зугуухан давхидаг юм байна. Айхтар хатуу, ширүүн давхилтай морьд байдаг. Олон жил олон насны морь уначихсан хашир унаач энэ зэргийг мэдэлгүй яахав. Их насны ная гаруй морьдын дунд хавьд яваа нь мэдэгдэж байна. Миний өмнө гуч орчим морь яваа бололтой. Хэсэг давхитал хамт явсан Вааз ахын алдарт хээр ганцаараа тасраад гарлаа. Тэгснээ зам жаахан хазайгаад Ярдаг ясны ам чиглээд явж өглөө дөө. Хараад байсан чинь миний бор морь биш, хээр морь хадуурах шинжтэй болоод явчих нь тэр. Хээр морийг гаргууд сайн байна гэж улсын ярихыг сонссон тул ерөөсөө хөгшин бор бид хоёр найдваргүй, тиймээс хээр морийг хөөж замд нь оруулъя гэж шийдээд ухасхийхэд хөгшин бор газрыг харин ч нэг эвхэж байна. Тэгтэл ашгүй хээр морийг машинтай хүмүүс гүйцэж очоод замд нь орууллаа.       

   За тэгвэл хөгшин бор бид хоёр өөрийгөө боддог хэрэг гэж шийдээд замаа хөөлөө. Хуйтын амаар өгсөөд толгой ороогоод гараад ирэхэд хээр морь өнгөлсөн хэвээрээ, өмнөх морьдоо тоолоход хөгшин бор бид хоёрын өмнө ердөө 12 морь явна. Одоо хөтөл өгсөнө, миний морь хадуурна гэсэн бодол төрж дотроо жаахан эмээсээр морьдын баруун талаар орж явж хөтөл өгсөхөд нутагтаа олон сайхан хурдан хүлгээрээ алдаршсан Эрхэмбаяр гуайн хонгор алаг морийг хүү Ганаа нь унаж явна. Ганаатай зэрэгцэн ирж, миний морь одоо юу юугүй хадуурах тул хамт явсаар хөтөл гаръя гэж ярилцаад амжлаа. Хонгор алагийн баруун талд нааж явсаар хөтөл даваад доош тонгойв. Хөгшин борын хөл одоо л ширүүсч ирж байна. Ёстой л уралдаж сурсан, хэзээ, хаана яаж явахаа надаас илүү мэдэж байх шиг. Өөрөө л дайраад, зүтгээд байдаг үнэхээр эгэлгүй буян юм. Тэгж дайрч, зүтгэж байсан хийгээд тэр мэт ааш аяг нь сэтгэлээс огт гардаггүй, ердөө өчигдөр болсон явдал мэт тодоос тод байдаг болохоор тэртээх 1988 оны уралдааныг өнөөдөр буюу 35 жилийн дараа дурсан бичихэд торох юм алга.

    Хөтөл тонгойгоод үзүүр тойртол хадууралгүй явсаар Хөшөө чулууны хөдөөг өгслөө. Өнгөлж явсан хээр морь жаахан сууж, би найм дээр явж байгаад нэг  ухасхийсэнд долоо руу шургаж ирэв. Тэгтэл бор морины зан хөдлөх нь тэр. Яаж хөдлөв гэхээр юу юугүй зүүн талдаа амаа булаан Цагаан салаа чиглэн хадуурч гарлаа даа. Татаж, угзарч аль байдгаараа, бүр янз бүрээр үзээд дийлэх юм биш. Эцсийн аргаа хэрэглэн өнөө урт иштэй ташуураараа шанаадаж байж арай чамай нэг эргүүлж авлаа. Ингэж мунгинаж байх хооронд эхний хэдэн морь биднээс нэлээд холдож, ард явсан олон морь биднийг гүйцэж өнгөрсөн байв. Түрүүчийн морьд барианы зурхайн наадах зоо өгсөж байна. Бид хоёр үндсэн зам өөдөө ёстой хайрга чулууг цацруулан, хатан туурайг яралзуулан, жигүүртэн шувуунд ч гүйцэгдэхээргүй нисэх мэт дүүлэн хурдалсаар зоо өгсөхдөө өмнө нь гүйцэж түрүүлсэн морьдоо дахин гүйцэж, алдсанаа нөхөв. Зурхай харагдах тэрхэн төдийд түрүүчийн морьд барианд орж яваа үзэгдэнэ. Би ч гуядлаа, бор ч нисч өглөө. Үнэхээр л нэг ниссэн дээ. Доод зоон дээр гарч ирмэгцээ, зурхайд хариугүй дөхөж явсан хэдэн морийг барианд орохоос нь наана туушид нь хамаад өмнүүр нь орж ирлээ. Орж ирээд харахад бид хоёрыг есөөр барьжээ. Миний шар хөдөлж байна гэж жигтэйхэн. Замдаа хадуурч, тойрч, будилаагүй бол түрүүлэх газар байж шүү дээ! Бор морийг ядаж сунгаанд ганц ч болов унаж үзсэн бол гарцаагүй айрагдах байж гэж бодохоос нулимс гарчих гээд байж билээ. Бор морь барианд орж ирэхдээ эгээ л гараанаас гарч байгаа юм шиг тачигнаж орж ирсэн тухай нутгийн хүмүүс шагшин ярилцаж байсан юм. Аавынхаа болон нутаг усныхаа олон сайхан хурдан буяныг унаж уралдан айраг түрүү бишгүй авч байсан ч тэр дундаас миний сэтгэлд тодоос тод үлдсэн ийм нэгэн онцгой уралдааныг өнөө дурсан суухад хүүхэд насандаа очих шиг болдог доо.   

Нүүр зурагт: Аймгийн алдарт уяач Жаргалын Вааз бага бор морьтойгоо. 1990-ээд он.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.