images

АНУ-аас хөөгдсөн цагаачдыг Гуантанамод хорихыг Куба улс хүлээн зөвшөөрөхгүй

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-01-31


   АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп албан ажлаа авуутаа хууль бус цагаачдыг нутгаасаа хөөн гаргах шийдвэр гаргасан билээ. Улмаар “Цагаачдыг албадан гаргаж Гуантанамо дахь Тэнгисийн цэргийн баазад хорино” хэмээн зарласанд Куба улсын Гадаад хэргийн яамнаас мэдэгдэл гаргав. Мэдэгдэлд,

   “АНУ-ын ерөнхийлөгчийн зарласан шийдвэрийг Куба улс хүлээн зөвшөөрөхгүй. АНУ-аас хөөгдөж байгаа, эсхүл хөөгдөн гарах гэж байгаа хүмүүсийн ихэнх нь АНУ-ын Засгийн газрын тонон дээрэмдэх бодлогын золиос болсон хөдөө аж ахуй, барилга, аж үйлдвэр, үйлчилгээ болон бусад салбар дахь ажиллах хүчний хэрэгцээг нөхсөөр ирсэн хүмүүс билээ. Мөн зарим нь "Нэг талын албадлагын улмаас нийгэм, эдийн засгийн байдлаараа хохирсон дүрвэгчдийг хүлээн авна" хэмээн улс төрийн зорилготой, тодорхой хүмүүст зориулж дүрэм журам гарган хилээрээ нэвтрүүлсний үр дүн юм. Эдгээр хүний олонх нь тус улсын эдийн засагт чухал хувь нэмэр оруулдаг, оруулсаар ч ирсэн. Тэд ажил төрөлтэй, гэр оронтой, АНУ-д гэр бүл зохиож өөр өөрсдийн амьдралаа төлөвлөсөн хүмүүс. Цагаачдыг хорихоор зэхэж байгаа газар нутаг АНУ-д хамаарахгүй. Тухайн газар нутаг нь Кубын зүүн зүгийн Гуантанамо мужид байдаг Кубын нутаг дэвсгэрийн нэг хэсэг бөгөөд Кубын ард түмний хүсэл зоригийн эсрэг, хууль бусаар цэргийн хүчээр эзлэгдсэн хэвээр байсаар байна. Энэхүү цэргийн байгууламж нь АНУ-ын шүүхийн харьяаллаас гадуур эрүүдэн шүүж тодорхойгүй хугацаагаар хорих зэрэг бусад шалтгааны улмаас байгуулагдсан гэдгээрээ олон улсад танигдсан. Тус төвд ямар нэгэн ял шийтгэл аваагүй, хэзээ ч шүүхээр шүүгдээгүй хүмүүс 20 хүртэлх жил хоригддог. Тус төвийг хариуцлагагүй ашиглаж байгаа нь тухайн хүчээр эзэлсэн газар нутаг болон түүний эргэн тойронд эрсдэл үүсгэж, энх тайванд заналхийлж, тогтвортой байдлыг алдуулж, ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй алдаа, осол, үл ойлголцлыг бий болгодог” гэжээ. Гуантанамо дахь АНУ-ын Тэнгисийн цэргийн баазад 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагын дараа сэжигтнүүдийг хорьсон юм. Тэнд 48 орны 780 хүнийг хорьж байгаад 756-г нь өөр газар руу шилжүүлсэн бол ес нь үхэж, 15 нь үлджээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.