Я.Марал: Ихэр бид хоёр зундаа ногоо тарьж, тэмцээнд оролцох зардлаа олдог
Чихэнд чимэгтэй
2025-01-30
2025 оны Буудлагын спортын УАШТ-ий эмэгтэйчүүдийн хийн урт бууны төрөлд Я.Марал мөнгөн медаль хүртэж, түүний ихрийн өрөөсөн Я.Маргад тусгай байр эзэлсэн билээ. Тэд Сэлэнгэ аймгийн Мандал сумын дунд сургуулийн 11 дүгээр ангийн сурагчид бөгөөд буудлагын спортоор хичээллэн богино хугацаанд Спортын мастер цолонд хүрсэн юм. Тамирчин Я.Маралтай цахимаар холбоо барьж цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
- Улсын хэмжээний том тэмцээнд ихэр тамирчин оролцож насанд хүрэгсэдтэй өрсөлдөх төдийгүй бие биенээ медалийн тавцанд гарахыг харах сайхан биз? Та хоёр хамтдаа олон тэмцээнд оролцов уу?
- Медалийн тавцан дээр хоёр биенээ хараад баярлалгүй яах вэ. Буудлагаа дуусгаад гарч ирэхэд нь “Мундаг байлаа шүү” гээд бие биендээ байнга болсон зүйлсээ ярьж, дүгнэлт хийдэг болохоор их бахархаж байсан. Хүүхдийн наадам, УАШТ, “Аваргын гараа”, Аймгийн АШТ гэх мэт олон тэмцээнд хамтдаа медалийн тавцанд гарч байлаа. Зэрэгцээд зогсох, нэг нэгнийгээ финалд үлдсэн байхыг харах тэр мөчид тайвширч, хамгийн гоё байдаг.
- Энэ спортоор хичээллэх санааг хэн нь түрүүлж гаргасан бэ? Эсвэл хоёулаа ярилцаж байгаад шийдэв үү?
- Анх дугуйлангийн зарыг цахимаас олж хараад "Хичээллэж үзвэл сонирхолтой юм байна даа" гээд хоорондоо яриад өнгөрч байв. Удаа ч үгүй ангийн найзууд хичээллэж эхэлснийг сонсоод аав ээждээ хэлтэл “Сонирхоод үзэхгүй юу” гээд дэмжсэн. Тэгэнгүүт нь шууд багш дээрээ очоод шалгуулаад орж байсан даа. Э.Юмжирмаа багш дээр анх очиход бид хоёрын гарын хүчийг үзээд, "Урт буугаар буудахад тохирох юм байна" гээд шууд гурван сум буудаж үзүүлсэн. Анх удаа хүнд буу барихад мэдээж сандрал, түгшүүртэй байсан. Буудаж дуусаад багшид оносон байгаа үзүүлэхэд "Анх буудаж байгаа хүүхэд ингэж сайн буудахгүй дээ” гэж хэлсэн нь итгэл найдвар төрүүлж, тэр өдрөөсөө л шууд бэлтгэлдээ орсон доо. Манай ангийн Максим, Түвшинбаяр хоёр анх буудлагаар хичээллэж байлаа. Тэр хоёрыг дугуйланд яваад удаагүй байхад нь ангийн найз Г.Маралмаа, ихэр бид гурав явдаг болсон. Баянхонгор аймагт 2023 онд болсон Хүүхдийн спортын зуны наадамд бид хоёроос гадна Максим оролцож алтан медаль авч байсан юм. Одоо тууштай хичээллэж байгаа хүүхэд гэвэл спортын нэгдүгээр зэрэгтэй болсон Г.Маралмаа найз маань, мөн Э.Юмжирмаа багшийн анхны шавь спортын дэд мастер Б.Үйлстөгөлдөр, сүүлд шинээр хичээллэж эхэлсэн олон хүүхдүүд байна даа.
- Анхны тэмцээн нь ямар тэмцээн байв?
- Бид хоёр хичээллэж эхлээд дөнгөж 15 хонож байтал жил бүр зохиогддог “Д.Сүхбаатарын мэргэн бууч” гэдэг тэмцээнд оролцох болсон. Их айж, сандарч байсан ч тэмцээний дүнгээр бид хоёр дээгүүр байр эзэлсэн байна лээ.
Ихрүүд Олимпын мөнгөн медальт тамирчин О.Гүндэгмаагийн хамт.
- Багшийгаа танилцуулаач. Та хоёр нэг багштай юу?
- Тийм ээ. Манай багшийг Э.Юмжирмаа гэдэг. Спортын мастер цолтой. Ази тивийн болон улсын чанартай тэмцээнээс удаа дараа медаль авч амжилт гаргаж байсан тамирчин.
