images

Польш болон Балтийн гурван орон ОХУ-ын цэргийн заналхийллээс сэргийлсэн алхам хийв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-03-19


   НАТО-гийн зүүн фронтод хамаарах Польш болон Балтийн гурван улс ОХУ-ын зүгээс цэргийн заналхийлэл ирэх магадлалтай гэж үзэн, явган цэргийн эсрэг мина хэрэглэхийг хориглох Оттавагийн гэрээнээс гарахаа мэдэгдлээ. Тус улсын Батлан ​​хамгаалахын сайд нар 18-ны өдөр хамтарсан мэдэгдэл хийж "Бид Оттавагийн хэлэлцээрээс гарахаар санал нэгдсэн. Энэ нь нэг талаар газар нутаг, эрх чөлөөгөө хамгаалахын тулд бид шаардлагатай бүх арга хэмжээг авна гэсэн сануулга" гэжээ. ОХУ-тай 1300 км газраар хиллэдэг Финланд улс мөн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард оросууд явган цэргийн зориулалттай мина ашигласан гэх үндэслэлээр дээрх гэрээнээс гарах талаар хэлэлцэж байгаагаа мэдэгдсэн. 1997 онд батлагдсан Оттавагийн конвенцид явган цэргийн эсрэг мина хэрэглэх, нөөцлөх, үйлдвэрлэх, шилжүүлэхийг хориглож, булсан мина устгахыг тусгасан байдаг. Уг конвенцийг 164 орон соёрхон баталсан ч АНУ, Орос, Хятад, Энэтхэг, Пакистан, Хойд болон Өмнөд Солонгос улсууд нэгдээгүй ажээ. Польш тэргүүтэй дээрх дөрвөн орон явган цэргийн эсрэг мина устгах тухай конвенцоос гарсан ч энгийн иргэдийг хамгаалах олон улсын хүмүүнлэгийн хуулийг чанд сахин биелүүлнэ гэдгээ мэдэгджээ. Эдгээр дөрвөн орон батлан ​​хамгаалах зардлаа дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувьд хүргэхээр төлөвлөж байгаагаа саяхан зарласан нь Европтоо хамгийн өндөр үзүүлэлт юм. Тухайлбал, өнгөрсөн онд Польшийн батлан ​​хамгаалах зардал ДНБ-ий 4.12 хувьтай тэнцэж байсан нь НАТО-гийн гишүүн орнуудын дунд хамгийн өндөр үзүүлэлт аж. Цаашлаад Эстони 3.43 хувь, Латви 3.15 хувь, Литва 2.85 хувь хүрсэн нь НАТО-гийн тогтоосон зорилтот 2 хувийг хол давжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.