images

Т.Есөн-Эрдэнэ: Бали арлаар баахан явсан минь

Б.Бадамзул

Сайн хүн явснаа

2022-11-21


Манай өнөөдрийн “Сайн хүн явснаа” буланд Хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүл зүйн багш Т.Есөн-Эрдэнэ Индонезийн Бали арлаар аялсан сонин сайхнаа хуваалцлаа. АНУ-ын Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгээс зохион байгуулсан сургалтад багаараа хамрагдахын сацуу энэ үзэсгэлэнт арлаар аялах завшаан түүнд тохиолджээ.  

Хангарди хэнийх вэ?

     Миний хувьд өмнө нь Америк, Европт суралцаж, аялж байсан ч далай хараахан үзээгүй явсаар анх удаа үзсэн минь энэ. “Далай  хараад гуниг төрөхгүй бол чамд найдвар алга” гэж үг бий. Надад бол найдвар байна гэж бодсон шүү. (инээв) Ялангуяа шөнөөр түрлэг нэмэгдэхэд хүн харгүй эзгүйрсэн эрэг дээр хясаа, явуу тэргүүт элдэв амьтан, шувууны болов уу жижиг яс эрэг дээр шидэгдсэн үед алхаж явахад гунигтай мэдрэмж төрдөг юм билээ. Далайн эргээс холгүй “Sheraton” зочид буудалд байрласан юм. Анх очсон өдөр далайн чимээнд нойр хулжаад шөнө дундаас хойш унтсан. Давлагаан дунд сёрфинг дээр тэнцэж тэмүүлсэн залуус, бүсгүйчүүд харагдана. Эргээр алхаж явахад тавь алхаад л уугуул залуу эр гүйж ирнэ. Зассан ширээ, сандалдаа сууж уухыг урина, сёрфинг тавцан түрээслэхийг санал болгоно. Тавцангаар гулгаж чадахгүй бол “Би заагаад өгье, багш чинь болъё” гэнэ. Аялал жуулчлалын томоохон төв учраас үзэж харах зүйл ихтэй. Барилга байшин, хана хэрмийн хийц нь хиндү шашны бэлгэдэл дурсгал арвин. Гаруда буюу манайхаар хангарди шувууны баримал хэд хэдэн удаа тааралдсан. Буцахдаа Индонезийн нисэхийн “Garuda Airlines” компаниар үйлчлүүлсэн тул манайхны дөрвөн хүчтэний нэг гэгддэг, бас нийслэл хотын маань бэлгэдэл болох хангардийг манай юм гэж хэлэхэд хэцүү болчхов уу гэж бодсон.

Үзэх юм үй түм

     Зочид буудлаас 100 хүрэхгүй метр яваад далайн эрэг, “Hard Rock Cafe Bali” гэхчлэн амьд хөгжимтэй олон баартай. Өдөр нь хичээлтэй, хоёр орой ойр зуур олон газар явж амжаагүй тул далайн эргээр алхаж, ойрхон хөгжим нүргэлэх “Hard Rock Cafe”-д очсон. Алдарт гитарчин Жо Сатрианигийн барьдаг “Ibanez” фирмийн гитар барьсан даруухан залуу тоглоно гэдгийг үзүүлж өгч байв. Аялал жуулчлал гол орлого нь тул дуу хуур сайтай хүмүүс юм билээ. Дуучид нь ч, хөгжимчид нь ч сайхан тоглодог. Балид ирсэн хүний заавал үзэх тэдэн зүйл гэх мэтийн бичигтэй танилцуулга барьсан эрчүүд гудамжинд их тааралдана. Хиндү шашинтай хүмүүс олон тул алгаа хавсарч ёслох үйлчилгээний ажилтнуудаас очих газар, үзэх сонин сайхныг асуухад дуртайяа тайлбарлаж өгнө. Машинаар явахад хэдэн цаг зарцуулах учраас “Диваажингийн хаалга” гэх мэт жуулчдын хамгийн их очдог газрыг нь зорьж завдсангүй. Тэгээд ч далайн эргийн хэрэм хаалганууд бүгд тэр хаалгатай адилхан хийцтэй, очоод олон хүнтэй дугаарлаж зогсохоосоо ч төвөгшөөсөн хэрэг. Томоохон хөшөө дурсгал гэвэл “Garuda Wisnu Kencana” хэмээх аварга том хөшөө байна. Өнөөх хангарди шувуунд зориулсан дурсгалын хөшөө. Нэлээд том учраас арлын эргээрх худалдааны төвийн дээврээс ч харагдана. Нэгэн сонирхолтой газар үзсэн нь “Upside down world” гэж орчин үеийн интерактив гэрэл зургийн газар байсан. Тавилгууд нь таазанд байрласан учраас зураг авхуулаад эргүүлж харвал жингүйдэж яваа хүн шиг харагдана. Үзэгчээс нэлээд ур чадвар шаардах интерактив үзвэрийн газар байна лээ.