- Буудлагын тэмцээн явагддаг үндсэн зарчим нь ямар байдаг бол?
- Тамирчид эхний удаа 60 сум бууддаг. Тэндээсээ хамгийн цөөн алдаж буудсан шилдэг найман тамирчин финалд шалгарч медалийн төлөө өрсөлдөнө. Энэ шатанд өмнөх буудлага ямар ч нөлөө байхгүй, найман тамирчин бүгд 10 сумаа буудаад, дараа нь хоёр, хоёр сум буудаад хасагдах нь хасагдаад, алтан медалийн төлөө хоёр тамирчин үлдэж нийт 24 сум бууддаг.
- Та хоёрын оролцдог хийн буудлага гэж яг ямар төрөл юм бэ. Энгийнээр тайлбарлаж өгвөл?
- 10 метрийн зайнаас өндөр даралттай хийн буугаар буудаж байгаа онохыг хэлнэ. Ингэхдээ голцуу тугалган сум ашигладаг. Байн дээрх 10 онооны цэг нь балаар нэг удаа хатгаад авсантай адил жижигхэн хэмжээтэй байдаг. Тэр цэгийг аль болох голлож онохыг бодно, тэгж оновол хамгийн дээд оноо нь 10.9. Харин энэ цэгийг хальт шүргэх юм бол 10 оноо авдаг дүрэмтэй.
- Орон нутагтаа бэлтгэл сургуулилтаа хэрхэн хангаж байна? Стандартын талбай, орон зайн бололцоо ямар байдаг вэ?
- Хүүхдүүд нэг дор олуулаа хичээллэдэг учраас зай талбай хүрэлцэхгүй үе бий. Бид нарын хичээллэдэг буудлагын газарт (тир) нэг удаа буудахад дөрвөн хүн зэрэгцээд зогсох боломжтой. Тэгэхээр бие биенийгээ хүлээж, ээлжилж буудах хэрэгтэй болдог. Сүүлийн үед олон улсын тамирчид түгээмэл ашиглаж буй электрон бай манай аймагт байхгүй. Ер нь өртөг өндөртэй спорт учраас хүүхдүүд санхүүгийн асуудлаас болж дундаас нь гарчихдаг.
Тамирчин найзууд болон багшийн хамт.
- Та хоёрын хувьд зардал мөнгөө яаж шийддэг вэ?
- Сэлэнгэ аймгийн буудлага спортын холбооны удирдах зөвлөлүүд маань их тусалж дэмждэг. Гэхдээ бид хоёр аав ээждээ туслаад, зундаа ногоо тарьж, тэмцээнд оролцох зардлаа олдог.
- Гэр бүлийнхэн нь энэ спортоор хичээллэхэд хэр дэмжиж байна, хичээл сургууль орхигдох тал бий юу?
- Аав ээж хоёр маань урамшуулж дэмжсэн үг байнга хэлдэг. Хэрэгтэй зүйлийг маань ч авч өгнө. Бид хоёр өсвөрийн тамирчид учраас насанд хүрэгчидтэй нэг ангилалд оролцож болдог юм. Тийм болохоор оролцох тэмцээн харьцангуй их, тэмцээнд олон хоногоор явна. Тэгэхээр хичээл ном орхигдож, дараа нь нөхөж үзэхэд жаахан төвөгтэй болдог. Ялангуяа буудлагын дасгалын олон төрөлд оролцох болохоор бараг долоо хоногоор чөлөөлөгддөг юм. Тиймээс төлбөртэй давтлагад сууж, хичээлээ гүйцдэг дээ.
- Өнгөрсөн жил Спортын мастер болсон гэсэн. Энэ цолонд хүрэхэд ямар санагдаж байв?
- 2023 оны хоёрдугаар сарын 2-нд болсон “Үнэн” сонины нэрэмжит тэмцээнээс спортын нэгдүгээр зэргээ авсны дараа зургаадугаар сарын 24-нд Баянхонгор аймагт болсон Монголын хүүхдийн наадамд спортын дэд мастер цолоо баталж байлаа. Харин 2024 оны нэгдүгээр сарын 24-нд болсон Холбоодын нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээнээс бид хоёр хоёулаа нэг зэрэг спортын мастер цол авсан. Спортын нэгдүгээр зэрэг нь дэд мастер цолоос 25 онооны зөрүүтэй, харин спортын мастер нь дэд мастераас 10 онооны зөрүүтэй байдаг. Спортын цол зэрэг авсандаа бараг итгээгүй, их баярласан. Нэгдүгээр зэргээс дэд мастер болох явцад цол дагаад бяр гэдэг шиг ур чадваруудаа улам илүү сайжруулахыг хичээх болсон.
