Японы эзэн хаан Нарүхито, хатан Масакогийн бичсэн шүлэг
Анд нөхдийн мэдээ
2025-01-22
Японд жил бүр болдог Шинэ оны яруу найргийн уншлага өнөөдөр Токио хот дахь Хааны ордонд боллоо. “Мөрөөдөл” сэдвийн дор болсон 5-7-5-7-7 гэсэн 31 үетэй уламжлалт вака шүлгийн уншлагад тус улсын эзэн хаан Нарүхито, хатан Масако, угсаа залгамжлах ханхүү Фүмихито, гүнж Кико нар оролцжээ. Ингээд Японы хаан, хатан, гүнж гурвын бичсэн шүлгийг Эзэн хааны мэдээллийн агентлаг албан ёсоор англи хэл рүү орчуулсныг хүргэж байна.
“The children I met on my journeys
Talked with sparkling eyes
Of their dreams for the future” хэмээн хаан Нарүхито бичсэн бол хатан нь 30 жилийн өмнө сурч байсан Оксфордын их сургуульдаа өнгөрсөн зун дахин зочилсноо дурсаж,
“Some thirty years after my departure
I visit with His Majesty
Our Alma Mater in Britain
And I recall the youthful dreams
I dreamt then” хэмээн шүлэглэжээ. Харин Гакүшюн их сургуулийн Утга зохиолын ангийг өнгөрсөн хавар төгссөн гүнж Айко,
“Until the day we meet again
My friends and I will
Each follow our dreams” гэж бичсэн байна. Мөн олон нийтийн дунд зарласан уралдаанд ирсэн 16250 шүлгээс шилдэг арвыг сонгож, бичсэн хүмүүсийг нь Хааны ордонд урин шүлгийг нь сонссоныг Эзэн хааны мэдээллийн агентлаг өнөөдөр уламжиллаа.
Японоор "Үтакай Хажимэ" гэж нэрлэдэг энэ уншлага анх хэзээ эхэлсэн нь тодорхойгүй ч түүхэнд тэмдэглэн үлдээснээр бол Камакүрагийн дунд үе буюу 1267 оны нэгдүгээр сарын 15-нд Камэяама хааны ордонд болж байжээ. Мөн Эдогийн үед (1600-1868 он) жил бүр тогтмол болж байгаад Мэйжийн үеийн анхны уншлагыг 1869 онд зохиосон байна. Харин 1879 онд ард иргэдийн дунд шүлгийн уралдаан зарлаж шилдгийг нь шалгаруулдаг болсон бол 1882 оноос, шалгарсан шүлгүүдийг сонинд нийтэлж эхэлжээ. Сонирхуулахад, өнгөрсөн жилийн яруу найргийн уншлагын сэдэв энх тайван байсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.