images

Сирийн Эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн газрын дарга бүсгүй юу ярив?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-01-27


   Сири улсыг 24 жил захирсан Башар Асадын дэглэмийг түлхэн унагаснаар өнгөрсөн сард байгуулагдсан шинэ Засгийн газар тус улсын түүхэнд анх удаа Эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн газар байгуулж, даргаар нь Айша аль-Дебс хэмээх бүсгүйг томилсон юм. Засгийн эрхийг булааж авсан Сирийн босогчдыг Афганистаны талибууд шиг эмэгтэйчүүдийн эрхийг зөрчиж, хүнлэг бус бодлого явуулах вий гэсэн болгоомжлол байсан хэдий ч эмэгтэйчүүдийн тусгай байгууллага байгуулж, эмэгтэй хүнийг ийм өндөр албанд томилсон явдлыг дэлхий дахин талархан хүлээж авч байна. Айша аль-Дебс нь Дамаскийн их сургуульд бизнесийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан бөгөөд Сири, Туркийн хил дээр дүрвэгсдэд туслах ажил эрхэлж байжээ. Тэрбээр хүйсийн тэгш байдлыг хангах чиглэлээр идэвхтэй ажиллаж “Эмэгтэйчүүд эрчүүдийн нэгэн адилаар улс орноо жолоодох үүрэгтэй гэдгээ ухамсарлах ёстой” хэмээн уриалж ирсэн юм. Түүнтэй Өмнөд Солонгосын “Chosun ilbo” сонины сурвалжлагч цахимаар уулзаж ярилцсан байна.

- Та Эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн газрын даргаар ажиллаад сар орчим болж байна. Шинэ ажил ямар байна?

- Би үүрэг, хариуцлагаа маш сайн ухамсарлаж байна. Энэ албан тушаалд томилогдсондоо маш их бахархаж, өөртөө итгэх итгэл улам бүр төрсөн. Энэ нь Сирийн эмэгтэйчүүдийн ахиц, дэвшлийг гэрчилж буй явдал юм. Нөгөө талаар энэ бол эмэгтэйчүүд бидний бүгд хамтдаа алхах ёстой зам юм.

- Одоогоор таны хамгийн ихээр анхаарал хандуулж буй ажил юу байна вэ?

- Асадын дэглэмийн үед баривчлагдан хоригдож байгаад, босогчид Дамаскийг эзлэхэд суллагдсан эмэгтэйчүүдийн эрхийн асуудалд гол анхаарлаа хандуулж байна. Энэ хүрээнд эмэгтэйчүүдийн эрхийг зөрчин дарангуйлж байсан тодорхой тохиолдлуудын талаар мэдээ баримт цуглуулж байгаа юм. Энд маш ноцтой хэргүүд бий. Зүгээр нэг мэдээ баримт цуглуулах биш, хохирогчдод эн тэргүүнд юу шаардлагатай байгааг судлан тогтоож байна. Цаашлаад урт хугацаанд нийгэмд тулгарч буй эмэгтэйчүүдийн асуудлыг цогцоор нь судлах болно. Ард түмнийг хагас зуун жил дарангуйлсан эцэг, хүү хоёр Асад үүнийг нь эсэргүүцсэн мянга мянган жирийн хүнийг барьж хорьсон. Хамгийн алдартай хорих газар бол Дамаскийн шорон юм. Энд хоригдсон хүмүүсийн олонх нь харгис хэрцгийгээр тамлагдаж, зарим нь сэжигтэй байдлаар нас барсан байдаг.

- Түр Засгийн газар Эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн газар байгуулж, удирдлагыг нь хүртэл нэр заан томилсны шалтгаан юу бол?

- Энэ засаг Сирийн эмэгтэйчүүдийн чадавхид итгэж, улс орноо сэргээн босгоход эмэгтэйчүүдийн хүч хэрэгтэйг ойлгосон учраас ийм шийдвэр гаргасан болов уу. Миний дараа Төв банкны дэд ерөнхийлөгчөөр мөн эмэгтэй хүн томилогдсон. Зөвхөн эмэгтэйчүүдийн асуудлаар төдийгүй мөнгө, санхүүгийн бодлогын гэх мэт хариуцлагатай албан тушаалд эмэгтэйчүүд томилогдлоо. Сирийн шинэ Засгийн газар ирээдүйд бүх салбарт эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог бэхжүүлэх эхний алхмаа хийж буй нь энэ юм.

- Засгийн газар шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулахаар ажиллаж байна. Энэ хуулиар эмэгтэйчүүдийн эрх бүрэн хангагдах болов уу?

- Үүнийг хийх нь миний үүрэг юм. Түр засгийн газар шинэ Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж байх үед одоогийн Үндсэн хуулийн 33 дугаар зүйл олны анхаарлын төвд байсан. Энэ зүйлд "Сирийн иргэн бүр нас, хүйс, төрсөн газар, шашин шүтлэг, итгэл үнэмшлээрээ ялгаварлан гадуурхагдахгүй, тэгш эрх, ижил тэнцүү үүрэгтэй" гэж бий. Түр засгийн газар энэ заалтыг хамгаалах хүсэл зоригоо хэд хэдэн удаа батлан илэрхийлсэн. Энэ заалтын дагуу эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхалгүй, эрхийг нь тэгш эдлүүлэх бололцоог хангахад оролцох нь миний үүрэг гэж би боддог.

- Сирийн Түр засгийн газрын талаар та олон улсын хамтын нийгэмлэгт хандаж юу хэлмээр байна?

- Би саяхан Дамаскт Норвегийн Элчин сайдтай уулзаж, тулгарч буй бэрхшээлүүдийнхээ талаар ярьсан. Цахилгаан эрчим хүч зэрэг нэн шаардлагатай дэд бүтцийг зохих ёсоор сэргээгээгүй, хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөнөөс болж сая сая иргэн санхүүгийн хүндрэлд байна. Гэхдээ Сирийн чөлөөт, аз жаргалтай ирээдүйг би өөдрөгөөр харж байгаа. Сиричүүд энэ хүндрэлийг хамтдаа даван туулж чадна. Сирийг сэргээн босгож, олон улсын хамтын нийгэмлэгтэй хөл нийлүүлэн алхуулахын тулд эхлээд олон улсын хориг арга хэмжээг цуцлах хэрэгтэй.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.