- Буудлагын спортоор хичээллээд ямар ур чадваруудыг олж авсан бэ?
- Тэвчээртэй байх, хүнээс үг дуулах, өөрөө өөртэйгөө ажиллах, ухаан санаагаа нэг зүйлд төвлөрүүлж сурах зэрэг олон чадваруудыг сурсан. Өмнө нь байсан чадварууд илүү сайжирч, тодорсон санагддаг. Багш нар, найзууд, ойр дотныхон маань ч энийг хэлдэг юм.
- Буудлагын тамирчин найзуудтай болов уу? Хэр ойр дотно харилцаж байна?
- Улс, бүсийн тэмцээнд байнга оролцдог тамирчид бие биенийгээ харсаар байгаад нэрийг нь ч тогтоогоогүй мөртлөө таньдаг болчихсон байх нь элбэг. Булган аймгийн харьяат, спортын мастер Э.Энххүслэн болон нэгдүгээр зэрэгтэй Б.Анударь, Г.Содбилэг нартай тэмцээний үеэр нэг өрөөнд байрлаж байхдаа танилцаж, сайн найзууд болсон юм байна. Бас Сонгинохайрхан дүүрэг, “Снайпер” клуб, “Төв мэргэн” клубын тамирчин найзуудтай болсон.
Монголын хүүхдийн спортын зуны наадмын үеэр.
- Үлгэр дуурайлал авдаг тамирчин гэвэл?
- ОУХМ О.Есүгэн, ОУХМ Ч.Нарантуяа эгч нараар бахархдаг. Ирээдүйд сайн тамирчин болохын тулд тэд нараас ямар ч үед тайван байж сэтгэл зүйгээ удирдах, хүлээцтэй хандах, даруухан байхыг суралцаж байна.
- Ойрын болон алсын зорилго?
- Спортоороо илүү их амжилт гаргах л гол зорилго маань юм.
- Олон улсын тэмцээнд оролцов уу?
- Олон улсын тэмцээнд оролцож байгаагүй ээ. Цаашдаа тогтмол оролцох зорилготой. Нэг гэрээс хоёулаа явдаг болохоор бүх зардал хоёроор үржигдэж, хөрөнгө мөнгөний асуудалтай их тулгардаг. Гэхдээ одоогоор бид хоёр нийлээд Монголын хүүхдийн наадмаас хоёр алт, нэг мөнгө, Өсвөрийн УАШТ-ээс хоёр мөнгө, хоёр хүрэл, Залуучуудын УАШТ-ээс хоёр алт, хоёр мөнгө, 2024 оны Насанд хүрэгчдийн УАШТ-ээс нэг мөнгө, Холбооны цомын шигшээ тэмцээнээс нэг мөнгө, 2025 оны Холбоодын улсын аваргаас нэг мөнгө, Сэлэнгэ, Орхон аймгийн АШТ, “Аваргын гараа” тэмцээнүүдээс алт, мөнгө, хүрэл медаль авсан байна.
- Ямар мэргэжилтэй болохоор төлөвлөж байна?
- Энэ спортоор хичээллэхээс өмнө Я.Маргадын хувьд сэтгэл зүйч болох хүсэлтэй байсан. Хажуугаар нь гэр бүлийнхээ бизнесийг үргэлжлүүлэн авч явна гэдэг байв. Харин миний хувьд тогооч мэргэжлийг сонирхдог байлаа. Одоохондоо яг мэргэжлээ тогтож сонгоогүй ч юун түрүүнд энэ спортоороо л илүү их амжилт гаргахыг хүсэж байна.
- Та хоёрын өдөр ер нь яаж өнгөрч байна?
- Өглөө хичээлдээ явж, 14 цаг гэхэд тарж гэртээ ирээд өдрийн цайгаа ууж, 14:30 гээд давтлагандаа явдаг. Давтлагаасаа 16:30 цагт тарж, шууд бэлтгэл рүүгээ явна. Энэ удаагийн оролцохоор бэлдэж буй тэмцээнд бид хоёр олон төрөлд оролцох болсон учраас оройны 20, 21 цаг хүртэл бэлтгэлээ хийгээд харьж байгаа. Харин гэртээ хариад даалгавраа хийгээд нэг өдөр маань өнгөрдөг. Цагаа хэмнэхийн тулд аав маань хичээл давтлагаас тарахад байнга хүргэж өгч авч байна.
- Ярилцсанд баярлалаа.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.