Хоошёорюүгийн аав
Чихэнд чимэгтэй
2025-01-27
Японы мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд хоёр дахь удаагаа түрүүлээд буй Хоошёорюү С.Бямбасүрэн нь Монгол улсын заан Д.Долгорсүрэнгийн ач хүү гэдгийг монголчууд сайн мэднэ. Өөрөөр хэлбэл, С.Бямбасүрэн бол зааны ууган хүү Д.Сугаррагчаагийн дунд хүү билээ. Үндэсний бөхийн улсын аварга Д.Сумъяабазар, мэргэжлийн сүмогийн 68 дахь аварга Асашёорюү Д.Дагвадорж нарыг Монгол даяараа мэдэх бол тэдний ах Д.Сугаррагчааг монголчууд төдийлөн сайн мэдэхгүй юм. Тэгвэл Д.Долгорсүрэнгийн гэргий Х.Пүрэвбадам 2023 онд бичиж хэвлүүлсэн “Аварга ингэж төрсөн” хэмээх намтар номынхоо “Тайван сайхан хүү” бүлгийг хүүдээ зориулжээ. Уг бүлэгт юу гэж өгүүлснийг бүрэн эхээр нь толилуулж байна.
“Манай том хүү Сугаррагчааг төрөөд, эмнэлгээс гарч ирэхэд аав минь “Миний охины анхны хүүхэд их том биетэй, сайхан хүү төрлөө” хэмээн ихэд баярласансан. Харин нялх үрээ тэврээд, буурал аавтай нь байлгая, өвөг дээдсээ мэдрэг гээд орохоор өвчин хуучтай хүнд нялх хүүхдээ битгий ойртуул гэж хангинадаг байсан.
Бариад удаагүй шинэ гэрт маань шинэ хүн ирээд, бид хоёр инээдэм хөөрөөр бялхсан сайхан амьдралтай болж билээ. Нялх хөөрхөн үрээ хараад царай гэрэлтэж сууснаа, аав бодогдохоор өөрийн эрхгүй барайчихдаг. Сугаррагчаа хүүг минь дөрвөн сартай болж байтал аав минь бурхан болсон.
Миний хүү Гандангийн гэр хорооллын эгэл жирийн хүүхдүүдтэй ижил, монгол ахуйдаа өсөж торнисон. Нялх байхын л шүлс нь гоожоод, инээд алдаад сууж байдаг, их тайван амгалан хүү. Уйлж орилно гэж бараг л байдаггүй. Сүү элбэгтэй болохоор Сугараа маш олон хүнтэй эхийн цагаан сүүгээ хуваалцсан. Нөхрийн бөх, жолооч найзуудын гэргий нар хүүхдээ цатгахгүй байна гэхээр нь би сүүгээ саагаад л явуулдаг. Хөхнийхөө сүүг хүртэл хүнтэй хуваалцаж өссөний бэлгэ дэмбэрэл юм байлгүй дээ, хүүхэд тоглоомыг нь авахаар тоодог ч үгүй амгалан сууж л байдаг. Жолооч аавтайн буян багадаа идэж уухаар элбэг дэлбэг, бялхсан их буянтай өссөн хүү. Сугараа 46 дугаар сургуульд нэгдүгээр ангид ороод байхдаа үеийн хөвгүүд чулуу шидэлцэж байхад оролцоно гэж үгүй, замын цаана хүүхдүүд бужигнаж байхад тооно ч гэж үгүй, хашаа дагаад л, гэр лүүгээ алхаж явдаг. Тайван амгалан зан нь янзандаа.
Дунд сургуулиа төгсөөд л цэрэгт явсан. Цэргээс халагдмагцаа Л.Гаваасүрэн хурандаагийн захирч байсан цагдаагийн 805 дугаар ангид эргүүлийн цагдаа болсон юм. Сүүлдээ дүү нь амжилт гаргах тоолонд аав, ээж нь заавал нисэж очдог, тэр болгонд наашаа цаашаа яарч явах, идээ будаа, бэлэг сэлт цуглуулах ажилтай болсон. Япон руу их ирж очдог болсноор Сугаррагчаа маань амгалан зангаараа "Ижий, ааваа чөлөөтэй зөөж байя даа” гээд ажлаасаа чөлөөлөгдөөд, жолооч хүн болж хувирсан.
1996 онд Сумъяабазарыг заан болдог улсын наадмаар Сугаррагчаа маань найз охиноо дагуулж ирлээ. Төв аймгийн Жаргалантын гаралтай, Рэгзэндагвын Нармандах гээд манай гэрт нар мандсан бэр орж ирсэн дээ. Одоо гурван хүүтэй дархан бэр болчхоод байна. Ээж, аавдаа элбэрэлтэй, хадмуудаа хүндэтгэдэг, ёстой төртэй, сайн бүсгүй. Манайхыг аз түшиж, ухаантай бэр заяажээ.
Сугараагийн том хүү ажилтай төрөлтэй, биеэ даах болчихсон. Дунд хүү нь Хоошёорюү С.Бямбасүрэн гээд сумод барилдаж байна. Бага нь 10 дугаар ангийн өндөр сайхан хүү, компьютер технологи талдаа сэтгэлгээ сайтай. Яваандаа тэр чиглэлээрээ мэргэжил эзэмшинэ гэсэн хүн бий.
Том хүү минь одоо тавь гараад, тайван амгалан зан нь хэвээрээ, налайгаад л, инээгээд л сууж байна даа”.
Х.Пүрэвбадам гуай номынхоо “Чавганцаас боллоо” хэмээх бас нэг бүлэгт ууган хүүгийнхээ тухай өгүүлсэн нь:
“Сугараа арай сургуульд ороогүй 7 настай, Сумъяа 4 ой өнгөрч байсан үеийн паян санаанаас гардаггүй юм. Ах дүүсээрээ ойр хашаатай болохоор оройд нэгнийдээ цуглаж хууч хөөрцгөөнө. Манай хашаанд буусан Долгорсүрэнгийн дүүгийнд бужигналдаж байтал манай хоёрыг барилдуулах юм боллоо. Дүүгийнх нь хадам ээж, Янжмаа гэж эгч байдаг нь хөдөөнөөс ирчихсэн байсан. Тэгтэл Сугараа нь Сумъяагаа дийлдэггүй ээ. Долоон настай, өөрөөсөө хамаагүй тэнхээтэй ахыгаа яаж ийж нухсаар, зууралдсаар байгаад л хаячихдаг. Дөрөв уналаа, тав дахиа ч уналаа. Унах болгондоо л Сугараа:
- Энэ муу авдраас боллоо.
- Энэ орноос боллоо.
- Өө тэр сандал тээглэчихлээ... гээд л шалтаг хэлээд байлаа. Хөдөөнөөс ирсэн хөгшин:
- Ээ, Сугараа минь дээ. Одоо "Энэ муу чавганцаас боллоо" л гэж хэлэх дутуу байна даа гэсэн. Зургаа дахиа барилдтал ахиад л Сугараа уначихдаг. Хөлс баас нь цувчихсан, хор шар нь хөдөлчихсөн, түнхэлзтэл амьсгаадаад хэсэг зогсож байснаа:
- Муу чавганцаас боллоо! гэчхээд гараад гүйчихсэн. Гэрээр дүүрэн инээдэм. Сумъяабазар ингэж л хар нялхаасаа ноцолдоод, барилдаад сурчихсан хүүхэд дээ”.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.