10 баримт: Монголын ШУА энэ жил
Чихэнд чимэгтэй
2022-12-16
Монгол улсын Шинжлэх ухааны академийн салбар бүрийн эрдэмтэн судлаачид 2022 онд хийсэн туршилт, судалгаа, бүтээлийнхээ үр дүнг танилцууллаа. Манай сайт монгол эрдэмтдийн олон амжилтаас тухайлан арвыг нь сонгож уншигчдадаа хүргэж байна.
1. МУИС олон улсын томоохон их сургууль, хүрээлэнгүүдэд ажиллаж буй монгол физикч эрдэмтэдтэй хамтран АНУ-ын Засгийн газраас санхүүжүүлдэг “Naval Research Global Foundation” төсөлд анх удаа шалгаран 500 мянган ам.долларын санхүүжилт авахаар боллоо.
2. Химичид мод бэлтгэлийн хаягдал шилмүүсийг бүрэн боловсруулж эфирийн тос, малын тэжээл, ванны шингэн рашаан гарган авах технологийг боловсруулж цех байгуулан бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлснээр эфирийн тосоо Европын холбооны улсуудад худалдаалж эхэлсэн байна.
3. Ботаникчид говийн ганга, юлдэн тарваган шийр, нарийн навчит хөвөн оройт, урал чихэр өвс зэрэг эмийн ургамлуудаас бүх төрлийн ханиад, томууны үед ханиалга намжаах, цэр ховхлох, уушги цэвэрлэх, хамгаалах үйлчилгээтэй “Тэнүүн” цай гарган авчээ.
4. Анагаах ухааны салбарын эрдэмтэд “Лидэр-7” тангаас гаргаж авсан томуу, томуу төст өвчин анагаах “Монфлю” уусдаг мөхлөг эмийг Монголын эмийн бүртгэлд бүртгүүлж, хэрэглээнд нэвтрүүлэв.
5. Археологчид Олон улсын түрэг судлалын академитай хамтран Архангай аймгийн Хашаат сумын Номгоны хөндийд малтлага судалгаа хийж Түрэгийн Кутлук Элтэрис хааны тахилгын онгоны цогцолборыг илрүүлсэн байна. Мөн тус тахилгын онгоноос руни, түрэг, согд, брахми бичигтэй хэд хэдэн гэрэлт хөшөө олсон нь тухайн үеийн түүхийг өгүүлэх бичиг үсгийн үнэтэй эх сурвалж болжээ.
6. Монголын Үндэсний музейд “Хүннү-археологийн шинэ нээлт” үзэсгэлэнг нэг жилийн хугацаанд дэлгэснийг 40 мянга гаруй хүн үзэж сонирхсон байна.
7. Монголын биологичид шинээр барих “Богдхан” төмөр замын трасс дагуу зэрлэг хөхтөн амьтдын шилжилт хөдөлгөөн, гарц гармын байршил тогтоох судалгаа хийж цагаан зээр, халиун буга зэрэг амьтны тархац, байршлын мэдээлэлд үндэслэн хамгийн бага өртгөөр хийж болох нүүдлийн коридор замуудын зураглалыг гаргаж, нийт есөн цэгт стандарт бүхий зэрлэг амьтдад ээлтэй гарц байгуулах зөвлөмж боловсруулжээ.
8. Мөн сүү, цагаан идээний дээжээс сүүн хүчлийн бактерийн 200 гаруй цэвэр өсгөврийг ялган авч технологийн болон пробиотик шинж чанаруудыг нь судлаад хуурай хөрөнгө гаргаж авав.
9. Манай одон орон судлаачид Монгол орны нутаг дэвсгэр дэх GNSS байрлал тогтоох хиймэл дагуулын мэдээ хүлээж авах 52 суурин станцын өгөгдөл, хээрийн 41 цэгийн давтан хэмжилтийн мэдээнд үндэслэн царцдасын хэвтээ чиглэлийн хөдөлгөөн, деформацийг анх удаа загварчилжээ.
10. Хэл шинжээчид “Монгол хэл судлал” 15 боть, “Монголын нууц товчооны тайлбар толь”, “Монголын утга зохиолын нэвтэрхий толь” зэрэг бүтээлүүд хэвлүүлэв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.