“Upside down world” -д зургаа авахуулсан нь.

Монгол ховор газар

     Хамт очсон багийнхантайгаа дэлгүүр хэсч яваад нэг хоёр удаа монголчуудтай тааралдсан (дэлгүүрийн үүднээс хэдэн минутын өмнө салсан)-ыг эс тооцвол монгол хүнтэй тааралдаагүй ээ. Байрлаж байсан зочид буудал маань Кута эрэг гээд нэлээд хөл ихтэй газар. Далайн эрэг дээр шар айраг зардаг залуутай нэг удаа нэлээд орой болтол ярилцаж, үйлчлүүлж суухад анх удаа монгол хүнтэй уулзаж байна гэнэ лээ. Мөнгөн тэмдэгт цуглуулдаг учраас монгол мөнгө асууж байсан. Маргааш нь түүнд 500 төгрөг өгсөн. Тэндхийн хүмүүс бали болон индонез хэлээр ярьдаг юм билээ. Миний хувьд хаа ч явсан англи хэлээр ойлголцоод явсан.

Хоол нь сайхан, жимс нь хямд

     Огт үзэж хараагүй хэлбэр дүрстэй ургамал ногоо байвал болгоомжтой гэгч нь амсаж үзнэ. Хамт хооллож байсан гаднын хүмүүс “Энэ халуун юм байна шүү” гэж хэлнэ. Гэхдээ хоол таалагдсан. Бас бүх төрлийн жимс хямд бөгөөд амттай. Жимсний мөстэй шүүс шүүрч аваад бүгчим халуунд гаднаас орж ирээд уухад янзтай. Манго жимсний эх орон гэж хэлэхийг сонссон.

   Далайн эргээр ихэвчлэн үнэтэй зочид буудал байна. Гэхдээ боломжийн үнэтэй хостелууд байдаг гэсэн. Чийглэг дулаан уур амьсгалтай, цэл ногоон ургамал бүрхсэн гудамжнууд. Манайхаас эсрэг урсгалтай тул замаар гарахад эхэндээ эвгүй. Явган хүний замаар явахдаа ч бас зүүн гарын дүрэм барьж явах нь эхэндээ сонин байсан шүү. Ийм улсад өмнө нь очиж байсангүй.

      Баян хоосны ялгаа их юм байна гэж ажиглалаа. Шашны зөрчилдөөн байдаг тул гудамжинд ямар нэг байдлаар түрэмгий зан хандлага харах болов уу гэж болгоомжилж байв. Гэвч тийм зүйл тохиолдсонгүй. Жуулчдад их найрсаг улс юм. Үл хөдлөх хөрөнгийн үнэ өндөр, дээр нь эрүүл мэндийн даатгал хувийнх тул үйлчилгээ, үнэ бас л өндөр гэж дуулдав. Оройн цагаар гудамжаар алхаж явахад мопед унасан залуус хажууд зогсоод мопед авах уу гэж дохиж занган харуулах атлаа амаараа бол “Бүсгүйчүүд байна шүү, марихуан, мөөг байна..” гэж өднө.

Эрэг дагуух ресторанд Индонезийн mie goreng гэх шарсан гоймонтой хоолыг "Bali hali" шар айргийн хамт зооглосон нь.

Жимбо юу ярив?

     Шөнийн далайн эргээр нэлээд алхаж яваад бараг хүнгүй шахам буланд очоод шар айрагны наймаачин залуутай ярилцаж суухад бидэн шиг л залуу хүн, амьдралын төлөө өөдрөг яриа сонсогдоно. Тим Жимбо хэмээх тэр залуутай ярьж суухад хоёр охинтой, тэднийгээ эмч болгохын төлөө зүтгэж байгаа гэж хэлэв. Эхнэр, охид нь нөхрийнхөө ажилд тусалдаг уу, эсвэл тэр орой тэгж таарсан уу мэдэхгүй юм, нэг охин нь сандал дээр хэвтээд утас үзэж харагдана. Тим нэлээд яриа хөөрөөтэй залуу байсан тул хамт явсан сэтгүүлч Г.Даваадорж бид хоёрыг “Та хоёр “Их-20”-ын уулзалтад ирсэн үү?” гэж асуухад нь би “Баярлалаа” гэж мушийснаар бид ойлголцсон бололтой инээлдээд бас бус зүйлийг цааш нь орой болтол ярилцлаа.

Балид танилцсан залуу Тим Жимбогийн хамт.

