images

Зуунд алдаршсан гэрэл зургийг тойрсон маргаан

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-01-30


   1972 оны зургаадугаар сарын 8-ны өдөр Вьетнамын Агаарын цэргийн хүчний онгоцууд тус улсын өмнөд хэсгийн Транг Банг тосгонд напалмын бөмбөг хаяжээ. Тэд Viet Cong” буюу Вьетнамын Засгийн эсрэг боссон дотоодын иргэдийг тэнд нуугдаж байгаа гэж үзэн бөмбөгдсөн нь тэр байлаа. Үнэндээ бол босогчид тэнд байгаагүй гэдэг. Бөмбөгдөлтөөс болж биеийнх нь зарим хэсэг түлэгдсэн есөн настай нүцгэн охин, өөр бусад хүүхдүүдийн хамт уйлалдан гүйж, араас нь вьетнам цэргүүд дагалдан яваа дүр зураг гэрэл зургийн дуранд буужээ. Дөнгөж маргааш нь энэхүү гэрэл зураг дэлхий ертөнцөөр нэг тарж, сонины тэргүүн нүүр, телевизийн гол мэдээний сэдэв болж хэдэн зуун сая хүн үзсэн байна. Энэ зургийг авсан “AP Saigon” товчооны ажилтан Ник Ут дараа жил нь шилдэг гэрэл зургийн Пулицерийн шагнал хүртсэн юм. АНУ-ын ерөнхийлөгч Ричард Никсон тухайн үед "Зураг эвлүүлж хийсэн дайны эсрэг сурталчилгаа биш үү?” хэмээн бухимдлаа илэрхийлж байсан бөгөөд дараа жилийнх нь нэгдүгээр сард Парист Хойд Вьетнамын коммунист засагтай АНУ энхийн гэрээ байгуулж, Вьетнамын дайныг дуусгасан түүхтэй. Сайгон (одоогийн Хо Ши Мин хот) дахь Associated Press агентлагийн гэрэл зурагчин, 21 настай вьетнам залуу Ник Ут "The Terror of War", "Napalm Girl" гэх зэргээр нэрлэгдэх болсон уг зургаараа Пулицерийн шагнал хүртэж, фото сэтгүүлзүйн домог болсон юм. Зураг дээр буусан "Napalm Girl" гэгдэх болсон есөн настай нүцгэн охин Фан Ти Ким Фук хожим Канадын иргэншилтэй зохиолч болж, улмаар ЮНЕСКО-гийн сайн санааны элчийн үүрэг гүйцэтгэж байжээ. Үүгээр зогсохгүй гэрэл зурагчин залуу болон зурагт буусан охин хоёр дараа нь энх тайвны элч болж, дэлхийгээр хамтдаа аялсан бөгөөд Ник Ут уг зургаа Ромын Пап Франциск болон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нарт өөрийн биеэр гардуулан өгч байсан юм.

   Гэтэл өнгөрсөн нэгдүгээр сарын 23-наас хоёрдугаар сарын 2-ны хооронд АНУ-ын Юта мужид болсон “The Sundance” кино наадмын үеэр энэ зургийг өөр хүн авсан болохыг харуулсан баримтат кино анх удаа гарав. Кинонд үзүүлснээр уг гэрэл зургийг Ник Ут биш, Вьетнамын чөлөөт гэрэл зурагчин, эдүгээ 86 настай Нгуен Тхан Нге авсан гэх бөгөөд кино чөлөөт сэтгүүлч гэсэн утга бүхий “Stringer” нэртэй байв. Нгуен кинонд өгүүлэхдээ “Тэр өдөр Ник Утийг бөмбөгдөлт болсон газар дагуулж очоод би өөрөө зураг авсан. Улмаар зургийн хальсаа аваад “Associated Press” агентлагийн Сайгон дахь товчоонд очиход бидний "Big guy" гэж нэрлэдэг байсан америк гэрэл зурагчин миний хальснууд дотроос энэхүү нүцгэн охины зурийг сонгон аваад надад 20 доллар төлсөн" хэмээн өгүүлсэн байна. Хэрэв түүний хэлсэн зүйл үнэн бол Британийн өдөр тутмын “The Independent” сонин "ХХ зууны хамгийн чухал гэрэл зураг" гэж нэрлэсэн уг зургийг Ник Ут биш Нгуен Тхан Нге авсан болж таарч байна.

