images

Би Монгол эх оронтой солонгос хүн


Суут хөгжмийн зохиолч Лувсанжамбын Мөрдоржийн гэргий Мөрдоржийн Далайцэцэг туулж өнгөрүүлсэн амьдрал, Монгол улстай хувь заяагаа хэрхэн холбосон тухай, агуу хөгжмийн зохиолчтой өнгөрүүлсэн эгэл бус амьдралынхаа талаар 1997 онд ийн хуучилж байжээ.

   "Би солонгос үндэстэн. Тодорхой хэлбэл, Хойд Солонгосын Бүгдо аймгийн Жим сөн нутгаас гаралтай. Аав маань хувьсгалын хэрэгт оролцож Японы түрэмгийлэгчидтэй тэмцэж явсан. Япончууд Солонгосыг эзлэх үеэр арга буюу Хятадад гарч толгой хоргодох болсон юм билээ. Ингэж манайх хувь заяаны эрхээр Харбинд суух болсон юм. Би 1930 оны 12 дугаар сарын 13-нд Харбинд төрсөн. Би чинь нэг олдсон овог нэрээ дөрвөн удаа өөрчилсөн хүн дээ. Эцэг эхээс хайрласан нэр минь Хэ Хуа боловч хятад ханзанд оруулахдаа Ай Хуа болсон. 1938 онд япон сургуульд орохдоо Иве Модо Ханого нэр авсан. Хожим монгол хүнтэй ханилаад Хэ Хуа нэрээ монголчилж Далайцэцэг нэртэй болсон доо. Намайг багад Харбин хотод ёстой далан хэлийн хүмүүс амьдардаг байлаа. Хувьсгалаас дүрвэсэн цагаан оросууд зонхилдог байсан юм. Миний бага нас ядуу зүдүү байгаагүй. Аав Харбинд ирүүтээ орос айлаас хоёр өрөө байр хөлслөн авч, бас хотоос зайдуу ажилчин хөлсөлж цагаан будаа тариалдаг байсан юм. Ээж одоогийн яриагаар бол ганзагын наймаачин, үйлдвэрээс хямд торго авч хөдөө гаргаж зарна. Олсон мөнгөөрөө хувийн хувцасны үйлдвэр нээж явсан үе бий. Манайхан гэр бүлээрээ япон нэртэй, япон паспорттой болсон. Би бага сургуульд зургаа, дунд сургуульд гурван жил сурсан. Харбинд Японы Квантуны арми байрладаг байсан ч хэн нэгнийг хүчирхийлж доромжиллоо гэх яриа дуулдаж байгаагүй. Чөлөөлөх дайны үед би 16 нас хүрсэн байсан бөгөөд тэнд сүйдтэй их тулаан болоогүй. Хааяа нэг хүүхэн булаалдаж буудалцсан оросуудыг эс тооцвол буун дуу гараагүй. Нэг өглөө Оросын цэргүүд орж ирсэн нь Харбиныг хамгаалах зорилготой байсан юм билээ. Харбины захад байсан Квантуны арми ч бууж өгсөн гэж дуулдсан.

   Намайг 12 настайд аав минь өөд болсон. Ээж гурван хүүхдээ аваад нутгаа бараадахаар шийдэн 1946 онд Солонгосын хил дээр очсон ч Хятад улс биднийг хил гаргалгүй буцаасан. Ингээд солонгосууд бөөнөөрөө Хятадын Жилин хотод амьдрах болсон. Энэ үеэс л амьдрал хүндэрсэн дээ. Ёстой л ядарч үзээгүйгээ үзсэн. Яагаад ч юм, ээж надад ажил хийхийг зөвшөөрдөггүй байлаа. Ээж өөрөө хятадуудын тарианы талбайд өдөржин зэрлэг зулгааж ганц юанийн орлоготой ирдэг. Түүгээр нь чимх улаан буудайн гурил, бага зэрэг жан аваад давс хийн буцалгаад шүүсээр нь амь зогооно доо. Гэхдээ би тэр үеийн ядуу зүдүү амьдралдаа гонсойж явсангүй. Эцэст нь би ядуу зүдүү амьдралаас гарахын тулд ээжтэй зөрсөөр байгаад эмнэлэгт асрагчаар ажиллах боллоо. Бас ч болоогүй, сард 25 юанийн цалин авна. Анхныхаа цалингаар ээждээ давгүй сайн шаахай нэгийг авч өгөхөд их л баярлаж байж билээ. Эмнэлгийн асрагчаар сайн ажилласан тул намайг сестра болгож, улмаар бага эмчийн мэргэжилтэй болгосон юм.

