Өрнө, Дорнын анагаах ухааныг хослуулан бичсэн 301 жилийн өмнөх нууц бүтээлийг манжаас монгол хэл рүү орчуулжээ
Чихэнд чимэгтэй
2025-01-30
Монголын ШУА, Монголын Анагаах ухааны Академи, МУИС, “Ач”, ЭЗШУИС-ийн судлаач, багш нар хамтран Манжийн Энх-Амгалан хааны зарлигаар 1723 онд манж хэлээр гараар бичсэн “Ge ti ciowan lu bithe” нэртэй анагаах ухааны эртний найман боть номыг орчин цагийн монгол хэлээр орчуулан “Дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг” нэрээр хэвлүүлснээ энэ сарын дундуур мэдээлжээ. Эрдэмтэд ном дахь харь, түүхэн болон эртний үгт тайлбар хийсэн бөгөөд орчуулга, үгийн тайлбарыг манжич эрдэмтэн, МУИС-ийн профессор Г.Буянтогтох, дэд профессор Б.Гэрэлмаа, академич Ш.Болд нар хийж, профессор Д.Шагдарсүрэн ариутган шүүсэн байна. Энэ бүтээл нь ердөө ганц хувь бөгөөд 896 хуудастай, 30,5х20 см хэмжээтэй, бичсэн хүн нь Францын Есүсийн нийгэмлэгийн Доминик Пареннин (1665-1741) бол хянасан нь Манжийн Энх-Амгалан хаан (1654 - 1722) ажээ. Францын элч Д.Пареннин нь математикч хүн бөгөөд манж хэлийг богино хугацаанд сурсан нэгэн гэнэ. Харин энэ номыг туурвих болсон шалтгаан нь Энх-Амгалан хаан хумхаа өвчин туссаных байжээ. Бүтээл эх хувиараа Францын Үндэсний байгалийн түүхийн музейд байдаг бол монгол эрдэмтэд хуулбараас нь орчуулсан байна. Харин тэр хуулбарыг манжич эрдэмтэн Г.Буянтогтох олж авчээ. “Ge ti ciowan lu bithe" номын хавтас дээр “Нууц номын уншлагын танхим” гэсэн тамга, зарим бүлэгт “Энх-Амгалан хааны шунхан тигээр хянан зассан, цул, савын тайлбар” гэсэн бичигтэй дардас байсан гэнэ. Мөн номын эхний дөрвөн ботид Европын анагаах ухааны арга зүйн зарчмуудыг ашиглан биеийн бүтэц зүйн судлал, туршин шинжилгээний үр дүн, физиологийн үйл ажиллагааг нэгтгэн бичсэний зэрэгцээ Европын сэргэн мандалтын үеийн анагаах ухааны хэд хэдэн нээлтийг оруулсан байдаг аж. Харин сүүлийн дөрвөн ботид таван цул, зургаан сав, таван эрхтэн, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, саа зэрэг өвчнүүдийн шалтгаан, нөхцөл, эмгэг жам, шинж тэмдэг, ангиллыг дийлэнхдээ Европын анагаах ухааны онолын ёсоор бичиж, эмчлэх аргыг нь хятад болон уламжлалт анагаах ухааны онолд үндэслэсэн ургамал, амьтан, эрдсийн гаралтай эмийн түүхий эдээр найруулсан эмийн жор, хануур, бумба, төөнүүр зэрэг заслаар хэрхэн эмчлэхийг маш тодорхой бичжээ. Тиймээс уг бүтээл Өрнө, Дорнын анагаах ухааныг хослуулан хөгжүүлэх хөрс суурийг тавьсныг эрдэмтэн Ш.Болд, Б.Гэрэлмаа, Д.Шагдарсүрэн нар онцолсон байна.
Эх сурвалж: Шинжлэх ухааны академи
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.