   Энэ бүх маргааны эхлэлийг тухайн үед “AP Saigon” товчооны гэрэл зургийн редактороор ажиллаж байсан Карл Робинсон тавьжээ. 2022 оны арванхоёрдугаар сард тэрбээр АНУ-ын гэрэл зургийн сэтгүүлзүйн институттэй холбогдон "Энэ алдартай зургийг өөр зурагчин авсан" гэсэн утга бүхий цахим шуудан илгээжээ. Үүнээс үүдэн тус институтын захирал хоёр жил гаруй хугацаанд баримт мэдээ цуглуулан судалсаар “Stringer” нэртэй баримтат кино хийсэн байна. Энэ тухай Карл Робинсон “Тэр өдөр би хэд хэдэн зургийг угааж гаргаад гэрэл зургийн хэлтсийн дарга Хорст Фаасад үзүүлсэн боловч нүцгэн гүйж буй охинтой зургийг хэтэрхий өдөөн хатгасан утгатай хэмээн голсон. Тэгэхээр нь AP-ийн зурагчин Ник Утын авсан нүцгэн охины уйлан гүйж буй төрхийг хажуунаас нь буулгасан зургийг санал болгосон юм. Гэвч Хорст Фаас түүнийг бас голоод урдын чөлөөт гэрэл зурагчний авсан зургийг зааж, "Энэ тохирно" гэсэн. Тэгээд би тэр зурагчний нэрийг мэдэхгүй байсан тул нэрийг нь олох, бас зургийн тайлбар бичихээр дэвтрээ эрж байтал хэлтсийн дарга "Ник Утийн нэрээр гарга. Манай сурвалжлагчийн нэрээр байх ёстой” гэсэн” хэмээн өгүүлсэн байна. К.Робинсон кинондоо "Би энэ нууцыг 50 жил хадгалж, энэ тухай өмнө нь хаана ч ярьж байгаагүй. Шуудхан хэлье. Энэ зургийг Ник Ут аваагүй" гэжээ. Гэвч тухайн үеийн нөхцөл байдлын талаар үнэн зөв мэдээлэл өгөх ёстой гэрэл зургийн хэлтсийн дарга Хорст Фаас болон гэрэл зураг боловсруулах өрөө хариуцаж байсан хүн хоёулаа нас баржээ.

Гэрэл зурагчин Нгуен (зүүн талд) болон AP Saigon товчооны фото редактор асан Карл Робинсон нар “The Sundance” кино наадмын үеэр.

   Карл Робинсон яагаад үүнийг одоо илчлэх болов? Хоёр Пулитцерийн шагнал хүртсэн нэрт гэрэл зурагчин Хорст Фаас яагаад зурагчны нэрийг солих болсон бэ? Энэ талаар К.Робинсон "Би Хорст Фаасыг амьд байхад нь асуудалд оруулахыг хүсээгүй (тэр 2012 онд нас барсан)" гэжээ. Мөн тэрбээр "Х.Фаас нь Ник Утад сэтгэлийн өртэй байсан юм. Учир нь Сайгоны товчоонд гэрэл зурагчин байсан Ник Утын ах нь Х.Фаасын тушаалаар дайны фронтод сурвалжлага хийж яваад босогчдод буудуулан амиа алдсан" гэсэн байна. Ахынхаа оршуулгын дараа 14 настай хүү тэдний гэрэл зургийн газарт ирэхэд нь Х.Фаас түүнд биечлэн гэрэл зураг авах эрдэм зааж, албан ёсоор ажилд авчээ. Харин К.Робинсон 2020 онд дурсамж номоо хэвлүүлэхдээ энэ талаар огт дурдаагүй байна.

   Үүний хариуд “Associated Press” агентлаг нэгдүгээр сарын 15-ны өдөр 23 хуудас тайлбар мэдэгдэл хийж, "Stringer" кинонд гарсан бүхнийг няцаасан байна. Тэд Сайгон дахь товчоонд ажиллаж байсан, мөн тухайн үед дайны фронтод үүрэг гүйцэтгэж байсан долоон хүнтэй ярилцлага хийсэн бөгөөд тэд бүгд "Зургийг Ник Ут авсан" гэж хариулжээ. Тухайн үед тэнд байсан "Life" сэтгүүлийн сурвалжлагч Дэвид Бернетт "Миний “Leica” камер хальсаа ороохдоо их уддаг байсан. Би үүнийг хүлээн будилж байх хооронд Ник Ут биднээс түрүүлээд гүйж очоод нүцгэн охин болон бусад хүүхдүүдийн зургийг авсан” гэжээ. Мөн тэрбээр 2012 оны 6 дугаар сард буюу "Napalm Girl" гэрэл зургийг авснаас 40 жилийн дараа “The Washington Post” сонинд бичсэн нийтлэлдээ "Би тэр үед AP товчооны зураг угаадаг харанхуй өрөөг ашигладаг байсан бөгөөд Ник Ут тэнд 5х7 инчийн хэмжээтэй угаасан нойтон зургаа барьсаар гарч ирсэн. Би бол тэр алдартай зургийг харсан анхны гэрч болсон" гэжээ. Бас энэ маргаан дэгдэх үед тэрбээр "Vanity Fair" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Гэрэл зургийн хэлтсийн дарга Хорст Фаас "Ник Ут аа, чи өнөөдөр сайн ажиллалаа" гэж хэлэхийг би тод сонссон. Хэрэв энэ зургийн өөр хүн авсан байсан бол тэр ингэж хэлэх үү?” гэжээ. AP агентлаг тайлбар мэдэгдэлдээ, "Бодитой нотлох баримт байхгүй бол энэ зургийн эзэн Ник Утаас өөр хүн байх үндэслэлгүй" гэсэн байна. Харин сурвалжлагч Д.Бернетт, гэрэл зургийн гол дүр болсон Ким Фук, гэрэл зурагчин Ник Ут нар "Stringer" киноны багийнханд ярилцлага өгөхөөс татгалзжээ. Түүгээр үл барам Ник Ут уг киног хориглохыг шаардаж, нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандсан байна. Ник Утын өмгөөлөгч нь К.Робинсоныг 1978 онд ажлаас халагдсанаасаа хойш AP агентлагт өсөрхөх болсон, мөн ажлын хамт олон нь түүнийг хамтран ажиллахад маш хэцүү хүн гэж дүгнэдэг болохыг дурджээ. Гэтэл Парис хотын гэрэл зургийн шинжилгээний баг тухайн үед авсан 50 гаруй гэрэл зураг, видео бичлэгийг шинжилж үзээд Ник Ут эгц урдаас зураг авах боломжгүй байршилд байсан дүгнэлт гаргажээ.

