Европын холбооны гишүүн орон бүр жил тутам 30 мянган дүрвэгч хүлээн авна
Анд нөхдийн мэдээ
2025-02-10
Жил бүр олон зуун мянган дүрвэгчийн шилжилт хөдөлгөөний улмаас ноцтой асуудалтай тулгардаг Европын холбоо дүрвэгсдийн урсгалыг бууруулж, тэднийг хүлээн авах үүрэг хариуцлагыг гишүүн орнуудад тэгш хуваарилах зорилгоор "Цагаач болон дүрвэгсдийн шинэ хэлэлцээр"-ийг эцэслэн баталжээ. Хэлэлцээр Европын парламентаар эцэслэн батлагдсаны дараа 2026 оноос хэрэгжиж эхлэх юм. Өнгөрсөн 8-ны өдөр Европын зөвлөл мэдэгдэхдээ, 27 гишүүн орон уг хэлэлцээрийг зөвшөөрөн баталсныг дурдаад, Итали, Грек, Герман зэрэг дүрвэгсдийн ачаалал харьцангуй өндөр орнуудаас гадна бусад гишүүн орон жил бүр 30 мянган дүрвэгч хүлээн авахаар болсныг онцолсон байна. Харин дүрвэгч хүлээн авахаас татгалзсан орнууд оронд нь төлбөр төлөхөөр болжээ. Ингэхдээ нэг хүнд 20 мянган евро байхаар тооцож, уг мөнгийг Европын холбоонд хандив хэлбэрээр төлөх, эсвэл дүрвэгсдийн эх оронд бараа бүтээгдэхүүн, дэд бүтцийн дэмжлэг үзүүлэхээр тусгажээ. Энэ нь 1990 онд гарын үсэг зурж, 1997 онд хэрэгжиж эхэлсэн “Dublin Convention” тогтолцоог орлох аж. Харин 2010-аад оноос хойш Ойрх Дорнод, Африкт мөргөлдөөн нэмэгдэхийн хэрээр дүрвэгсэд хүлээн авч буй орнуудын үүрэг хариуцлага, ачаалал нэмэгдсэн тул гэрээг шинэчлэх шаардлага урган гарсан байна. Газар дундын тэнгисийн Грек, Итали, Испани зэрэг газарзүйн хувьд ойрхон орнууд дүрвэгсдийн тоог хязгаарлахын тулд далайгаар ирсэн хөлөг онгоцыг хүчээр буцааж, дүрвэгсдийг зайлуулах аргыг ил тод хэрэгжүүлж эхэлснээр зөвхөн өнгөрсөн онд Африкт 2000 гаруй дүрвэгсэд нас барсан байна. Энэхүү шинэ гэрээ нь гишүүн орнуудын ачааллыг дахин хуваарилах замаар хөнгөвчлөх зорилготой юм. Нөгөө талаар гишүүн орнуудын байр суурь зөрүүтэй хэвээр байна. Тухайлбал энэхүү хэлэлцээрийг эсэргүүцэж байсан Польшийн ерөнхий сайд Дональд Туск Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйентэй уулзах үеэрээ "Бид Украины олон тооны дүрвэгсдийг хүлээн авч байгаа тул нэмэлт ачаа үүрэх боломжгүй” хэмээгээд дүрвэгсдийн гэрээнээс татгалзаж байгаагаа мэдэгджээ. Үүний хариуд Урсула фон дер Ляйен "Польш бол Украины хамгийн олон дүрвэгчийг хүлээн авсан улс гэдгийг бид мэднэ. Энэ бол хүндэтгэх ёстой шалтгаан" гэжээ. Тэгвэл Европын холбооны Дотоод хэргийн комиссар Й.Йоханссон "Гэрээ гишүүн бүх оронд адил хамаарна. Хэрэв дагаж мөрдөхгүй бол хуулийн дагуу арга хэмжээ авах болно" гэж мэдэгджээ. Эцэст нь хэлэхэд шинэ гэрээгээр Европын холбооны гишүүн орнууд жилд дор хаяж 30 мянган дүрвэгч хүлээн авах эсвэл, мөнгөн төлбөр төлөх гэсэн хоёр зарчим үйлчлэхээр болж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.