images

Гадаадын иргэдийг албадан гаргасан Д.Трампын шийдвэрийг Холбооны шүүх түдгэлзүүлэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-03-17


   Дэлхийн II дайнаас хойш анх удаа Дайсагнагч орны иргэдийг албадан гаргах тухай хуулийг (AEA) хэрэглэсэн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрийг Холбооны шүүх түдгэлзүүлэв. Тодруулбал, Вашингтон хотын Холбооны шүүхийн ерөнхий шүүгч Жэймс Восбург өнгөрсөн 15-ны өдөр гадаадын иргэдийг албадан гаргах шийдвэрийг хүчингүй гэж үзэн, түр зогсоохыг Засгийн газарт үүрэг болгосон байна. Шүүгч Ж.Восбург "Дүрвэгсдийн хорих газарт хоригдож байсан Венесуэлын таван иргэний гаргасан нэхэмжлэл болон өргөдлийг хэлэлцэх хугацаа олгох зорилготой" гэж энэ шийдвэрээ тайлбарлаад "Тэдгээр хүмүүсийг тээвэрлэсэн онгоц хөөрөх гэж байгаа, эсвэл замд гарсан байсан ч тэднийг АНУ-д буцааж авчрахад шаардлагатай бүх арга хэрэгслийг ашиглах ёстой” гээд, шүүхийн шийдвэрийг нэн даруй биелүүлэхийг үүрэг болгосон байна. Шүүгч цахим шүүх хурал эхлүүлж, нэхэмжлэлийг хэлэлцэж эхлэх үед тухайн таван иргэнийг тээвэрлэсэн онгоц Харлинген хотын нисэх онгоцны буудлаас аль хэдийнэ хөөрсөн байсан тухай “The Politico” сонин мэдээлжээ. Улмаар шүүхийн шийдвэр гарах үед онгоц аль хэдийнэ хүрэх газартаа очсон байсныг тус сонин онцолсон байна. Шүүгч Дайсагнагч орны иргэдийг албадан гаргах тухай хууль (AEA) тэдгээр иргэнийг албадан гаргах шийдвэрийн хууль ёсны үндэслэл болж чадах үгүйг авч хэлэлцэх төлөвтэй байна. 1798 онд батлагдсан энэ хууль нь АНУ-ын иргэний харъяалалгүй болон бусад гадаад орны иргэдийг шүүх ажиллагаа болон энхийн цагт үйлчилдэг бусад журамгүйгээр баривчлах, албадан гаргахыг зөвшөөрдөг ажээ. АНУ-ын Засгийн газар уг хууль хэрэгжиж эхэлснээс хойшхи 227 жилийн хугацаанд зөвхөн гурван удаа хэрэгжүүлсэн бөгөөд 1945 онд Дэлхийн II дайнаас хойшх 80 жилийн хугацаанд огт ашиглаж байгаагүй гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.