Гэрэл зурагчин Нгуен зургийн гол дүр Пан Ти Ким Фук нар.

   Тэгвэл уг зургийг авсан гэх Нгуен Тхан Нге яагаад ийм удаан дуугүй явав? Кинонд тэрбээр Сайгоны NBC агентлагийн товчооны дарга болон AP агентлагийн гэрэл зурагчин Хорст Фаас нартай маш дотно найзууд байсан бөгөөд асуудал үүсгэж, амьжиргаагаа эрсдэлд оруулахыг хүсээгүй гэжээ. Тэрбээр 1975 онд Вьетнамаас зугтаж, АНУ-д суурьшсан байна. Энэ үедээ амьжиргаагаа залгуулах нь хамгийн тулгамдсан асуудал байсан тухайгаа ярьсан байна. Нгуен дараа нь цэрэг, дайны гэрэл зургийн сурвалжлагч болжээ. Харин "Napalm Girl" зургийг нь хүүхдэд харуулахад аймшигтай гээд эхнэр нь урж хаясан гэнэ. Харин Нгуений охин уг кинонд "Аав тэр зургийг хөргөгч дээр тавьсан байсныг би шат тавин байж дээш авиран үзэж байлаа. Маргааш нь тэр зураг сонины тэргүүн нүүрэн дээр гарч байсан" гэжээ. Харин Нгуен “Би тэр зургийг авахын тулд байдгаараа хичээж ажилласан. Гэтэл тэр бүтээл маань өөр хүний өмч болж, Ник Ут энэ зургаар олон шагнал хүртэж дэлхий даяр алдаршсан. Надад олигтой нотлох баримт байгаагүй болохоор яаж ч чадаагүй” хэмээн халагласан байна. Кино бүтээгчид ”Тэр үед цаг өөр байсан. Нгуен гэрэл зургийн зохиогчийн эрхээ хамгаалахаас илүү амьжиргаагаа залгуулах нь чухал байсан” гэжээ. Эдүгээ тэрбээр охиныхоо хамт Калифорнид амьдардаг бөгөөд саяхан тархинд нь цус харвасан ч удалгүй хөл дээрээ босч, энэ жилийн “Sundance” кино наадамд оролцжээ. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа орчуулагчаар дамжуулан "Тэр зургийг би авсан" хэмээн хэлж инээмсэглэсэн байна. Харин гэрэл зургийн гол дүр болсон Пан Ти Ким Фук “Тэр өдрүүдийг сайн санадаггүй. Харин би нагац ахаасаа "Ник Ут хэмээх зурагчин чиний зургийг авч мөнхжүүлсэн. Мөн чамайг их түлэгдэлттэй байхад эмнэлэгт хүргэсэн" гэж хэлж байхыг сонссон” гэсэн байна. Тэрбээр "Stringer" киног “Миний баатар руу хийсэн гүтгэлэг” гэж буруутгасан аж. Киноны багийнхан сонинд өгсөн ярилцлагадаа "AP эсвэл бусад агентлаг юу ч гэж хэлэх нь хамаагүй. Бид Нгуений гавьяаг дэлхий дахинд таниулах болсондоо баяртай байна. Тэр ч бас баярлаж байгаа байх” гэжээ.

Эх сурвалж:Chosun.com

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.