Шашнаас болж шалгуулав

     Индонез улс шашны хуваагдал, зөрчилтэй улс. Хэдхэн жилийн өмнө террорист халдлагын улмаас яг энэ арал дээр дэлбэрэлт болж 200 гаруй хүн нас барсан эмгэнэлт явдал болж байв. Зочид буудал руу ороход автомашиныг шалгаж оруулна. Буу барьсан цэргүүд зогсож байдаг юм билээ. Автомат буутай тав зургаан эр машины цонх буулгуулж өнгийхийг харах эвгүй байсан шүү. “Их-20”-ын уулзалт биднийг очихтой таарсан учир ингэж байгаа юм уу гэтэл энэ нь ердийн л үзэгдэл гэж байна лээ. Томоохон худалдааны төв, зочид буудлын явган хаалгаар ороход хүртэл цүнх онгойлгож шалгаж байсан.

Бэлгэтэй бэлэг авав

     Хэлэхэд хэцүү юм. Гэхдээ эрэгтэй хүний бэлгэ эрхтэний дүрслэл бүхий бэлэг дурсгал гудамжаар их тааралдана. Тийм хэлбэртэй пиво онгойлгогч авах уу, байх уу гэж хэсэг эргэлзэж байснаа өөртөө авсан. Бас тийм хэлбэртэй түлхүүрийн оосор хүмүүст өгөх санаатай хэд хэдийг авсан. Худалдаж авах гээд бичүүлж зогсоход өөрт минь хөгжилтэй санагдсан.

     Аялал жуулчлалын томоохон төв учраас дэлхийн томоохон брэндүүд бүгд эргийн томоохон худалдааны төвүүдэд бий. Индонез улс “Их-20”-ын нэг учраас худалдаа, үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарууддаа түшиглэсэн томоохон эдийн засагтай улс гэдэг нь ойлгомжтой. 100 ам.доллар солиулахад 1.5 сая орчим индонез рупи болно. Дундаж рестораны хоол 80 орчим рупи. Тэгэхээр боломжийн үнэ юм. Сайн даавуутай, шинэ загварын хувцас, сайн чанарын модоор хийсэн бэлэг дурсгалын зүйлс гээд авч болох зүйл их.

     Зочилж сурсан улс байх, аялал жуулчлал нь олон хүний амьжиргаа залгуулах эх үүсвэр учраас аргагүй байх. Гэхдээ хаа газар монжих сонжих гэсэн үйлдэл байдаг хойно. Булан тойроод л хоёр нугарсан хямд үнэ гэдэг ч юм уу зүйл тохиолдоно.

Аяны ганзага дүүрэн

    Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах талын хүмүүст сургагч багшаар ажилладаг хүний хувьд америкчуудын зохион байгуулсан workshop-оос сурсан, сонссон зүйлс юун түрүүнд аяны олз болох байх. Уран зохиолд дурлагч, шүлэг бичдэг болохоор -20 хэмээс +30 руу очиж, Энэтхэгийн далайн эргээр ганцаар болон зам нийлсэн хүмүүсийн хамт алхаж, арлын иргэдийн амьдралын танил биш хэмнэлд автан явах мэдрэмж хэсэгтээ мартагдахгүй байх. Олон өнгийн хүмүүс аялж зугаалдаг энэ газраас хэдхэн өдрийн өмнө Улаанбаатарын мөстсөн замаар жолоо барьж явсныг эргэцүүлэхэд бас л сонин.

     Эндээс явахаас хэдхэн өдрийн өмнө Харүки Мүракамигийн “Хилийн дээснээс урагшхан, алтан нарнаас баруунтаа” романыг уншсан юм. Буудалдаа байхдаа “Kindle” дээрээс өөрт таалагдсан хэсгүүдээ англиар дахин хэсэг харсан. Яагаад ч юм хоёр шүлгийн ном авч явсан нь “Төмөр сар” хэмээх хятад яруу найргийн түүвэр, галзуу солиотой, сонирхолтой яруу найрагч Д.Галсансүх ахын “Хагас реалист шүлгүүд” хэмээх номыг авч явсан. Сар заримдаа төмөр шиг, эрэг боолт шиг хүйтэн хатуу байж болох тухай хятад ажилчин эрийн шүлэг, шүлэг бичмээр санагдвал хамаг юмаа хаяад тэр өдөртөө хаашаа ч юм алга болоод өгөх хэрэгтэй тухай Галсансүх найрагчийн шүлэг одоо бодоход сэтгэлд тод үлдсэн байна. Далайн эргийн тухайд хувьдаа тэмдэглэл байдлаар хэдэн хуудас зүйл тэмдэглэж ирсэн. Тэрийгээ аяллын олз гэж болох юм байна.

     Мөн өөр нэг тэндээс авч болмоор санаа гэвэл, дээр дурдсан “Upside down world бүтээлч зургийн газар байна. Манай хотод ийм догь үзвэрийн газар юусан билээ гэж бодсон шүү.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.