images

Оросуудын дургүй Чингис хаанаар нэрлэгдсэн тосгон Орос улсад 400 жил болж байна

Б.Бат-Амгалан

Чихэнд чимэгтэй

2023-01-23


     ОХУ-ын Новосибирск мужид Монголын их хаан Чингисийн нэрээр овоглосон тосгон 400 дахь жилдээ энэ нэрээ хадгалан байна. Алтан ордны улсын хойч Сибирийн хаант улс мөхсөний дараа Оросын захиргаанд орсон Сибирийн татаруудын сүүлчийн удирдагчдын нэг Тарлава оросуудтай эв эвдрээд Обь мөрний эрэгт тусгаар бэхлэлт байгуулсан 1619 оноос энэ тосгоны түүх албан ёсоор эхэлдэг бөгөөд тухайн үедээ Чингис нэрийг авсан гэж судлаачид үзжээ. Омскийн цэргийн дарга Яков Тухачевский Тарлаваг цохисноос хойш энэ нэр түүхэн сурвалжид дурдагдахгүй байсаар Петр I хааны үед Орос орон даяар хүн амын тооллого явуулахад дахин гарч ирэхдээ мөнөөхөн Чингис гэдэг нэрээрээ тэмдэглэгдсэн байна. Үүнээс хойш хэдэн зууны турш, тэр бүү хэл Монголын түүх, Чингисийн нэрийг хайр найргүй үгүйсгэн, маш хорсолтойгоор баллуурдаж байсан Зөвлөлт улсын үед ч энэ хэвээрээ явсаар өдийг хүрсэн нь сонин юм.    

   Тухайн орон нутгийнхны дунд зуу зуун жил яригдаж ирсэн аман домгоор бол энэ тосгон дээр өгүүлэн буй цаг хугацаанаас хамаагүй эрт буюу Чингис хааны таалал төгсөхөд буй болсон гэнэ. Улмаар Чингис хаан тэнгэрт дэвшихдээ бие цогцсоо эд эрхтнээр нь хуваан уудам их улсынхаа өнцөг булан бүрд аваачин оршоохыг гэрээсэлсэн гэж нутгийн оросууд хэлэлцдэг бөгөөд тосгоныг баруун этгээдээс хаасан цувраа зургаан болдгийн нэгний доор Чингис хааны өрөөсөн гар булаатай бий гэж ярьдаг байна.

   Новосибирск мужийн хамгийн эртний тосгон гэгддэг, 600-гаад хүнтэй Чингис тосгон Ордынский дүүрэгт харьяалагддаг. 1859 оны тооллогоор тосгоны хүн ам 248 байсан бол 160 жилийн дараа буюу 2010 оны тооллогоор 608 болжээ. Дүүргийн төв нь Ордынское суурин бөгөөд энэ нэр нь эртний Алтан ордны улсын нэрээс уламжлан ирсэн нь лавтай юм. Оросын засаг захиргааны бүтцүүд дотроо томоохонд ордог өнөөгийн Новосибирск муж нь хуучин Алтан ордны улсын зүүн хязгаар, улмаар тус улсыг мөхөхөд түүхэн үргэлжлэл нь болж байсан Сибирийн хаант улсын үндсэн нутаг байж билээ.

   Чингис тосгон хэдийгээр жижиг боловч ялангуяа зун, намрын цагт Оросын дотоодын төдийгүй Герман, Унгар, Чех, Итали зэрэг гадаадын жуулчид цөөнгүй ирдэг байна. Тосгоны нутгийн газрын хэвлийгээс эртний цэргийн хуяг дуулга, зэр зэвсэг, зоосон мөнгө, шавар ваар элбэг олддог байсны цөөнгүй нь өдгөө тосгоны орон нутгийг судлах музейд бий. Хөө хуяг, бүрэн зэвсэгтэй цэрэг, дэргэд нь унагатай гүү оршуулсан нь ч олдож байсан гэнэ. Харин өнөөдөр металл хайгч агссан эрэлчид хуучин юм хайж олноор ирдэг бөгөөд бага сага юм олохдоо олдог, тэдний дунд Чингисийн гарыг олох зорилготой улс ч байдаг гэж орон нутгийн хэвлэлд бичжээ. Социализмын үед энд модны аж ахуй, модны үйлдвэр байгуулж байсан нь одоо үгүй болсон байна. Харин тосгон шуудангийн салбар, дунд сургууль, банкны салбар, сүм, соёлын ордон, номын сан, хэд хэдэн дэлгүүртэй. Эндхийн Үнэн алдартны сүм Новосибирск муждаа хуучинд ордог нь тэртээ 1756 онд баригдсаных. Анхны тэр модон сүмийг XIX зуунд чулуун болгосон бөгөөд дуганд нь 500 хүн ордог, сүмийн хонхны дуу 20 километрийн алсад сонсогддог, айл зэргэлдээ тосгонд сонссон хүн “Чингисийн хонх цохилоо” гэж ярьдаг байж гэнэ. Тосгоны хэдэн гудамжны нэр өнгөрсөн өөр өөр цаг хугацаанд онд ондоо явж ирсэн нь мэдээж бөгөөд хамгийн сүүлд буюу социалист нийгмийн үед Лениний гудамж, Пролетарийн гудамж, Зөвлөлтийн гудамж, Калинины гудамж гэх зэргээр өөрчлөгдсөн боловч Их Монгол улсыг үндэслэгч Чингис хааны нэр тэр хэвээр явсаар өдийг хүрчээ.   

   Чингисийн нэртэй газар ОХУ-д цор ганц ч биш, мөн ийм нэртэй гол Чингис тосгоныг тойрон урсана. Малый Чингис буюу Бага Чингис хэмээх нэртэй энэ гол эхээсээ 27 км урсаад Обь мөрөнд цутгадаг. Алтайн нуруунаас эх авагч Бий, Катунь хоёр гол зуугаад жилийн өмнө манайхны жин тээж очдог байсан Алтайн хязгаарын Бийск хотын баруун урдхан нийлснээр үүсдэг Баруун Сибирийн Обь мөрөн тэр бэлчрээс умарш 3650 км урсаад Хойд мөсөн далайн өмнөд зах Карын тэнгист цутгадаг билээ. 

Чингис тосгоны хүүхдүүдийн зурсан зураг тосгоны улаан буланд

Автобусны буудал

 

      

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.