Залуу нас, хайр сэтгэл минь намайг урьд өмнө нь дуулж байгаагүй Монголд авчрав

   Залуудаа би чинь давгүй сайн бүжиглэчихдэг байлаа. Нэг өдөр нийтийн бүжиг дээр Жилин хотын Соёлын ордны дарга “Маргааш монгол нөхөд манай бүжгэнд оролцоно. Та бүхэн сайхан хувцаслаж ирээрэй” гэж зарлав. Маргааш нь бүжгэнд ирлээ. Харбин, Шанхайн цаасны үйлдвэрт мэргэжил эзэмшихээр ирсэн гэх хэдэн монгол залуу бүжигт оролцов. Үсээ урт ургуулж хойш самнасан, өргөн өмдтэй, урт пиджактай, ази царайтай залуус их содон харагдаж байлаа. Тэдний дунд нуруугаар намхан ч, давхраатай алаг нүдтэй, европорхуу төрхтэй нэгэн залуу их содон харагдаж билээ. Надтай хөл нийлж бүжиглэсэн тэр залуу миний анхны нөхөр болсон Н.Банзрагч байсан юм. Бид хамт амьдрахаар шийдсэн. Намайг Монгол руу явахад олон хүн дургүйцэж байв. Миний тухай бөөн яриа болж байлаа. Зарим хүн Далайцэцэг баян залуу дагаад гадаад явах гэнэ гэж хүртэл ярьсан гэдэг. Би тэр бүх яриаг огтхон ч тоогоогүй. Харин намайг монгол хүний эхнэр болно гэхэд Монголыг мэдэхгүй хэрнээ ээж минь огтхон ч дургүйцээгүй юм шүү. Гэрлэлтээ батлуулах болоход Банзрагчаас "Монголд эхнэр хүүхэдгүй" гэсэн баталгаа авч ирэхийг шаардсан. Тэрбээр Монголоос бичиг авч ирж байж бид гэр бүл болсон юм. Ингээд л би 1958 онд анх Монголд ирээд гэр бүлийн хүнээ дагаж Сүхбаатарын цаасны үйлдвэрт очсон доо. Том хүүгээ гэдсэндээ тээж Монголд ирсэн юм. Хүү Энхтайван төрсний дараа жил охин Энхтуяа минь мэндэлсэн. Айлын эхнэрийн хувьд “Сайн байна уу?, Та суу. Цай уу” гэдэг хэдэн үгээр монгол хэл сурч эхэлсэн. Гэвч миний эхний амьдрал бүтэлгүй болсон доо.

   1961 онд хоёр хүүхэдтэйгээ Улаанбаатарт ирсэн. Нэг солонгос найзындаа хоёр сар амьдраад Монгол улсын иргэн болж, улмаар Төв шуудангийн гадаад хэлтэст ялгагчаар ажиллах болов. Тэнд байхдаа л монгол хэлэнд арай дөртэй болсон доо. Тухайн үед Төв шууданд эрлийз хүүхнүүд их ажилладаг байв. Тэдэнтэй хааяа хятадаар ярихаар дарга загнадаг байж билээ. Эхний амьдрал бүтэлгүйтэхэд нутаг буцъя гэж бодох үе байсан. Паспортын хэлтэс дээр очтол “Та явж болно. Харин хүүхдүүд чинь Монголын иргэн тул явуулахгүй” гэсэн. Ингээд л би Монголд амьдрахаар зориг шулуудлаа. Тэгээд ч солонгос хүн нэг удаа хадамд гарсан бол эргэж төрхөмдөө очихыг цээрлэдэг бичигдээгүй хуультай. Амьдралын бэрхшээлээ ээжээсээ тас нуусан. Захиандаа дандаа л болж байна, бүтэж байна, сайхан амьдарч байна гэж бичдэг байлаа.

