images

Украины дайны түүхэн сургамж юу вэ?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-02-25


   Украинд гурван жил гаруй үргэлжилсэн дайн дуусах дөхөж байна. Тус улс НАТО-д элсэх нь бүү хэл газар нутгийнхаа 20 хувийг Орост алдах эрсдэл тулгараад байгаа бөгөөд энхийн хэлэлцээрээр АНУ-ын зүгээс ямар шийдвэр гарахыг хүлээж байна. Нөгөө талаар Орос улс бусдын газар нутаг руу халдан довтолсон тухайд ямар ч гэм зэм хүлээхгүйгээр зорилгодоо хүрэх нөхцөл байдал үүсчээ. Орос, Украины энхийн хэлэлцээрээр дамжуулж АНУ ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх бодолтой байгаагаа нуусангүй. Украинд цэргийн дэмжлэг үзүүлснийхээ хариуд АНУ олон зуун тэрбум долларын үнэ хүрэх баялаг бүхий газрын ховор элементийн ордуудыг нь эзэмшихийг шаардах боллоо. Украин улс Вашингтонтой ашигт малтмалын асуудлаар яриа хэлэлцээр хийж аюулгүй байдлын баталгаа авсан ч энэ нь хэр найдвартай байх нь тодорхойгүй. Аюулгүй байдлын асуудлаар Украинд түүхэн гашуун сургамж бий.

   ЗХУ задран унаснаас хойш гурван жилийн дараа буюу 1994 оны 12 дугаар сард Унгарын нийслэл Будапешт хотноо Украин, Беларусь, Казахстан улсууд цөмийн зэвсгээсээ татгалзаж, аюулгүй байдлын баталгаа гаргуулан улс төрийн тохиролцоонд хүрч Будапештын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм. Санамж бичгийн үндсэн агуулга нь дээрх гурван улс ЗХУ-ын үед байсан цөмийн зэвсгээ ОХУ-д шилжүүлж, Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээнд нэгдэн орох, хариуд нь АНУ, ОХУ, Их Британи эдгээр улсын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэхээс татгалзаж, аюулгүй байдлыг нь баталгаажуулсан юм. Гэвч цаг хугацаа өнгөрсөн хойно аюулгүй байдлын баталгаа гэж үзэж байсан санамж бичиг нь хоосон цаас болж хувирав. 2014 онд ОХУ Крымын хойгийг хүчээр нэгтгэж авахад ч, 2022 онд түрэмгий дайн эхлүүлэхэд ч санамж бичигт гарын үсэг зурсан орнууд Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах ямар нэгэн алхам хийсэнгүй. Гурван жил үргэлжилсэн дайны дараа эвлэрэх хэлэлцээрт орохоос өөр аргагүйд хүрч, ихээхэн хохирол амссан Украин улсЦөмийн зэвсгээс татгалзсан нь бидний алдаа байсан” хэмээн харамсахад хүрээд байна.

   Украины дайныг зогсоох хэлэлцээр нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын удирдсан олон улсын аюулгүй байдлын шинэ дэг журмын дөнгөж эхлэл юм. Оросын талыг илт баримтлах болсон АНУ-ын тэргүүлж буй энхийн хэлэлцээ нь НАТО болон Америкийн хооронд хагарал гаргах эрсдэл дагуулж байна. Өнгөрсөн 23-ны өдөр Германы бүх нийтийн сонгуулиар ялалт байгуулсан Христийн ардчилсан холбооны тэргүүн Фридрих Мерц "Миний хамгийн чухал зорилт бол Европыг аль болох хурдан хүчирхэгжүүлж, АНУ-аас хараат бус болгох явдал юм" гэжээ. Дэлхийн II дайнаас хойш 80 жил Америкийн хүчинд түшиглэж ирсэн либерал ардчилсан лагерийн аюулгүй байдлын дэг журам ийнхүү ганхаж эхэллээ. Ф.Мерц хэлэхдээ Европын цөмийн зэвсэгтэй улс болох Их Британи, Францтай цөмийн зэвсгийг хуваалцах талаар ярилцаж болно. Бид Европын цөмийн зэвсгийг бэхжүүлэх талаар ярилцах ёстой гэсэн байр суурь илэрхийлжээ. Энэ нь Европын аюулгүй байдлыг АНУ мэт цөмийн гүрэнд бүрэн даатгаж болохгүй гэдгийг ухаарсан хэрэг хэмээн шинжээчид үзэж байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.