   1971 онд Чимиддоржийн эхнэр бид хоёр Төв шууданд хамт ажилладаг байлаа. Тэр үед Л.Мөрдоржтойгоо танилцсан. Нэг өдөр найзындаа зочилтол Мөрдорж маань тэнд ирчихсэн, халамцуухан сууж байлаа. Тэр шууд л надтай амьдаръя гэдгээ хэлсэн. Сонин шүү. Аав маань ээжээс 12 насаар ах, Мөрдорж маань надаас бас 12 насаар ах байсан. Бид сайхан амьдарсан. Гэхдээ хүний амьдрал дандаа толь шиг байдаггүй. Амьдрал эхэндээ хэцүү байсан үе ч бий. Өвгөн хааяа сархад хүртэнэ. Тэр үед нь энэ хүнтэй хэрэггүй л амьдралаа холболоо гэх бодол төрнө. Аргаа бараад нэг удаа мэргэлдэг хүн дээр очлоо. Үзүүлтэл “Хүү минь чи нөхрөөсөө бүү сал. Чиний заяаны хань байна” гэж хэлсэн. Үнэхээр ч бид амьдралын сайн сайхныг амталж чадсан. Манай хүн хөгжим зохиохын төлөө л төрсөн юм шиг хүн байсан. Гэр орны ажилд оролцож явсангүй. Ямартаа л би хааяа цухалдахдаа “Чи шувууны мөр зурахаас цаашгүй” гэж хэлдэг байж билээ. Хөгжмөө гэртээ бичнэ. Нэг суухаараа архи амсана гэж үгүй. Ямар ч хоол хийгээд дэргэд нь тавиад урамгүй. Түүнийг нь ойлгоод “Хоол идье” гэж хэлэхээс нааш өмнө нь хоол тавихаа больсон. Хэдийгээр миний өвгөн дуу цөөтэй ч хоёр гурван хундага татахаараа бусдыг хөгжөөж, наргиж чаддаг хүн байлаа. Манайхаар хөгжмийн зохиолчид бишгүй л орж гарна. Зарим хүн амандаа нот уншиж, ширээ тогшиж сууна. Харин манай өвгөн хааяа нэг төгөлдөр хуурынхаа даралтыг дон дон хийлгэж сууна. Тэрбээр хөгжмөө цээжиндээ бичээд ая дан нь тохирч байгаа эсэхийг үзэх гэж ингэдэг байсан юм. “Миний зохиосон хөгжим бусдынхаас арай өөр. Чамд юу гэж тайлбарлах юм билээ” гэдэгсэн. Зохиол бүтээлийг хянадаг байсан үед өвгөн маань бүтээлээ батлуулахаар гарна. Би хойноос нь залбираад үлдэнэ. Оройхон "Батлуулчихлаа" гэсээр орж ирдэгсэн.

   Өвгөн минь намайг "Хоёр хүүхдээ өөрөөр чинь овоглоё" гэхэд “Тэгэлгүй яахав” гэж дуртай зөвшөөрч байсан. Хожим Намсрайжав агсны гэргий нөхрөөрөө овоглосныг дуулаад “Далай чи надаар өөрийгөө овоглочихгүй юу” гэхэд нь би дуртай зөвшөөрч Мөрдоржийн Далайцэцэг болсон юм даа. Тэр өөрийн дутагдлаа мэддэг хүн байлаа. Архи ууж эвгүй зан гаргасныхаа дараа “Далай, өвгөн чинь хэрэг тарьчихлаа” гэнэ. Би тэр үгэнд нь уярна. Талийгаач болохоосоо хэд хоногийн өмнө намайг дэргэдээ суулгаад “Өвгөн чинь залуудаа чамайгаа зовоож явж дээ” гэж давтан хэлж уучлал гуйж байсан. Тэр минь Ардын жүжигчин цол, Сүхбаатарын одон авсныгаа “Чиний л ач” гэхэд нь би их баярладаг байж билээ. Би Монгол эх оронтой солонгос хүн. 1991 онд Монголд амьдардаг дөрвөн солонгос эмэгтэйг Сөүлд 10 хоногийн хугацаатай аялуулсан юм. Бүх юм элбэг дэлбэг сайхан байсан ч хоёр, гурав хоноод л Монголоо санаж байгаа юм. Буянт-Ухаад буухад Монголын салхи хэчнээн амттай байсан гээч. Ингэхээр Монгол миний эх орон. Ээжийнхээ биеийг муудлаа гэж дуулаад 1993 онд Хятадад очиж ээжтэйгээ уулзсан. Тэр бидний сүүлчийн уулзалт байлаа. Ээж минь надад “Гэр бүлийнхээ хүнд охиныг минь сайхан амьдруулсанд баярлалаа гэж дамжуулж байгааг минь заавал хэлээрэй” гэж аминчлан захисан юм. Би ирээд ээжийнхээ захиасыг өвгөндөө хэлэхэд инээмсэглээд өнгөрсөн. Ямар нэгэн зүйл бодсон гэдгийг нь би мэдэрсэн дээ".

“Өнөөдөр” сонин. 1997 оны нэгдүгээр сарын 18. No.013 (051) Б.Нацагдорж.